МУ-ын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар дүүрэгт ажиллаж төрийн албан хаагчид болон иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж ирэх оны улсын төсвийн талаар мэдээ мэдээлэл өглөө.
Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтад Багануур дүүрэгт баригдаж буй 850 хүний суудалтай Соёлын ордон болон 3-р хорооны сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлыг дуусгахаар нийт 4,3 тэрбум төгрөгийг суулгасан бол шинээр 5-р хороонд Залуус хэсгийн инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн ажлыг эхлүүлэх, 1, 3-р хорооны орон сууцны дундах авто замын шинэчлэл, 4-р хорооны Энх-Өрх өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барихаар төсөвлөсөнг танилцууллаа.
Мөн Налайх, Багануур дүүрэгт хүлэмжийн аж ахуй байгуулах, Багануур, Налайх, Багахангай дүүргийн боловсролын салбарын тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилд нийт 1 тэрбум төгрөгийг суулгажээ. Мөн алслагдсан гурван дүүрэгт орон сууц барих барилгын компаниудад 5 жилийн хугацаанд 50 хувийн татварын хөнгөлөлт олгохоор болсон бол тус гурван дүүрэгт амьдарч буй иргэд ипотекийн 3 хувийн зээлд хамрагдах боломжтой болж, төрийн албан хаагчдын цалин бусад дүүргүүдийнхээс 20-30 хувь нэмэгдэхээр тусгагдсанг энэхүү уулзалтаар танилцуулсан юм.