Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга 13 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 78 хувьтай байсныг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Туяа танилцууллаа.
БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ 52 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ
Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг ЦХ-ээс танилцууллаа.
Нийт 52 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-18, зөрчлийн шинжтэй-34 дуудлага бүртгэгджээ. Мөн 4 хүн эрүүлжүүлэгдэж, 12 хүн жолоодох эрхээ хасуулсан байна. Цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт бусдын хөдөлгөөнт саад учруулан түр буюу удаан зогсохыг хориглосон газар зогссон, эсрэг урсгал сөрсөн тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулан дахин зөрчил гаргахгүй байх талаар анхааруулга, санамж өгч ажилласан байна.
ГАЛ ТҮЙМЭРИЙН 2 ДУУДЛАГА БҮРТГЭГДЭВ
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Онцгой байдлын хэлтэст обьектийн гал түймэр-1, ой хээрийн гал түймэр-1 дуудлага бүртгэгдсэн байна. Дүүргийн Засаг даргын 2023 оны “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” А/125 дүгээр захирамж, 02 дугаар албан даалгаварын хэрэгжилтийг ханган амралтын өдрүүдэд нийт 6 удаа ногоон бүсийн эргүүлийг хийж, 25 автомашин, 102 иргэнд ухуулга сурталчилгаа хийж, гарын авлага тараах материалыг хүргэж ажилласан байна.
СУРГУУЛИЙН ОРЧИНД ХҮҮХДИЙГ ДЭЭРЭЛХЭЖ, ЭД ЗҮЙЛСИЙГ ДЭЭРЭМДЭХ, ХУЛГАЙЛАХ, ТАНХАЙРАХ ЗЭРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ, ГАЗАР ДЭЭР НЬ ТАВИХ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг, даалгаврыг өгсөн юм.
- Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны “Шил” ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.
- Газрын зөрчил арилгах хүрээнд гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэх.
- Аж ахуйн нэгж байгууллагуудад барилгын чанар, стандартын хэрэгжилтийг хангуулах зөвлөмж хүргүүлэх.
- Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, мөн харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах.
- Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл хангах.
- Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийг дээрэлхэж, эд зүйлсийг дээрэмдэх, хулгайлах, танхайрах зэрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, газар дээр нь тавих хяналтыг нэмэгдүүлэх
- Хээрийн цэвэрлэгээ, малын сэг зэм устгах ажлыг үргэлжлүүлж, эрчимжүүлж ажиллах
- Авто зам засварын ажлыг эрчимжүүлж ажиллах зэрэг үүрэг өглөө.