Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Засаг дарга С.Даваасүрэн удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Засаг даргын зүгээс 11 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 68.8 хувьтай байсныг ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа. Мөн энэ үеэр байгууллагуудын өргөдөл, гомдол, бичгийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг хийж, хугацаа хэтэрч шийдвэрлэхгүй байхад анхаарч ажиллахыг хүслээ.
ЗАЛИЛАХ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГ ӨСЧ, СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЗӨРЧИЛ ИХСЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
Цагдаагийн хэлтэст нийт 57 дуудлага бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй-20, зөрчлийн шинжтэй-37 дуудлага байжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг өссөн бөгөөд өнгөрсөн 14 хоногт 16 хүний жолооны эрхийг хассан байна. Мөн залилах төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИЙГ ИРЭХ САРД ЗОХИОН БАЙГУУЛНА
Онцгой байдлын хэлтэс өнгөрсөн 14 хоногт гал түймрийн 3, аврах ажиллагааны 1 дуудлагаар ажиллажээ. Тухайлбал өнжмөл шар өвс, байрны хогийн бункерийн хог шатсан дуудлагаар ажилласан бөгөөд СӨХ-дыг аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлийг өглөө.
Мөн өнөөдрөөс эхлэн баруун аймгууд, маргаашаас бусад аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга шуурч, байгалийн онц аюултай үзэгдэл болох тул иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг урьдчилан сэргийлж ажиллахыг анхаарууллаа.
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх стратегийн команд штабын сургалтад үүрэг хүлээн томилогдсон нийт албан тушаалтнуудад бэлтгэл ажлыг сайтар хангахыг Засаг даргаас үүрэг болгон бусад иргэдийг тус сургалтад идэвхтэй оролцохыг даалгалаа.
ЗАСАГ ДАРГААС ДАРААХ ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ӨГЛӨӨ
-2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар – Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ын бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох.
-Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/378 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажлын хэсгийг үнэн, бодитой мэдээ, мэдээллээр хангаж, ил тод, нээлттэй, ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэн ажиллах.
-Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, аж ахуйн нэгж байгууллагуудад барилгын чанар, стандартын хэрэгжилтийг хангуулах зөвлөмж хүргүүлэх.
-Дүүргийн хэмжээнд ТҮЦ-нүүдийг цэгцлэх ажлаа эрчимжүүлж, нийтийн эдэлбэр газарт өдрийн худалдаа эрхлэх байршил, ажлын даалгавараа тодорхойлж, дүүргүүдэд хүргүүлж, ажлаа уялдуулан хамтран ажиллах.
-Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах.
-Хүүхэд, залуучуудын хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан гэмт хэрэг, зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын нэгдсэн арга хэмжээг улирал бүр зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
-Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг дүүрэг тус бүрт байгуулж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/243 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэгтэй үйл ажиллагаагаа уялдуулж, ажлын явц, үр дүнг 14 хоног тутамд нийслэлийн ажлын хэсэгт танилцуулж ажиллах.
-Нийслэлийн хотын стандарт төлөвлөлтийн газар, нийтийн болон амины орон сууцны барилга төлөвлөлт, хийц, материалын талаар дүүрэгтэй хамтран ажиллах хүсэлтэй байгууллагууд, орон сууцны барилга барьж байгаа компаниудын төлөөлөлтэй хамтран өдөрлөг зохион байгуулах тул бэлтгэл ажил хангаж ажиллах.
– Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулах бэлтгэл ажил хангах
-Ирэх 05 сарын 04-ний өдөр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал дүүрэгт ажиллахтай холбоотой бэлтгэл ажил хангах.
-Сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлд тухай бүрд хүргүүлж ажиллах.
-Хээрийн цэвэрлэгээ, малын сэг зэм устгах ажлыг зохион байгуулах.
-Иргэдийн Нийтийн Хурлын үеэр иргэдээс гарсан санал хүсэлтийг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн ЭМТ-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт засвар тохижилт хийх шаардлагатай учраас байгууллагын удирдлагуудыг энэхүү асуудалд хамтран хэрэгжүүлэхийг уриаллаа.