Одоогоос 40 жилийн өмнө буюу 1984 онд Багануур хот дахь “Профилактори сувилал”-ыг “Үйлдвэрчний эвлэлийн Багануур профилактори сувилал” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан ба 2000 онд эмийн бус эмчилгээ сувилал, нийтийн хоол, хүнсний үйлдвэрлэл, зочид буудал, туслах аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Багануур-Сувилал” ХХК болон өөрчлөгдөж байсан түүхтэй.
Өнөөдөр тус байгууллагын хамт олон 40 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойн баярын хуралд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал, Багануур сувилал ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан, МУ-ын Гавьяат уурхайчин Д.Дамбапэлжээ, Багануур сувилал ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Батболд болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.
Түүхт 40 жилийн ойн энэ өдөр үр бүтээлтэй, бусдыгаа манлайлан ажилласан ажилтан, албан хаагчдыг төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шагнаж урамшууллаа.
Ташрамд дурдахад өнөөгийн “Багануур сувилал” ХХК нь сувиллын тусламж үйлчилгээ, сувилал зоог, уурхайчин зоог, нарийн боов үйлдвэрлэл, зочид буудал, угаалгын үйлчилгээ, туслах аж ахуй, зуны саам сувиллын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Мөн 2008 оноос эхлэн 5 удаа магадлан итгэмжлэгдэж, иргэдэд эрүүл мэндийн даатгалын сангийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн хөнгөлөлт, ахмад настны халамжийн сангийн хөнгөлөлтөд хамруулснаар нийслэл, аймаг, орон нутаг бүрээс зорин ирж, эмчлүүлэн сувилуулах иргэдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа юм.
Хүн ардынхаа эрүүл энхийг сахин хамгаалах, үе үеийн уурхайчид, сувилуулагчдадаа амтат хоол, идээ ундаагаар үйлчлэн ирсэн Багануур сувиллаар овоглосон та бүхэнд түүхт 40 жилийн баярын мэндийг хүргэе.