Дүүргийн Биеийн тамир, спортын хороо 41 жилийн дараа буюу энэ оны 5-р сарын эхэнд иж бүрэн их засварын ажил эхэлсэн билээ.
Энэ сарын 08-ны өдрийн байдлаар “А” заалны цонхны хэсгийг багасгах, ханын дулаан алдалтыг багасгах, тааз сэргээн засварлах ажлууд хийгдэж байна. Нэг давхарт байрлалтай олон жижиг техникийн зориулалттай байсан өрөөнүүдийг нэгтгэн том танхим болгох зорилгоор хана нураалт, өрөлтийн ажлууд хийгдэж, “Б” заалны шалны цутгалтын ажил өнөө оройдоо хийгдэхээр бэлтгэл хангаад байна.
Гүйцэтгэгч компанийн зүгээс ажил явахад саатах зүйл одоогоор байхгүй, бүх материалын татан авалт хийгдсэн. Ойрын хугацаанд буюу маргаашаас “А” заалны шилэн блок суурилуулах ажил хийгдэж, ханын өнгө шавардлагын ажил эхэлнэ. Удахгүй энэ ажлуудын араас А заалны үзэгчдийн суудал, шалны ажлууд, ханын акустик хавтангаар бүрэх ажлууд хийгдэж, мэргэжилтэн, ажилчдын өрөө тасалгаа, кофешоп, фитнесс заал, үүдний хэсэг, нийтийн бие засах газар, тамирчдын хувцас солих өрөө, саун душний засварыг хийхээр төлөвлөж байна.
УИХ-ын сонгуулиар энэ барилгын “А” заалыг ашиглах шаардлагатай байгаа тул ажлын явцад тодорхой бэрхшээл үүснэ. Гэхдээ бид аль болох хугацаа алдахгүй ажиллахаар төлөвлөж байна гэлээ.
БТСХ-ны Биеийн тамирын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ: “А” заалны дулааны шугамыг шинэчлэх шаардлага гарсан. Энэ шугам нь олон тахиралдсан байдал, шугамын элэгдэл өндөртэй учраас солих хэрэгтэй байна. Үүнийг шийдвэрлэхэд 4 сая гаруй төгрөг шаардлагатай байна. Мөн энэ компанийн явцын гүйцэтгэлийн мөнгийг яаралтай шийдвэрлэж, ажлыг саадгүй явуулах талаар танилцуулсан юм.
Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн: Аль болох төлөвлөгөөний дагуу ажлаа чанартай гүйцэтгэх дээр анхаарч, спортын хорооны зүгээс хяналтаа сайтар тавьж ажиллахыг даалган, явцын санхүүжилтийг яаралтай шийдвэрлэж, шугамын асуудлаа комисст хандан шийдвэрлүүлэхийг холбогдох дарга, мэргэжилтэнд уламжлахаар болов. Харин УИХ-ын сонгуулийн санал хураалт эхлэхээс 5 хоногийн өмнө А заалны ихэнх засварыг хийж, иргэдийн сонгох эрхийг хангаж ажиллахыг үүрэг болгов.