БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах тевшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, Сонгогчийн боловсрол төв хамтран “Хариуцлагатай сонгогч” сургалтыг зохион байгуулж байна.
Багануур дүүргийн сургагч багш нар хоёр дахь удаагийн “Хариуцлагатай сонгогч” сургалтыг 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтад дүүргийн 3 цогцолбор сургуулийн ахлах ангийн 25 сурагч хамрагдлаа.
Сургалтын гол зорилго нь сонгууль, сонгуулийн хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхийн ач холбогдлыг ойлгуулах замаар сонгогчдын боловсрол олгож, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн талаарх хэвшмэл буруу ойлголтыг өөрчилж, зөв ойлголттой, мэдрэмжтэй болгоход оршиж байгаа юм.
Хэдийгээр шалгалт шүүлгийн цаг үе эхэлсэн, хүүхдүүд завгүй байсан ч хоёр өдрийн сургалтад идэвх санаачлагатай оролцож, сонирхолтой асуудлуудыг дэвшүүлэн мэдлэгийн хүрээгээ тэлж оролцсон нийт хүүхдүүддээ баярлаж талархсанаа илэрхийлье. Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье.
Мөн энэхүү үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан дүүргийн Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын сургуулиуд, анги танхим суралцах орчныг бүрдүүлсэн Албан бус насан туршийн боловсролын төвийн хамт олонд талархал илэрхийлье.