7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж голын усны түвшин 117 см нэмэгдэж, Үүр гол үерийн аюултай түвшинг 105 см, Тэрэлж гол үерийн түвшинг 55 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Түүнчлэн Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Эг, Хурх, Хэрлэн, Хангай нурууны арын Идэр, өврийн Богд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 см нэмэгдэж, Туул /Босгийн гүүр-Лүн-Заамар/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан-Чойбалсан/ гол үерийн түвшинг 10-20 см давсан байдалтай байна.
Маргааш буюу 7 дугаар сарын 23-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 105 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 30 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 25 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см даван үерлэх хандлагатай байгаа тул дээрх голуудын эрэг хөвөө дагуу суурьшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.