Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн удирдан явууллаа.
Хуралдааны эхэнд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн: Энэ жил ойрын 40 жил болоогүй хүйтэн өвөл болж байна. Шөнөдөө агаарт -40 хэмийн хүйтэн болж байна. Иймд инженерийн байгууллагууд тоног төхөөрөмжийн бэлэн байдлаа хангаж ажиллахыг анхаарууллаа.
Түүнчлэн цас их орж, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа энэ үед дүүргийн ИТХ-аас малчин иргэддээ туслах аяныг өрнүүлж байна. Дүүргийн удирдлагуудад хандан тус аяныг дэмжиж, ажилчдаа уриалан ажиллахыг хүссэн юм.
НИЙТИЙН АЛБА- САХИЛГА ХАРИУЦЛАГА ЗӨВЛӨГӨӨН БОЛНО
ИТХ-ын дарга Т.Отгонболд: Энэ сарын 06-нд 15:00 цагаас дүүргийн Соёлын ордонд “Нийтийн алба- сахилга хариуцлага” зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Монгол улсын их хурлын гишүүн, шадар сайд С.Амарсайхан, Улсын их хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нарын санаачилгаар уг зөвлөгөөнийг дүүрэгт зохион байгуулж байна. Зөвлөгөөнд УИХ-ын 2 гишүүн хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон бусад холбогдох байгууллагын удирдлагууд, албан хаагчид оролцоно. Энэхүү зөвлөгөөний бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулж, идэвхтэй оролцохыг үүрэг болгов. Мөн малчиддаа туслах хандивын аянд нэгдэж ажиллахыг уриалсан юм.
БОГ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ МЯЛЗАН ӨВЧИН ГАРСАН ХОТ АЙЛД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООН АЖИЛЛАЖ БАЙНА
Үүний дараагаар дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн дүүрэгт үүсээд буй бог малын гоц халдварт мялзан өвчний талаар мэдээлэл хүргэсэн юм. Дүүрэгт өвөлжиж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн малд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн дуудлагаар арван хоёрдугаар сарын 29-нд дээж авч, шинжлүүлэхэд бог малын мялзан өвчин тогтоогдсон. Иймээс дүүргийн Засаг даргын захирамжаар тухайн өвчин гарсан хот айлд хорио цээрийн дэглэм тогтоох ажлыг зохион байгууллаа. Мөн дүүргийн Нарийн хэсэгт үүссэн голомтыг бүрэн арилгаж, ариутгал халдваргүйтгэлийг хийж дууссан байна. Иргэд гарал үүслийн бичгийг сайн харж, мах худалдан авахыг анхаарууллаа.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг даргаас дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулах, хот, хөдөөгийн хөгжлийн зохистой тэнцвэрийг хангах зорилгоор нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг хүн амынхаа тоог 20 хувиар нэмэгдүүлэх бодлогын чиглэлийг баримтлах Засгийн газрын 2022 оны 419 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахад төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулах.
-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах,
-Нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагч, удирдах албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
-Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч болон удирдлагад хариуцлага тооцож ажиллах,
-Нийтийн эзэмшлийн гудамж, орон сууц, гэр хорооллын гудамж дундах явган хүний зам болон аж ахуй нэгж байгууллагуудын ойр орчмын талбайн цас, мөс цэвэрлэх ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд нь тогтмол хяналт тавьж ажиллах.
-Орон сууцны хороолол болон гэр хорооллын хог хаягдлын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шаардлагатай хүн хүч, машин, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж ажиллах.
-Мал тэжээвэр амьтны талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, актыг хэрэгжүүлж, зохион байгуулах,
-Хогны үнэ тарифт өөрчлөлт оруулах саналыг яаралтай авч дуусгах,
-Малчдад туслах аяны хүрээнд нөөцийн тэжээлийг бэлтгэх, худалдан борлуулах санал болоод шаардлагатай бусад арга хэмжээ-(Эрүүл мэнд, хүнс тэжээл, түлш шатахууны)-г авч хэрэгжүүлэх саналыг авч танилцуулах,