БАГАНУУР ХОТЫН ҮНДСЭН ДҮРЭМ

Багануур хотын үндсэн дүрмийг ЭНД ДАРЖ татаж авна уу.

ГАРЧИГ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ  5

Нэгдүгээр зүйл. Удиртгал  5

Хоёрдугаар зүйл. Нэр  5

Гуравдугаар зүйл. Хотын бэлгэ тэмдэг 5

Дөрөвдүгээр зүйл. Хотын эдэлбэр газар  5

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХОТЫН БҮРЭН ЭРХ  6

Тавдугаар зүйл. Хотын бүрэн эрх  6

Зургаадугаар зүйл. Иргэдийн оролцоо  8

Долоодугаар зүйл. Хотын харилцаа, хамтын ажиллагаа  9

ГУРАВДУГААР БҮЛЭГ. ХОТЫН ЗӨВЛӨЛ  10

Наймдугаар зүйл. Хотын зөвлөл, Зөвлөлийн гишүүн  10

Есдүгээр зүйл. Зөвлөлийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх  10

Аравдугаар зүйл. Зөвлөлийн бүрэн эрх  11

Арван нэгдүгээр зүйл. Цалин, хөлс  16

Арван хоёрдугаар зүйл. Зөвлөлийн үйл ажиллагаанд хориглох зүйл  16

Арван гуравдугаар зүйл. Зөвлөлийн хуралдааны дэг 17

Арван дөрөвдүгээр зүйл. Хуралдаан нээлттэй явагдах  18

Арван тавдугаар зүйл. Хуралдаан хүчинтэй байх  18

Арван зургаадугаар зүйл. Зөвлөлд асуудал оруулах эрх  18

Арван долоодугаар зүйл. Зөвлөлийн шийдвэр  18

Арван наймдугаар зүйл. Санал өгөх  19

Арван есдүгээр зүйл. Зөвлөлийн гишүүний орон гарсан суудлыг нөхөх  19

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ХОТЫН ЗАХИРАГЧ  19

Хорьдугаар зүйл. Хотын Захирагч, түүний бүрэн эрх  19

Хорин нэгдүгээр зүйл. Хотын Захирагчийн орлогч  21

Хорин хоёрдугаар зүйл. Онцгой байдлын үеийн эрх мэдэл  21

ТАВДУГААР БҮЛЭГ.ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР  22

Хорин гуравдугаар зүйл. Хотын Ерөнхий менежерийн томилгоо  22

Хорин дөрөвдүгээр зүйл. Ерөнхий менежерийг халах, чөлөөлөх  22

Хорин тавдугаар зүйл. Ерөнхий менежерийн үүргийг түр орлон гүйцэтгэх  23

Хорин зургаадугаар зүйл. Ерөнхий менежерийн эрх, үүрэг 23

ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ХОТЫН ЗАХИРГААНЫ ГАЗАР, АЖЛЫН АЛБА  24

Хорин долоодугаар зүйл. Хотын захиргааны газар, ажлын албыг байгуулах үндэслэл  24

