Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод журам

                                                            БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                               ТАМГЫН ГАЗРЫН ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журам нь Монгол Улсын Үндсэн хууль. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудын хүрээнд, төрийн албан хаагчдын ёс зүй, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн асуудал, шагнал урамшуулал, ажлын хариуцлага зэрэг байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой  асуудлыг зохицуулахад оршино.

1.2 Дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байна.

1.3 Тамгын газрын ажилтан албан хаагчид нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль,  төрийн албаны үйл ажиллагааг журамлан зохицуулсан бусад хууль тогтоомж, эрх бүхий  байгууллагаас гаргасан тогтоол, тушаал, дүрэм журам болон энэхүү дотоод журмыг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.

1.4 Хэлтэс,  тасаг,  хороод нь үйл ажиллагааны онцлогийг тусгасан дүрэмтэй байна. Дүрмийг хэлтэс,  тасгийн хамт олны хурлаар хэлэлцэн Тамгын газрын даргын тушаалаар  батална.

1.5 Тамгын газрын даргатай  төрийн захиргааны албан хаагчид үр дүнгийн гэрээ, төрийн үйлчилгээний албан хаагчид  хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллана.

1.6 Хэлтэс,  тасгийн дарга нар ажлын байрны тодорхойлолтыг үйл ажиллагааны болон  ажил мэргэжлийн онцлогийг тусган боловсруулж, Тамгын газрын  даргаар батлуулснаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Хоёр. Засаг даргын Тамгын газрын эрх, үүрэг

2.1 Тамгын газар нь албан хаагчдыг ажлын байр, ажиллах нөхцлөөр хангаж, Засгийн газраас баталсан цалингийн сүлжээний дагуу цалинжуулж, хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр урамшуулах, ээлжийн амралт, нөхөх олговрыг  хуулийн дагуу олгож, ахуй амьдралд дэмжлэг үзүүлэх.

2.2 Төрийн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх,мэргэшүүлэх, сургалтыг тогтмол зохион байгуулж мэргэжил / мэргэшил/, ур чадвар, ажлын туршлагыг харгалзан   албан тушаал дэвшүүлэх, бууруулж томилох.

2.3 Хөдөлмөрийн тухай хуулинд заасан ажил амралтын цагийг баримтлан, ажлын цагийн үр бүтээлийг нэмэгдүүлж ажиллах.

2.4 Хөдөлмөр хамгаалал, ажлын байрны эрүүл ахуйн комиссыг байгууллагын даргын тушаалаар томилж комисс нь ажиллах орчин нөхцөл, болзошгүй гамшиг осолоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний дагуу ажиллах.

2.5 Байгууллагын ажилтан албан хаагчдыг жилд 1 удаа эрүүл мэндийн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулах,

2.6 Ажлын шинэ санал санаачлага, оновчтой шинэлэг арга барилыг сурталчлан шуурхай нэвтрүүлж, ажилтнуудын техникийн болон оюуны сэтгэлгээг бүтээлчээр хөгжүүлж ажиллах.

2.7 Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал /жендерийн харьцаа/, давуу байдал тогтоохыг хориглох.

2.8  Түүхт ой, тэмдэглэлт үйл явдлал,  урлаг, спортын арга хэмжээ идэвхитэй амралт зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулах, эх орны түүх,  соёлын дурсгалт газруудаар аялах,дотоодын аялалыг жилд 1 удаа зохион байгуулж шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөв болон бусад эх үүсвэрээс гаргах

2.9 Гадаад улс оронд ажлын шугамаар албан томилолтоор явах, сургалтанд   оролцоход  хуулийн дагуу томилолтын зардлыг олгох.

2.10 Ажилтнуудыг гадаад, дотоодын мэргэшүүлэх чадавхижуулах  сургалтанд түлхүү хамруулах

2.11 Мэргэжлээ дээшлүүлэн мастер болон докторын зэрэг хамгаалахаар  суралцаж байгаа ажилтан албан хаагчдын сургалтын төлбөрийн 50 хувийг хөнгөлөх.

2.12 Нийтээр амрах баяр ёслолын өдрүүдэд ажилтан, албан хаагчдыг хариуцлагатай жижүүрээр томилон ажиллуулах, амралтыг үргэлжлэн залгасан ажлын өдөрт нөхөн эдлүүлэх.

