Багануур дүүргийн МСҮТ 2010 онд сургалтын төвөөр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Өдгөө 7 мэргэжлээр 78 суралцагч сурч байгаа бөгөөд 20 багш ажилчид ажилладаг байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дүүрэгт ажиллах үеэр хувийн өмчийн “Гэрэлт ирээдүй” МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Улсын хэмжээнд 3 хувийн МСҮТ үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь тус төв бөгөөд төрөөс ашиглалтын зардлыг олгодоггүй, хувьсах зардлыг 10 сараар олгодгоос шалтгаалан үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хэвийн тогтвортой үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсдэг талаар төвийн гүйцэтгэх захирал Ц.Батмягмар танилцуулсан юм.
Салбарын сайдын зүгээс мэргэжлийн боловсролын хууль удахгүй хэлэлцэгдэн нааштай шийдвэрлэгдэнэ. Түүнээс гадна Багануур дүүрэг олон үйлдвэр аж ахуйн газар байдаг нь үйлдвэрлэлийн дадлагыг хийх бааз суурь сайтай төдийгүй, төвийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ.
Уулзалтын үр дүнгээр төр хувийн хэвшлийн түншлэлээр тус төвийг төртэй хамтран бодлого үйл ажиллагааг зохицуулалт хийх талаар судлах ажлын хэсгийг байгуулж, газар дээр нь ажиллуулахаар боллоо.