Хорин наймдугаар зүйл. Ажилтан, албан хаагчийг сонгон шалгаруулах  25

Хорин есдүгээр зүйл. Хотын хуульч  25

Гучдугаар зүйл. Хотын захиргааны газар  25

ДОЛООДУГААР БҮЛЭГ.СОНГУУЛЬ  26

Гучин нэгдүгээр зүйл. Хотын сонгууль  26

Гучин хоёрдугаар зүйл. Сонгуулийг зохион байгуулах  26

Гучин гуравдугаар зүйл. Сонгуулийн тойргийн хуваарь  26

Гучин дөрөвдүгээр зүйл. Сонгуулийн тойрог байгуулах комисс  26

Гучин тавдугаар зүйл. Комиссын бүрэн эрх  27

Гучин зургаадугаар зүйл. Сонгуулийн тойрог байгуулах шалгуур  28

Гучин долоодугаар зүйл. Сонгуулийн тойрог байгуулсанд тооцох  28

Гучин наймдугаар зүйл. Сонгуульд нэр дэвших  28

НАЙМДУГААР БҮЛЭГ. ХОТЫН ОРШИН СУУГЧ, ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ, ОРОЛЦООГ ХАНГАХ  28

Гучин есдүгээр зүйл. Хотын оршин суугч  28

Дөчдүгээр зүйл. Хотын оршин суугчийн эрх, үүрэг 29

Дөчин нэгдүгээр зүйл. Оршин суугчийн оролцоог хангах  30

Дөчин хоёрдугаар зүйл. Нийтийн сонсгол  30

Дөчин гуравдугаар зүйл. Нийтийн зар мэдээ  31

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. САНААЧИЛГА ГАРГАХ, САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ, ЭГҮҮЛЭН ТАТАХ  32

Дөчин дөрөвдүгээр зүйл. Санаачилгын хороо байгуулах үндэслэл  32

Дөчин тавдугаар зүйл. Санаачилгын хороо байгуулах, мэдэгдэл гаргах  33

Дөчин зургаадугаар зүйл. Өргөдөл гаргахад тавигдах шаардлага  33

Дөчин долоодугаар зүйл. Өргөдөл гаргах  34

Дөчин наймдугаар зүйл. Санал асуулга, эгүүлэн татах өргөдөл гаргах хугацаа  34

Дөчин есдүгээр зүйл. Өргөдлийн бүрдүүлбэрийг хянах  35

Тавьдугаар зүйл. Дүрмийн үйлчлэлийг түдгэлзүүлэх  35

Тавин нэгдүгээр зүйл. Өргөдлийг шийдвэрлэх  36

Тавин хоёрдугаар зүйл. Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх  36

Тавин гуравдугаар зүйл. Санал асуулгын үр дүн  37

АРАВДУГААР БҮЛЭГ. ХОТЫН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГА  37

Тавин дөрөвдүгээр зүйл. Санхүүгийн жил  37

Тавин тавдугаар зүйл. Төсвийг өргөн барих  37

Тавин зургаадугаар зүйл. Хотын татвар  37

Тавин долоодугаар зүйл. Төсвийн илгээлт  37

Тавин наймдугаар зүйл. Төсөв  38

Тавин есдүгээр зүйл. Төсвийн зардлын хэмжээ  39

Жардугаар зүйл. Төсвийн талаар хэрэгжүүлэх Зөвлөлийн эрх, үүрэг 39

Жаран нэгдүгээр зүйл. Төсвийн хуваарилалт ба орлогын тухай тогтоол, шийдвэр  39

Жаран хоёрдугаар зүйл. Төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах  40

Жаран гуравдугаар зүйл. Төсвийн удирдлага, хяналт  41

Жаран дөрөвдүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын хөтөлбөр  41

Жаран тавдугаар зүйл. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн талаарх Зөвлөлийн эрх, үүрэг 41

Жаран зургаадугаар зүйл. Аудит  42

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ, ЁС ЗҮЙН ХОРОО   42

Жаран долоодугаар зүйл. Ашиг сонирхлын зөрчил  42

Жаран наймдугаар зүйл. Ёс зүйн хороо  42

Жаран есдүгээр зүйл. Хандив өргөх, авах  43

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХОТЫН ДҮРЭМ   43

Далдугаар зүйл. Дүрмийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, батлах  43

Далан нэгдүгээр зүйл. Онцгой дэглэмийн үеийн дүрэм  44

Далан хоёрдугаар зүйл. Техникийн стандартыг зөвшөөрсөн дүрэм  45

Далан гуравдугаар зүйл. Дүрмийг бүртгэх, коджуулах, хэвлэх  45

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ. ҮНДСЭН ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ  45

Далан дөрөвдүгээр зүйл. Нэмэлт, өөрчлөлт оруулах санал  45

Далан тавдугаар зүйл. Санал асуулга  46

Далан зургаадугаар зүйл. Нэмэлт, өөрчлөлт оруулах  46

 

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

Нэгдүгээр зүйл. Удиртгал

 

1.1.         Багануур хотын оршин суугчид бид Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон нутгийн өөрийн удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, түүх, соёл, байгаль орчноо хамгаалах зорилгоор хотын Үндсэн дүрмийг үүгээр баталж, энэ дүрэмд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг хотын удирдлага, байгууллагад даалгаж байна. Ингэснээр бид хотын өөрийн эрх зүйн орчноо бий болгож, шууд ардчиллын үнэт зүйлс, мэргэжлийн удирдлага, хүчтэй манлайлал, иргэний оролцоо, бүс нутгийн хамтын ажиллагааг батламжилж байна.