2.13 Тамгын газрын ажилтнуудын ажил дүгнэх шалгуур үзүүлэлтийг төрийн захиргаа, төрийн үйлчилгээний ангилалаар  боловсруулан батлуулж хэрэгжүүлэх

2.14 Байгууллагын Хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагаанд батлагдсан төсвийн 0.5%-с  доошгүй хөрөнгийг зарцуулж, Хүүхдийн баяр, шинэ жилээр ажилтнуудын хүүхдийг  хүлээн авч,  холбогдох зардлын 50%-ийг байгууллага хариуцах.

2.15 Ажилтан албан хаагчдын хүүхдийг нийслэл, дүүргийн Хүүхдийн зуслан, Скаутын   цугларалтад явж амарсан тохиолдолд эрхийн бичгийн  50%-ийг хөнгөлөх

Гурав. Ажилтан албан хаагчдын эрх,  үүрэг

3.1 Төрийн албан хаагч нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль,  Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг дээдлэн, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн  албан хаагчийн   ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, төрийн ашиг сонирхолд захирагдан,  ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн эрх,  үүргийнхээ хүрээнд ажлаа бүрэн хариуцаж гүйцэтгэх.

3.2 Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэж, иргэдтэй зөв боловсон харьцаж, хүндэтгэлтэй хандах ба албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн иргэний болон байгууллагын нууцыг хадгалах.

3.3 Ажил үүргээ хэвийн явуулах ажлын байрны нөхцөл бүрдүүлэхийг ажил  олгогчоос шаардах болон  ажил амьдралынхаа баталгааг сайжруулахтай холбогдсон санал хүсэлтийг удирдлагадаа тавьж шийдвэрлүүлж байх.

3.4 Албан үүргээ гүйцэтгэх явцад учруулж буй  дарамт, /ажлын байрны бэлгийн дарамт / шахалт, шудрага бус явдлгыг ил тодоор шүүмжлэх, мэдээлэх, холбогдох дээд байгууллагад уламжлах зэргээр жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан эрхээ эдэлж, үүрэг хүлээх ба уг хуулийг зөрчсөн ажилтанд  хуулийн дагуу хариуцлага тооцох.

  3.5 Ажлын байр, хариуцсан эд хөрөнгө,   машин техник, тоног төхөөрөмжийг эмх цэгцтэй, хэвийн ажиллагаатай байлгаж, төсөв зардлыг хэмнэж, ажлын байрны ариун цэвэр, соёлч байдлыг дээшлүүлэх талаар санаачлагатай ажиллах.

3.6  Ажилтан бүр өөрийн хариуцсан ажлын  чиглэлээр гарсан Монгол Улсын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол  болон нийслэл,  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол,  Засаг даргын захирамжийг  хэрэгжүүлэх  талаар тодорхой ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж, , цалингаа батлагдсан сүлжээний дагуу нэмэгдүүлэх зэрэг хууль тогтоомжоор олгогдсон эрхээ эдлэх талаар удирдлагад шаардлага тавих эрхтэй. 

3.7 Албан хаагч бүр дараах материалыг  бүрдүүлж хүний нөөцийн ажилтанд   өгнө. Үүнд:

а/ Ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ

б/ Ажлын байрны тодорхойлолтын хүрээнд үйлчилж буй хууль, тогтоол,  захирамж, заавар, журам, хөтөлбөр,төлөвлөгөө/ бусад эрх зүйн акт

в/ УИХ,засгийн газрын болон Нийслэл дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, захирамж,Нийслэл дүүргийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Эдийн засаг нийгмийн зорилт, түүнийг хэрэгжүүлэхээр гаргасан төлөвлөгөөний биелэлт.

г/ Эрхэлсэн ажлын чиглэлээр хийсэн судалгаа,түүнд хийсэн дүгнэлт, холбогдох тооцоо материал

д/ Өөрийн боловсруулсан, шалгаж шийдвэрлүүлсэн асуудал, санаачилж хийсэн шинэ, шинэлэг ажлын жагсаалт

е/ Оролцсон семинар хурал зөвлөгөөн,авсан үүрэг даалгаврын тэмдэглэл

ж/ Жил улирлын ажлын төлөвлөгөө, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлт /хагас бүтэн жилээр/

3.8 Ажилтан картаар хүлээлгэн эзэмшүүлсэн  эд хөрөнгө, албан бичиг,  техник хэрэгсэл бусад хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг  хариуцаж ажиллана. Албаны эд хөрөнгийг солих, гадагш авч явахыг хориглоно. Ажлын шаардлагаар гадагш гаргах  бол  энэ тухайгаа жижүүрт  дэлгэрэнгүй тэмдэглүүлнэ.

