Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга 7 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 87% хувьтай байсныг ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа.
БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ 85 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ
Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг ЦХ-ээс танилцууллаа.
Нийт 85 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-23, зөрчлийн шинжтэй-62 дуудлага бүртгэгджээ. Мөн 13 хүн эрүүлжүүлэгдэж, 15 хүн жолоодох эрхээ хасуулсан байна. Цагдаагийн хэлтсээс дүүргийн Засаг даргын А/168 дугаар захирамжийн хүрээнд 06-р сарын 16-ны өдөр Багануур АЗЗА ТӨХК-ийн 6 ажилтан, цагдаагийн хэлтсийн алба хаагч нартай хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “НЭГДСЭН ЭРГҮҮЛ”-ийг зохион байгуулж иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажилласан байна.
СУУРЬШЛИЙН БҮСЭД МОГОЙ ОРСОН ДУУДЛАГА БҮРТГЭГДЭВ
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Онцгой байдлын хэлтэст аврах ажиллагааны 1, суурьшлийн бүсэд могой орсон дуудлага 1 тус тус бүртгэгдсэн байна. Мөн гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
-Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
-Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү хараа хяналтгүй явуулж тоглуулахгүй байх
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
-Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах,
-Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,
-Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах,
-Голын эрэг дагуу байрласан аюулгүй байдлын сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангах, гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын хэлтсээс анхаарууллаа.
БАЯР НААДМЫН ҮЕЭР ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ХЭВИЙН, НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААГ ХАНГАЖ, УС, ЦАХИЛГААН ХАНГАМЖААР БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ, ГЭНЭТИЙН ГЭМТЭЛ, СААТАЛ ГАРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг, даалгаврыг өгсөн юм.
- Дүүргийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, инженер хангамжийн засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
- Гамшиг ослын болон гол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийн засвар шинэчлэл, цэвэрлэгээний ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
- Гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулах.
- Дүүргүүдийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн тохижилтын ажлуудыг дүүргүүдийн өмчид бүртгэж, эзэмшигч, ашиглагчийг тодорхой болгож, засвар, үйлчилгээ арчлалтыг хариуцан ажилладаг бодлого, чиглэл баримталж ажиллах.
- Гэрэлтүүлэг болон хяналтын камеруудын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, танилцуулах.
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, стандартыг дагуу тохижилтын ажлыг чанартай гүйцэтгэж, дуусгах.
- Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх.
- Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах урьдчилан сэргийлж ажиллах.
- Баяр наадмын үеэр Хүй долоон худаг болон бусад газруудад үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн хөдөлгөөнт тоглоомуудын хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах.
- Баярын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах.
- Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах /Гадны орны жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангах/.
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй зорчуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болголоо.