 

Хоёрдугаар зүйл. Нэр

 

2.1.         Хотын оршин суугчид бид энэ дүрмийг зөвшөөрч баталснаар зохион байгуулалттайгаар нэгдэн, орон нутгийн асуудлыг бие даан шийдвэрлэх, зохион байгуулах эрх бүхий “Багануур  хот” нэртэй нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг байгуулж буйг тунхаглан зарлаж байна.

 

Гуравдугаар зүйл. Хотын бэлгэ тэмдэг

 

3.1.         Багануур хот нь өөрийн туг, сүлд тэмдэгтэй байна.

3.2.         Хотын сүлд тэмдэг нь … юм.

(Сүлд зураг)

3.3.         Хотын туг нь … өнгөтэй.

(Туг зураг)

 

Дөрөвдүгээр зүйл. Хотын эдэлбэр газар

 

4.1.         Багануур хотын эдэлбэр газрын хэмжээ, зааг нь дараах байдлаар тогтоогдоно. Хотын эдэлбэр газрын хилийн цэсийн зургийг энэ дүрэмд хавсаргав.

 

(Зургийг хавсаргана)

4.2.         Хотын оршин суугч, нутгийн өөрөө удирдах байгууллага, Монгол Улсын төрийн захиргааны байгууллага, бусад эрх бүхий этгээдийн саналыг үндэслэн нийтийн эрх, ашиг сонирхолд нийцүүлж хотын эдэлбэр газрын хэмжээ, хил заагийг холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрчилж болно.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХОТЫН БҮРЭН ЭРХ

 

Тавдугаар зүйл. Хотын бүрэн эрх

 

5.1.         Хот нь өөрийн эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг Монгол Улсын хууль тогтоомж, энэ дүрмийн хүрээнд удирдах, зохицуулах, бие даан шийдвэрлэх бүрэн эрхтэй.

5.2.         Хотын бүрэн эрх нь өөрт олгогдсон болон бусад этгээдээс /төрийн болон нутгийн удирдлагын байгууллагаас нийтийн эрх зүйн хэм хэмжээ болон гэрээний үндсэн дээр/ шилжүүлэн авсан бүрэн эрхээс бүрдэх бөгөөд тэдгээрийг Монгол Улсын хууль тогтоомж, хотын Үндсэн дүрэм болон багц дүрмийн дагуу хэрэгжүүлнэ.

5.3.         Хотын бүрэн эрх нь хотын оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн байна.

5.4.       Хот нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

5.4.1.     Хотын Үндсэн дүрэм, багц дүрэм, журам, эрх зүйн актыг баталж, мөрдүүлэх;

5.4.2.     хотын эдэлбэр газрын ашиглалтын асуудлыг шийдвэрлэх;

5.4.3.     хотын удирдлага, бүтэц, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх;

5.4.4.     засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, бусад хот, тосгодтой хамтарч ажиллах;

5.4.5.     хотын өмчийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах;

5.4.6.     улс, орон нутгийн төсөв, түүнчлэн хотын өөрийн мэдлийн аж ахуйгаас бий болсон орлого, гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүсээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж, бусад орлогоос хотын хөрөнгийн санг бүрдүүлэх, захиран зарцуулах;

5.4.7.     хотын татварын хэмжээ, төлбөр, хураамжийг тогтоох;

5.4.8.     хотын хөгжлийн төлөвлөлтийг боловсруулах, төлөвлөлтийн дагуу барьж байгуулах, иж бүрэн тохижуулах асуудлыг шийдвэрлэх;