3.9 Архивын тухай хууль, архивын зааврын дагуу холбогдох  материалыг тогтоосон хугацаанд шилжүүлэх / дараа оны 1-р улиралд багтааж /

3.10 Тамгын газарт болон улс, хот, дүүргийн хэмжээнд зохиогдож буй олон нийтийн арга хэмжээнд тогтмол идэвхитэй оролцох.

3.11 Албан хаагчид сард 1 удаа өрөө тасалгаандаа их цэвэрлэгээ хийж, шаардлагатай үед нийтийн хөдөлмөрт гарч ажиллах.

3.12 Төрийн албан хаагч нь удирдах дээд байгууллага болон удирдлагаас өгсөн үүрэг даалгавар,  хууль ёсны шаардлагыг цаг хугацаанд нь чанартай биелүүлж гүйцэтгэлийг / биелэлт /  мэдэгдэж байх.

3.13  ТЗ,ТТ,ТҮ албан хаагчид нь ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг улирал, хагас, бүтэн жилээр дүгнүүлж байх.

Дөрөв. Ажилтан албан хаагчдад тусламж олгох

4.1 Ажилтан, албан хаагчдад эрүүл мэнд болон нийгмийн даатгалын тэтгэмжээс гадна дараах тохиолдолд тусламж олгоно. Үүнд:

4.2 Төрүүлсэн болон хадам эцэг, эх,  эхнэр, нөхөр, төрсөн хүүхэд нас барах, шинэ байранд орох, шинээр гэр бүл болох, үр хүүхэд төрүүлэх, үрчилж авах тохиолдолд 150,000 / нэг зуун тавин мянга/  төгрөгийн буцалтгүй тусламж олгоно.

4.3 Төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, болон өөрийн нь  шууд асрамжид байдаг хүмүүс нас  барсан тохиолдолд 100,000 / нэг зуун мянга / төгрөгийн буцалтгүй тусламж олгоно. Шаардлагатай тохиолдолд унаагаар үйлчилнэ.

4.4 Ажилтан албан хаагчдыг орон сууцтай болох, орон байрны нөхцлөө сайжруулах, гэр бүлийг нь дэмжихэд хууль эрх зүйн хүрээнд жилд 5 ажилтанд 2,000,000    / хоёр сая / төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.

4.5 Гэр хороололд амьдардаг албан хаагчдын 5 тн нүүрсний  үнийн 30 хүртэлх хувийг хөнгөлнө.

4.6 Төрийн албан хаагчдад ажилдаа ирэх, очиход нь унааны зардлыг тухайн үеийн автобусны  / микро / тарифаар бодож олгоно.

4.7 Төрийн албан хаагчдыг рашаан сувилалд амарч, эмчлүүлэхэд нь эрхийн бичгийн  үнийн дүнгийн 50% -ийг  жилд 1 удаа олгоно.

4.8 Төрийн одон медалиар шагнуулах, докторын зэрэг хамгаалах, цэргийн цол ахих, насны ой, хөдөлмөрийн алдраа тэмдэглэх, гадаадын улс оронд сургуульд сурах буюу  сургалтад хамрагдах зэрэг онцгой үйл явдал тохиолдох үед  албан тушаалын 1 сарын цалинг олгоно.

4.9 Тамгын газрын ажилчдын хоолны хөнгөлөлтөнд сар бүр 65000 / жаран таван мянга / төгрөгийг байгууллага олгоно.

4.10 ТҮ албан хаагчдын ажлыг улирал бүр дүгнэн,  ур чадварын  нэмэгдлийг тухайн албан тушаалын цалингийн 25 хүртэл хувиар олгох 

4.11 Байгууллагын харьяалалтай  ахмадуудад жилд 2 удаа хүндэтгэл үзүүлж,  батлагдсан төсвийг зориулалтын дагуу  зарцуулна.

