Хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмшүүлж, эцэг эхийн мэдлэг оролцоог нэмэгдүүлэн, хүүхдэд ээлтэй орон нутгийн тогтолцоог бэхжүүлэх зорилгын дор “Хувьсан өөрчлөгдөж буй боловсролд эцэг эхийн оролцоо” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнийг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын тамгын газар, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн Багануур салбар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын орон нутгийн хөтөлбөр, Ахмад багш нарын холбоотой хамтран зохион байгуулав.
Хувьсан өөрчлөгдөж буй боловсролд эцэг эхийн оролцоо зөвлөгөөнд ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн, Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон дүүргийн удирдлагууд, ЕБС-ийн 196 бүлэг, СӨБ-ын 82 бүлэг болон 63 байгууллагын 320 гаруй Эцэг эхийн зөвлөлийн гишүүд төлөөлөн оролцсон юм.
Зөвлөгөөнийг ИТХ-ын дарга Т.Отгонболд нээж үг хэлсэн юм. Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн зөвлөгөөнд Боловсролын салбарт хийгдэж буй ажил, цаашдын зорилтын талаар танилцуулж, эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгч нарт хандаж Хүүхдүүдэд сэтгэлзүйн дарамт үзүүлэх, бие бялдар, оюун ухааныг ялгаварлан эрэмбэлсэн аливаа уралдаан тэмцээн, үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх УРИАЛГЫГ дэвшүүлэв.
Мөн үеэр Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин боловсролын чанар, хүүхэд эцэг эх, асран хамгаалагчдын оролцооны талаар мэдээллийг хүргэж, ГБХЗХХ-ээс хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр, Хүүхдийн элч Ц.Цогзолмаа Байгууллага аж ахуй нэгжийн эцэг эхийн зөвлөлийн үүрэг оролцоо гэсэн сэдвүүдээр мэдээлэл хүргэж, Гэр бүлийн радио фм 104.5 салбарын менежер Г.Шижирбаатар “Гэр бүлийн үнэ цэнэ” илтгэлийг хүргэсэн юм.
Тус зөвлөгөөний үеэр Багануур дүүргийн “Онцлох гэр бүл”-үүдийг шалгаруулан, алдаршуулж, шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.
СПОРТЛОГ ГЭР БҮЛ- ДАШДОНДОГИЙН БАТСАЙХАНЫ ГЭР БҮЛ
БҮТЭЭЛЧ ГЭР БҮЛ- ЭНХБАЯРЫН ГАНЗОРИГИЙН ГЭР БҮЛ
ОЮУНЛАГ ГЭР БҮЛ – ЦЭРЭНДЭЖИДИЙН БАТБОЛДЫН ГЭР БҮЛ
ЭКО ГЭР БҮЛ – ДЭНДЭВИЙН НЯМДЭЛЭГИЙН ГЭР БҮЛ
ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭН ГЭР БҮЛ -ТУЯАГИЙН БАТ-ӨРНӨХИЙН ГЭР БҮЛ тус тус шалгарсан байна.
2023 оны 04-р сарын 25, 26-ний өдөр зохион байгуулагдсан Зөвлөгөөнөөс 3 чиглэлд 12 төрлийн зөвлөмжийг гаргаж, үүрэг чиглэлийн биелэлтийг Боловсролын хэлтсийн дарга Н.Алтансүх танилцуулснаар зөвлөгөөн өндөрлөлөө.