5.4.9.     архитектур, барилгажилт, барилга, байгууламжийн өөрчлөлт, шинэчлэлт, хамгаалалт, тохижилтод шаардлага тавих, хөшөө, баримал, чимэглэлийн бүтээл байршуулах асуудлыг шийдвэрлэх;

5.4.10.   хүрээлэн буй орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах;

5.4.11.   түүх, соёлын өв, дурсгалт, үнэт зүйлсийг тогтоох, хадгалах, хамгаалалтад авах;

5.4.12.   боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, шинжлэх ухаан, соёл урлаг, спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх;

5.4.13.   гамшгаас урьдчилан сэргийлэх, хохирлыг арилгах үйл ажиллагаанд оролцох;

5.4.14.   нийтийн аюулгүй байдал, хэв журмыг сахиулах;

5.4.15.   хотын эдэлбэр газрын дээрх болон доорх байгалийн баялаг түүний нөөцийг зүй зохистой ашиглах;

5.4.16.   хотын дэд бүтцийг хөгжүүлэх, аж ахуйн нэгдмэл байдлыг хангах;

5.4.17.   орон нутгийн чанартай авто зам, авто зогсоол байгуулах, ашиглах, арчлах, хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах;

5.4.18.   дунд, бага орлоготой оршин суугчдыг орон сууцаар хангах, орон сууц барих, ашиглах, орон сууц барих нөхцлийг бүрдүүлэх;

5.4.19.   оршин суугчдыг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах нөхцлийг бүрдүүлэх, үйлчилгээ үзүүлэх;

5.4.20.   гал түймрээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах арга хэмжээ авах, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах;

5.4.21.   номын сан, дүрслэх урлагийн галерей, музей, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, амралт зугаалгын газар, усан оргилуур, халуун ус, бие засах газар, зах, томоохон худалдааны төв, нядалгааны газар, эмийн сан, сувиллын газар, эмнэлэг, амбулатори, буяны үйл ажиллагаа үзүүлэх, шарил хадгалах газар, оршуулгын газар, хог хаягдлыг цуглуулах, ачиж хаях, ангилах, боловсруулах байгууламж, гудамж талбайн цэвэрлэгээ, усалгааны систем гэх мэт нийтийн үйлчилгээний барилга, байгууламж барих, нийтийн үйлчилгээний байгууллагыг үүсгэн байгуулах, өөрчлөх, худалдан авах, эзэмших, үйл ажиллагааг эрхлэн явуулах;

5.4.22.   хотын оршин суугч, аж ахуйн нэгж, байгууллагыг ус, хий, дулаан, цахилгаан эрчим хүчээр хангах, усан хангамж, хийн үйлдвэр, бохирын систем, дулаан, эрчим хүчний үйлдвэр, инженерийн шугам сүлжээ байгуулах, худалдаж авах, шилжүүлэн авах, эзэмших, үйл ажиллагааг эрхлэн явуулах, нийтийн ашиг тусын тулд худалдах, хувьчлах, бусдад шилжүүлэх, татан буулгах;

5.4.23.   хотын нутаг дэвсгэрт ус, эрчим хүч, дулаан хангамж, хий, бохирын шугам, тээвэр гэх мэт үйлчилгээний систем, шугам сүлжээг дангаар, эсвэл бусад этгээдтэй хамтран эзэмших;

5.4.24.   мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг худалдан авах, байгуулах, эзэмших, үйл ажиллагааг эрхлэн явуулах;

5.4.25.   эд хөрөнгө өвлөх, хандив, бэлэг авах, тэдгээрийг зориулалтын дагуу ашиглах, зориулалт нь тодорхой бус тохиолдолд бие даан захиран зарцуулах;

5.4.26.   барилга, байгууламж болон тэдгээрийн орчны газрын ашиглалт, хашааны үзэмж, барилга байгууламжийн эзэмшигчид орчны тохижилтын үйл ажиллагаанд оролцох шаардлага тавих, гудамж, зам, орчны гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн байгуулалт ба хамгаалалт, зүлэгжүүлэлт, хаягжуулалт гэх мэт хот тохижилтын асуудлыг шийдэх;

5.4.27.   гол, усан байгууламж дахь иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүний амь, эрүүл мэнд эрсдэхээс хамгаалах;

5.4.28.   хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг өргөжүүлэх, бага, дунд үйлдвэрлэл, нийгмийн халамжийн болон буяны үйл ажиллагааг дэмжих;

5.4.29.   хүүхэд, залуучуудын хүмүүжлийн ажлыг зохион байгуулах;

5.4.30.   хотын эдэлбэр газар дахь чөлөөт бүсийн үйл ажиллагаанд хяналт тавих;

5.4.31.     аялал жуулчлалыг хөгжүүлэх.