Тав.Ажлын  цаг ашиглалт

5.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1-д заасны дагуу Тамгын газрын албан хаагчдын 7 хоногийн ажлын нийт цагийн хэмжээ 40 цаг байна. Ажлын өдрийн ажиллах хугацаа 8 цаг, өглөө 8.30 цагт эхэлж, орой 17.30 цагт дуусна. Үдийн завсарлага 12.30 цагаас 13.30 цагийн хооронд байна. Шаардлагатай үед илүү цагаар ажиллана.

5.2 Тамгын газар, хороодын  жижүүр нь ажилтан албан хаагч нэг бүрийн ажилд ирсэн, явсан, завсарласан,  гадуур ажилтай байсан болон томилолтоор ажилласан, өвчтэй,  чөлөөтэй байсан цагийн бүртгэлийг  үнэн зөв бүртгэж  өдөр бүр  аж ахуйн тасгийн даргад мэдэгдэх ба аж ахуйн тасгийн дарга нь тамгын газрын даргад энэ талын мэдээллээр хангаж ажиллана .

5.3 Жижүүрүүдийн бүртгэсэн цагийн бүртгэлд үндэслэн цалинг  олгох бөгөөд ажилтнуудын ажлаас хожимдсон минутыг цагт шилжүүлж сарын сүүлд цалингаас  хасч тооцно .

5.4 Ажилтан албан хаагчдын хурууны хээгээр бүртгэсэн цагийн бүртгэлийг Мэдээллийн технологи, дотоод сүлжээ хариуцсан мэргэжилтэн давхар хянана.

5.5 Ажилтан, албан хаагчид нь  хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөөний хуудсаар  чөлөө авч болох бөгөөд  1 хүртэл өдрийн чөлөөг хэлтэс, тасгийн даргаас, 3 хүртэл өдрийн чөлөөг Тамгын газрын даргаас, 4 буюу түүнээс дээш өдрийн чөлөөг Засаг даргаас авах ба  чөлөөг цалинтай  олгох эсэх  талаар холбогдох албан тушаалтан тухай бүр шийдвэрлэнэ.

5.6 Хүндэтгэх шалтгаангүйгээр чөлөөний хугацааг 2 хүртэл хоногоор  хэтрүүлсэн бол ажил тасалсанд тооцож хариуцлага хүлээлгэх ба 2-с дээш хоногоор хэтрүүлсэн бол  ажлаас хална.

5.7 Дор дурьдсан тохиолдлыг гачигдал тохиолдсон буюу хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ. Үүнд:

а/ Өөрөө болон эхнэр ,нөхөр, хүүхэд, төрүүлсэн болон өргөсөн эцэг эх,  хадам эцэг эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн ах, эгч, дүү нь хүндээр өвдсөн, нас барсан.

б/ Хурим, найр хийх,  хүүхэд төрөх, үрчилж авах

в/ Байгалийн болон гэнэтийн аюул осолд нэрвэгдэх /Гал түймэр, үер, салхи шуурганд өртөх, хорио цээрийн дэглэмийн бүсэд хоригдох, техникийн аваар осолд орсох  /

Зургаа. Ээлжийн амралт

6.1 Ээлжийн амралтын хуваарийг өөрийн нь саналыг харгалзан хэлтэс, тасгийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн боловсруулан тухайн оны 1-р сард Тамгын газрын даргын тушаалаар батлуулж,  батлагдсан хуваарийн дагуу биеэр эдлүүлнэ.

6.2 Ээлжийн амралт олгох мэдэгдлийг хүний нөөц хариуцсан мэргэжилтнээс авч хэлтсийн  даргаар батлуулан нягтлан бодогчид өгч ээлжийн амралтын мєнгєн олговрыг бодуулан авна.

Долоо. Албан томилолтын  зардал олгох

7.1 Албан томилолтоор явахдаа хэвлэмэл хуудсыг Засаг даргын туслахаас авна. Томилолтоор ажилласан ажилтан нь удирдамжийнхаа биелэлтийг танилцуулж ажлаа дүгнүүлсний дараа томилолтын материалыг бүрдүүлэн ня-бо-д өгч зардлыг тухайн үед мөрдөгдөж буй / онгоц, автомашин, вагон, зэрэг тээврийн хэрэгслэлийн / тарифаар олгоно.

