“МонПэн санаачилга” халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд нэвтрүүлж, хэрэгжүүлж буй төсөл юм. Анх 2019 онд МонПэн загвар төслийг Дархан-Уул аймаг, Сонгинохайрхан дүүргийн 16 өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжүүлсний үр дүнд Дархан-Уул аймаг тархины харвалт, нас баралт 1.4 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 2.5 дахин буурсан үзүүлэлт бий.
2021-2022 онд хэрэгжиж эхэлсэн зургаан аймаг, нийслэлийн нэг дүүргийн хүн амын дундах тархины харвалтын шинэ тохиолдлын тоо 1.2, нас баралтын тоо 1.7, зүрхний шигдээсний шинэ тохиолдлын тоо 1.1, нас баралтын тоо 1.2 дахин буурсан байна. Энэ онд Өвөрхангай, Увс, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Баянхонгор, Архангай, Дорноговь болон нийслэлийн Багануур, Баянгол дүүргүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Дүүрэгт төслийн үйл ажиллагаа болон багцын танилцуулга, иргэдэд амьдралын зөв дадал хэвшил төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр чадавхжуулах онол, практик, бүлгийн ажлыг хослуулсан сургалтыг төслийг санаачлагч хамтарсан багууд удирдан зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд сургалт зохион байгуулагч нар болон дүүргийн ЭМТөвийн эмч нар Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэнтэй уулзаж уг төслийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгууллага, ААН-үүдийг уриалж, идэвхижүүлж манлайлж ажиллах мөн халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, амжилттай хэрэгжүүлэх багийг бүрдүүлж ажиллуулахад шаардлагатай зүйлсийн тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүсэж санал бодлоо солилцлоо.
Уулзалтын үеэр оролцсон эмч нарын зүгээс хяналтанд байдаггүй иргэд, өсвөр насныхан болон 18 наснаас дээш насны залуус, шинж тэмдэг бага илэрдэг хүн ам рүү илүү чиглэж ажиллах хэрэгтэй байгааг онцолсон юм.