5.5.         Энэхүү дүрмийн Тавдугаар зүйлийн 5.4-т хотын зарим бүрэн эрхийг тусгайлан заасан нь хотын бусад эрхийг хязгаарлахгүй. Хот өөрийн бүрэн эрхийг бие даан хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

           

Зургаадугаар зүйл. Иргэдийн оролцоо

 

6.1.         Хотын өөрийн удирдлагыг түүний сонгуулийн эрх бүхий оршин суугчид хэрэгжүүлнэ.

6.2.         Хотын оршин суугчийн эрх, эрх чөлөө, хүрээлэн буй орчныг хамгаалах, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон нийтэд таниулан сурталчлах, хэлэлцүүлэг өрнүүлэх, эвлэлдэн нэгдэх, эсэргүүцлээ илэрхийлэх, дүрэм санаачлах, хэвлэн нийтлэх, санал асуулга явуулах шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх, хяналт тавихад сайн дурын үндсэн дээр чөлөөтэй оролцох замаар хотын оршин суугч эрхээ эдэлнэ.

6.3.         Сонгуулийн эрх бүхий оршин суугчид нас, хүйс, яс үндэс, арьсны өнгө, хэл, шашин шүтлэг, үзэл бодол, нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан хотын өөрийн удирдлагын үйл хэрэгт ижил, тэгш, шууд оролцож, сонгож байгуулсан Хотын захирагч болон Зөвлөлөөр дамжуулан энэ эрхээ эдэлнэ.

6.4.         Хотын оршин суугчдын удирдлагын бүрэн эрхийг дараах үйл ажиллагаагаар хангана:

6.4.1.     бүх нийтийн санал асуулга;

6.4.2.     хотын Захирагч, Зөвлөлийн гишүүний сонгууль;

6.4.3.     хотын Захирагч болон Зөвлөлийн гишүүнийг эгүүлэн татах;

6.4.4.     хотын эдэлбэр газрын хэмжээ, заагт өөрчлөлт оруулах, орон нутгийн түвшинд бодлого, хууль, журам боловсруулахад оролцох оролцоог хангах гэх мэт асуудлаар санал хураалт явуулах;

6.4.5.     хотын дүрэм боловсруулах, шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох талаар санаачилга гаргах;

6.4.6.     нийтийн зар мэдээ зохион байгуулах;

6.4.7.     нийтийн сонсгол зохион байгуулах;

6.4.8.     оршин суугчдын хурал;

6.4.9.     хотын удирдлагад хандах;

6.4.10.   бусад.

6.5.         Хотын оршин суугч хотын Захирагч, Зөвлөлийн гишүүнийг сонгох, уг албан тушаалд сонгогдох эрхтэй.

6.6.         Иргэн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж шаардсан тохиолдолд хотын байгууллага, албан тушаалтан түүнд холбогдох баримт бичигтэй танилцах боломжийг олгох үүрэгтэй.

6.7.         Хотын удирдлага нь хотын амьдрал, хөгжлийн талаарх нийтийн зар мэдээг оршин суугчдад хүргэх үүрэгтэй.

 

Долоодугаар зүйл. Хотын харилцаа, хамтын ажиллагаа

 

7.1.         Хот нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хот, тосгон, бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй гэрээ байгуулах болон бусад хэлбэрээр хамтран ажиллаж болно.