7.2 Ажилтнууд дуудлагаар албан ажилд автомашин хэрэглэсэн бол баримтыг тухай бүр бүрдүүлж ажилд гарах, ажлаас буух үедээ спидометрийн заалтыг бичиж, замын хуудсанд тэмдгэлгээ хийнэ. 

 

Найм. Хэлтэс, тасаг, хороо болон  ажилтнуудын ажлыг дүгнэх

8.1 Тамгын газрын хэлтэс, тасаг ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүрэг, Засаг даргатай байгуулсан батламж, гэрээ, Тамгын газрын дарга бөгөөд Төсвийн ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээ, дээд байгууллага, Засаг даргын шийдвэрээр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт,  ажлын үр дүн, бүтээгдэхүүний тоо чанар, мэдлэг боловсрол ажлын арга барилаа дээшлүүлэх талаар хийсэн ажлыг нь үндэслэн жилийн эцэст дүгнэж, хэлтэс тасгийн дарга нар хэлтсийн зөвлөгөөнөөр хэлэлцэж хүн бүрт үнэлэлт дүгнэлт өгнө.

8.2 Үр дvнгийн гэрээг vнэлж дvгнэхдээ хэлтэс тасгийн хамт олны өмнө гэрээний биелэлтээ тайлагнаж харилцан санал солилцсоны үндсэн дээр дүгнэж удирдлагаар баталгаажуулна

8.3. Хэлтэс, тасаг, хороодын үйл ажиллагаанд байгууллагын Дотоод хяналт шалгалтын комисс улирал бүр шалгалт явуулж үнэлэлт дүгнэлт өгнө.

8.4 Тэргүүний хэлтэс, хороо шалгаруулахдаа нийт ажилтнуудын ажил дүгнэгдсэн үнэлгээний дундаж, шинээр санаачлан хийсэн ажил, хэлтэс хороодын удирдлагын манлайлал, зохион байгуулалт зэргийг харгалзан үзэж жилийн эцэст нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноотойг шалгаруулна.

8.6 Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын ажил дүгнэх шаалгуур үзүүлэлтийг ажил үүргийн хуваарийн дагуу тус бүрд нь дүгнэнэ.

8.7 Байгууллагын аваргыг шалгаруулахдаа тухайн ажилтны үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний биелэлт,  удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, шинээр санаачлан хийсэн ажил, ажлын туршлага, ур чадвар, хувийн зохион байгуулалт, ёс зүй зэргийг харгалзан өрсөлдөөний журмаар шалгаруулна.

Ес. Шагнал урамшуулал

9.2 Төстийн ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээ, Засаг даргын шийдвэрээр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, бүтээгдэхүүний чанар, мэдлэг боловсрол, ёс зүй, ажлын үр дүнгээ дээшлүүлэх талаар хийсэн ажлыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчдын ажлыг , хагас, бүтэн жилээр дүгнэн “А” үнэлгээ авсан албан хаагчдад сарын цалингийн 40% “В” үнэлгээтэй үнэлэгдсэн бол 30% урамшуулна.

9.3 Төсвийн  ерөнхий менежертэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, удирдлагуудын өгсөн үүрэг даалгаврын биелэлт, ажлын үр дүн, ёс зүй,  ажлын бүтээмжийг дээшлүүлэх талаар хийсэн ажлыг үндэслэн төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлыг аж ахуйн тасгийн дарга улирал тутам дүгнэж Тамгын газрын даргад танилцуулснаар ур чадварын нэмэгдлийг 10-25% олгоно.

9.4  Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний тус бүр 1 албан хаагчыг оны эцэст  “хөдөлмөрийн аврага”-аар шалгаруулж сарын үндсэн цалингаар, үр дүнгийн гэрээ болон, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн  үүргээ хангалттай сайн биелүүлсэн 10 хүртэлх албан хаагчийг тус бүр 100,000 / нэг зуун мянган /төгрөгөөр шагнаж урамшуулна.

9.5 Хөдөлмөрийн аврага, тэргүүний ажилтнуудыг шалгаруулахдаа тухайн жилийн ажлын үр дүн, ёс зүй, шинээр санаачилж хийсэн ажил, олон нийтийн ажил, арга хэмжээний  идэвхи оролцоо, ажлын цаг ашиглалтыг харгалзан хэлтэс, алба, хороодоос  шалгарсан ажилтнуудаас хамт олны саналаар шалгаруулна.

