Сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн тоо өсөж байгаагаас гадна насны хувьд эрс залуужиж байгааг албаны хүмүүс хэлж байна. Тухайлбал, Сүүлийн 6 жилийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 1154 бүртгэгдэж, 1533 хүн сэжигтнээр татагдан шалгагджээ. Уг гэмт хэрэгт холбогдогчийн тоонд насанд хүрээгүй хүүхдүүдэд ч багтаж байгаа юм.
Үүний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас #АНЗААР нөлөөллийн арга хэмжээг МУ-ын хэмжээнд, үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр дүүргийн Төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчдад “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар ЦЕГ-ын, Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц.Дэлгэрхишиг мэдээлэл өглөө.
Мэргэжлийн байгууллагын судалгаагаар хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг өсвөр насны сурагчид ихээр хэрэглэх болсон ба ихэнхдээ найз нөхдөө даган дуурайх, эх сурвалжгүй мэдээллээс шалтгаалан хэрэглэж үзсэн тохиолдол их байдаг байна.
Иймд эцэг эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, ийм төрлийн гэмт хэрэгт орооцолдохгүй байхад нь анхаарах нь хамгаас чухал байгааг албаныхан анхааруулж байна.