7.2.         Хотоос төрийн захиргааны байгууллагатай дараах хэлбэрээр харилцаж, хамтран ажиллана. Үүнд:

7.2.1.     хотын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах;

7.2.2.     салбар, салбар хоорондын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор гэрээ байгуулах;

7.2.3.     хууль тогтоомжид заасан бусад хэлбэр

                                                                                                      

ГУРАВДУГААР БҮЛЭГ. ХОТЫН ЗӨВЛӨЛ

 

Наймдугаар зүйл. Хотын зөвлөл, Зөвлөлийн гишүүн

 

8.1.         Хотын бүрэн эрхийг байнгын ажиллагаатай Багануур хотын зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) хэрэгжүүлнэ.

8.2.         Зөвлөл нь хотын сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогдсон Захирагч, 6 гишүүнээс бүрдэнэ.

8.3.         Сонгуулийн эрх бүхий хотын оршин суугчид нийтээрээ, тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж Захирагч, Зөвлөлийн гишүүнийг сонгоно.

8.4.         Хотын Захирагчийг сонгуулийн эрх бүхий хотын оршин суугчид томсгосон тойргоор сонгох ба Захирагч нь Зөвлөлийн дарга байна.

8.5.         Зөвлөлийн 6 гишүүнийг сонгуулийн тойргоос сонгоно.

8.6.         Сонгуулийн тойргийг хүн амын тоог харгалзан байгуулах, тойрог бүр ойролцоо тооны оршин суугчтай байна. Сонгуулийн тойргийн эрх бүхий сонгогч нь зөвхөн тухайн тойргоос нэр дэвшигчийг сонгоно.

8.7.         Зөвлөлийн гишүүдийг сонгох журмыг энэхүү Дүрмээр зохицуулна.

8.8.         Зөвлөлийн гишүүн нь хотын оршин суугч, эсвэл тухайн хотын нутаг дэвсгэр дэх байгууллага, аж ахуйн нэгжид ажил, хөдөлмөр эрхлэгч байна.

 

Есдүгээр зүйл. Зөвлөлийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх

 

9.1.         Зөвлөлийн анхдугаар хуралдаан энэ дүрмийн 9.3-т бүрэлдэхүүнтэй болсон өдрөөс хойш хорин нэгэн өдрийн дотор хуралдана.

9.2.         Хотын Зөвлөлийн гишүүний бүрэн эрх нь “Багануур хотын Зөвлөлийн гишүүн би оршин суугчдынхаа элчийн хувьд нийт оршин суугч, хотын ашиг сонирхлыг эрхэмлэн, Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж, хотын Үндсэн дүрэм, бусад дүрэм, журмыг дээдлэн сахиж, хотын хөгжил, оршин суугчдын сайн сайхны төлөө гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэж Тангараг өргөснөөр эхэлж, Зөвлөлийн дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно. Тангаргийг хотын туг, сүлдний өмнө хотын хуульч гэрчлэн өргүүлж, тангаргийн бичигт гарын үсэг зурж баталгаажуулна.

9.3.         Зөвлөлийн нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүй гишүүн сонгогдсон, томилогдсон тохиолдолд Зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцогдоно.

9.4.         Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

 

Аравдугаар зүйл. Зөвлөлийн бүрэн эрх

 

10.1.       Зөвлөл нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн хотын эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж, бие даан шийдвэрлэх эрхтэй.

10.2.       Хотод нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам тогтоох, хотын төсөв, санхүүгийн төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийг батлах, хөгжлийн бодлогыг тодорхойлох, түүний биелэлт, үр дүнг хянах, хотын захиргааг эмхлэн байгуулах, хотын Ерөнхий менежерийг томилох нь Зөвлөлийн онцгой бүрэн эрхэд хадгалагдана.

