УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар өнгөрсөн амралтын өдрөөр Багануур дүүрэгт ажиллалаа. Нийслэлийн хамгийн олон малтай Багануур дүүргийн хувьд энэ жил 775 өрхийн 169 мянган толгой мал өвөлжиж байгаа бөгөөд нийт нутгаар хөр цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх нөхцөл үүсээд буй.
Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар 3893 тонн хивэг болон хорголжин тэжээлийг аймгууд болон нийслэлийн алслагдсан дүүргүүдийн малтай иргэдэд 50 хувь хямдруулан олгох шийдвэр гарсны дагуу нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт нийт 200 тн хорголжин тэжээл, 100 тн хивэг олгохоор шийдвэрлэсэн.
Энэ үеэр тус дүүргийн 4 дүгээр хорооны малчин С.Даваасүрэнгийн хот айлаар орж, малчдын санал сэтгэгдлийг сонсоход малчдын хувьд хорших, нэгдэх, хамтрах санаачилгыг бодит ажил хэрэг болгох зорилготой “Хот айл” загвар төслийг дэмжиж оролцохоо илэрхийлэн, малчин өрхүүд хоршооллын хэлбэрээр хамтран ногоон тэжээл тариалах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.