Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Уул уурхайн салбарын 100 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Багануур ХК-ийн ахмад уурхайчин, экскаваторын машинч, Гавъяат уурхайчин Гэндэнжавын Отгонпүрэвт Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол олгож, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Гэндэнжавын Отгонпүрэв нь Монгол Улсын уул уурхайн салбарт 33 жил хөдөлмөрлөхдөө эрчим хүчний систем, дулааны цахилгаан станцыг нүүрсээр тасралтгүй хангахад мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж хамт олноо манлайлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмын хэрэгжилтийг бүрэн хангуулж, техник, тоног төхөөрөмжийн үзлэг, шалгалтыг тогтмол хугацаанд нь чанартай хийж, удаа дараа техникийн аюул ослоос урьдчилан сэргийлж, хүний амь болон өмч хөрөнгийг авран хамгаалж, экскаваторын насосын шингэний алдагдлыг багасгах шинэ арга, аргачлалыг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлж, техник, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэн уул уурхайн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.