9.6 Монгол Улсын төрийн дээд шагнал одон медаль, Яам агентлаг болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын шагналд ажилтнуудыг тодорхойлно.

9.7 Монгол Улсын Засгийн газрын шагнал, салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан хүмүүст Засгийн газраас тогтоосны дагуу дагалдах мөнгөн шагналыг олгоно.

9.8 Зэрэг дэв олгох болзол хангасан ажилтнуудын материалыг  Нийслэлийн Засаг даргад холбогдох баримт бичгийн  хамт хүргүүлнэ.

            9.9 Шагнал урамшил, буцалтгүй тусламжийн хэмжээг тухайн жилийн төсөвт суулгаж, зориулалтын дагуу зарцуулна. 

Арав. Ажилд томилох, чөлөөлөх

            10.1 Томилогдох иргэний хувийн хэргийн бүрдэл, судалсан материал, танилцуулгыг үндэслэн эрх бүхий албан тушаалтан томилох тухай шийдвэр гаргана.  

            10.2  Шинээр ажилд томилогдож байгаа ажилтанд энэхүү журам, тухайн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, холбогдох хууль тогтоомжийг танилцуулан гарын үсэг зуруулж баталгаажуулна.

            10.3 Энэхүү дотоод журам болон Төрийн албаны тухай хууль, Төрийн жинхэнэ албан хаагчын ёс зүйн дүрмийг зөрчсөн, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон нь ёс зүйн хорооны дүгнэлтээр нотлогдсон бол “Төрийн албаны тухай хууль”-ийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаал бууруулах буюу ажлаас халах, биеийн эрүүл мэндийн байдлаас ажиллах боломжгүй болсон тухай эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн ажилтныг төрийн албанаас чөлөөлнө.

            10.4 Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуугаар ажлын байранд ирсэн тохиолдолд төрийн албан хаагчыг төрийн албанаас шууд хална.  

            10.5 Гаргасан зөрчлийн хор уршиг, үр дагавар, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан албан үүргийн биелэлтийг харгалзан сахилгын шийтгэл оногдуулах,асуудлыг шийдвэрлэнэ.

            10.6 Менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээг 2-с дээш удаа D үнэлүүлсэн тохиолдолд албан тушаал бууруулж F үнэлэгдсэн буюу удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд ажлаас шууд хална.

            10.7 Сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа хүчин төгөлдөр байгаа үед шийтгэл эдэлсэн ажилтан, албан хаагчид шагнал урамшил олгохгүй ба  гадаадад сургалтанд хамрагдах,  ажлын айлчлал хийхийг  хойшлуулна.

            10.8  Ажлаас чөлөөлөгдөх халагдах мэдэгдэл авсан хүмүүстэй эд хөрөнгийн болон бусад холбогдох тооцоог хийсний дараа ажлаас чөлөөлсөн, халсан тушаалд үндэслэн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, хувийн хэргийн хамт өөрт нь өгч ажлын үнэмлэхийг Тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн хурааж авна.

Арван нэг.  Жижүүрийн үүрэг

            11.1  Жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Тамгын газар болон хороодруу нэвтэрч байгаа иргэдийн иргэний бичиг баримтыг шалган нэвтрүүлж байх ба цайны цаг амралтын өдөр, ажил тарсны дараа / 17 цагаас хойш / гадны иргэдийг байгуулагад нэтрүүлэхгүй байх.

            11.2 Үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Тамгын газрын байр ба тухайн хариуцаж буй хорооны эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцна.

            11.3 Ажилтны буруугаас өрөө тасалгаанаас эд зүйл алдагдсан бол жижүүр хариуцлага хүлээхгүй.

            11.4 Жижүүр нь дараагийн жижүүрт ажлаа хүлээлгэн өгөхдөө орчны хог хаягдлыг цэвэрлэн рапорт хөтлөн дараагын жижүүрт цохолт хийн хүлээлцэнэ.

            11.5  Ажилтнуудын цагийн бүртгэлийг үнэн зөв хөтөлнө

            11.6 Тамгын газарт  согтууруулах ундаа хэрэглэсэн үнэртүүлсэн иргэнийг оруулахыг хориглоно.