“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн босгон дээр Багануур дүүргийн 1-р хорооны малчин Даржаагийн Нармандах, Юрагийн Батбаатар нар Монгол Улсын аварга малчин хэмээх эрхэм алдрыг хүртлээ. Аварга малчдын шагналыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы Ахлах зөвлөх Б.Мөнх-Оргил, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга Ч.Түмэн-Өлзий, Ахлах мэргэжилтэн Ц.Төмөртулга, НИТХ-ын төлөөлөгч, Багануур дүүргийн засаг дарга С.Даваасүрэн, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын дарга П.Төгөлдөр болон дүүргийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж гардууллаа.
Аварга малчин Д.Нармандах 40 жил мал маллаж байгаа бөгөөд 2000 оноос үржлийн мал болох хуц, ухна маллаж, малын үүлдэр, гарал үүслийг чанаржуулж, мал сүргээ 1000 гаруй толгойд хүргэж, мал аж ахуйн салбарт өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж яваа туршлагатай, тэргүүний шилдэг малчин эмэгтэй юм.Аварга малчин Ю.Батбаатар 1996 оноос хойш гэр бүлийн хамт өдгөө 28 жил мал маллаж, малынхаа удам үүлдэр угсааг сайжруулан 1400 толгойд хүргэж, торгон сүрэг, шилмэл малын тоог нэмэгдүүлэн ашиг шимийг нь бүрэн ашиглаж, дүүргийнхээ ард иргэдийг мах, сүү цагаан идээгээр ханган үйлчилж иржээ.
Мөн 2013 оноос хойш залуучуудыг монгол өв соёл, мал маллах арга ухаанд сургаж, залуу малчдыг бэлтгэн 4 өрхийг туслах малчнаар цалинжуулан ажиллуулж малжуулсан ба өдгөө тус малчид нь мал сүргээ 4 төрөл дээр өсгөн үржүүлж ашиг шимийг нь хүртэж, яваа залуу малчдыг төрүүлээд байна.Улсын аварга малчин өрхүүд мал сүргийн чанар, үүлдэр угсааг сайжруулах, сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэх, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс хангахад анхаарч ажилладаг хөдөлмөр зүтгэлээ ийнхүү үнэлүүллээ.
Дүүргийн аварга малчдадаа баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.
Эрдэнэт мал сүргийн ашиг шим нь арвижин дэлгэрэх болтугай.





Мэдээг хэвлэх