10.3.       Зөвлөл нь дараах асуудлаар тогтоол, дүрэм, журам гаргах эрхийг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ. Үүнд:

10.3.1.     Хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсөв, санхүүгийн талаар:

a)     хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэх;

b)     хотын төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэлийг батлах;

c)     урт хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг тусгасан хотын хөгжлийн стратеги, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төслийг хэлэлцэж түүнийг батлуулахаар харъяа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагад өргөн мэдүүлэх;

d)     батлагдсан ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргах;

e)     төлөвлөлтийн асуудлыг эрхлэн шийдэх нэгжийг байгуулах, түүний эрх, үүргийг тогтоох;

f)      хотын хөрөнгийн санг байгуулах, зориулалтын дагуу захиран зарцуулах;

g)     яаралтай арга хэмжээ авах шаардлагатай тохиолдолд Захирагчийн шийдвэрээр шууд зарцуулагдах тусгай сан байгуулах, сангийн хэмжээг тогтоох;

h)     хүрээлэн буй орчныг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг сайжруулах, хотын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор иргэдийн санал асуулгын үндсэн дээр төлбөр, хураамж тогтоох, түүнийг төлүүлэх, төлөөгүй нөхцөлд хариуцлага тооцох.

 

10.3.2.         Хотын өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар:

a)     Хотын Зөвлөл нь хотын өмчийн зүйлсийг оршин суугчдаа төлөөлөн өмчлөгч нь байх ба өмчлөгчийнхөө хувьд хотын өмчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, хувьчлах, нийтийн дуудлага худалдаа, нээлттэй сонгон шалгаруулалт, гэрээ хэлцлийн дагуу түрээслүүлэх;

b)     хотын өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих;

c)     хотын өмчийн байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах, тэдгээрээс үзүүлэх үйлчилгээний төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох;

d)     хотын эрх ашиг, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өмч хөрөнгө худалдан авах, шилжүүлэх, хувьчлах шийдвэр гаргах;

e)     хотын өмчийн үр ашиггүй болсон эд хөрөнгийг нийтийн дуудлага худалдаа, нээлттэй сонгон шалгаруулалт, гэрээ хэлцлийн дагуу худалдах шийдвэр гаргах;

f)      түүх, соёл, барилга архитектур, археологийн үнэт зүйлс бүхий хөрөнгийг өмчлөх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, ач холбогдлыг нь нэмэгдүүлэх, эдгээр ажилд зориулан хөрөнгө гаргах.

 

10.3.3.         Газар ашиглах, байгаль хамгаалах талаар:

a)     хотын эдэлбэр газрын ашиглалтыг төлөвлөх;

b)     ерөнхий төлөвлөгөө, бүсчлэл, газар ашиглалтын төлөвлөгөө, бүс нутгийн хөгжлийн төлөвлөлт хоорондын уялдааг хангах;

c)     усны нөөцийг тогтоосон журмын дагуу ашиглуулах;

d)     ариун цэвэр, эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах;

e)     хүрээлэн байгаа орчин, ногоон бүсийг хамгаалах, сэргээх арга хэмжээ авах;

f)      зам, гудамж, талбай, нийтийн эзэмшлийн газар, соёл амралтын болон цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэгт гудамж, тоглоомын талбайтай холбоотой дараах асуудлыг эрхлэн шийдвэрлэх:

  • байгуулах байршлыг тогтоох, шинээр байгуулах, өргөтгөх, өргөжүүлэх, өөрчлөлт хийх, хаах, тодорхой ажил гүйцэтгэхийг өмчлөгч, эзэмшигчээс шаардах, шаардлагатай гэж үзвэл өмч хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох, худалдан авах зэрэг замаар хотын өмчид шилжүүлэн авах;
  • гэрэлтүүлгээр хангах, хотын тохижилт, үйлчилгээний зориулалтаар усаар хангах;
  • зам, гудамж, өргөн чөлөөг цэцэрлэгт гудамж болгох, цэцэрлэгт гудамжаар төмөр зам, хүнд машин механизмын хөдөлгөөнийг хориглох;
  • шинээр байгуулах зориулалтаар өмчлөгч, эзэмшигчээс хотод бэлэглэсэн газрыг шилжүүлэн авах, ашиглах;
  • газрыг нь чөлөөлөх, үйл ажиллагаагааны зориулалтаа өөрчлөх, нийтэд ашиглуулахыг зогсоох тухай өмчлөгч, эзэмшигчийн шийдвэрийг хэлэлцэн шийдвэрлэх;
  • холбогдох этгээдэд зохих чиг үүргийн хамт шилжүүлэн өгөх, шилжүүлэн өгсөн шийдвэрийг цуцлах;

g)     хог хаягдалтай холбоотой дараах асуудлыг хууль, журмын дагуу шийдэх, хог хаягдлын удирдлагыг хэрэгжүүлэх:

  • хог хаягдалд хяналт тавих, зохицуулалт хийх, хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, боловсруулах, тээвэрлэх, зайлуулах;
  • хог хаягдал боловсруулах газрыг хотын эзэмшилд авах, шинээр байгуулах, үйл ажиллагааг нь эрхлэн явуулах, өргөжүүлэн сайжруулах, эдгээр ажлыг гэрээний дагуу бусадтай хамтран хэрэгжүүлэх;
  • хог хаягдлын үйлчилгээний төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох, хураах;
  • хог хаягдлын асуудалтай холбоотой зөвшөөрөл шаардах;
  • боловсруулсан хог хаягдлыг худалдан авах, худалдах;
  • хог хаягдлыг хууль бусаар хаях тохиолдолд хариуцлага хүлээлгэх;
  • хог хаягдлыг боловсруулах, хаях, устгах асуудлаар хууль, тогтоомжийн хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хот, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах, гэрээ байгуулах.

 

10.3.4.     Зам тээвэр, инженерийн дэд бүтцийн талаар:

a)     Хотын өмчийн нийтийн тээврийн байгууллагыг нэгдсэн удирдлагаар хангах, нийтийн тээврийн үйлчилгээг зохицуулах;

b)     барилга, барилгын дэд бүтцийн шугам сүлжээнд тавигдах шаардлагыг тогтоох, зохицуулалт хийх;

c)     хотод зайлшгүй шаардлагатай гол, горхи, үерийн ус урсах жалга, суваг, хоолой, үерийн уснаас хамгаалах далан, байгууламжийг төлөвлөх, байгуулах, өргөтгөх, засварлах, арчлах, тоноглох;

d)     хууль, тогтоомжид өөрөөр заагаагүй бол хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжид хотоос үзүүлж буй ус, халаалт, гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүч, харилцаа холбооны үйлчилгээний үнэ, тарифын хэмжээ, үйлчилгээний чанарын түвшинг тогтоох;

e)     эд бараа тээвэрлэх зорилгоор төмөр замын салаа зам байгуулахыг үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөх;

f)      хотын эзэмшлийн газар доогуур харилцаа холбоо, цахилгаан, бусад зориулалтын утас татах, татсан утсыг зайлуулах, хотын зам, гудамж, нийтийн эзэмшлийн талбайн дагуу, хөндлөн утас, шугам татах, шон босгох зэрэг асуудлыг журамлах;

g)     зам, гудамж талбай, цэцэрлэгт гудамж, нийтийн эзэмшлийн талбайд суурилуулах усан хангамж, хийн хангамж, бусад зориулалтын шугам сүлжээний хоолойн хэмжээс, байршлыг тогтоох, шугам сүлжээний зураг, схемийг гаргаж хадгалах асуудлыг журамлах;

h)     шаардлагатай тохиолдолд замын хөдөлгөөний аюулгүй байдал, замын хөдөлгөөнийг зохицуулах талаар мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах.

 

10.3.5.   Иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах талаар:

a)     хотын Зөвлөлийн гишүүний сонгуулийг зохион байгуулах, санал тоолох, сонгуулийн үр дүнг мэдээлэх, байр, тоног төхөөрөмж, нөхцлөөр хангах, хууль тогтоомжийн дагуу сонгогчдыг бүртгэх;

b)     цагдаа, онцгой байдлын алба байгуулах, гамшиг, галын дохиолол, гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл хүлээн авах харилцаа холбооны системийг бий болгох, шаардлагатай барилга байгууламж, төхөөрөмж, хэрэгслээр хангах талаар мэргэжлийн байгууллагад туслалцаа үзүүлэх;

c)     хотын оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах, хууль ёс дэг журмыг хангахад шаардлагатай дүрэм, журмыг баталж, мөрдүүлэх

d)     цагдаа, онцгой байдал, эмнэлгийн яаралтай тусламж зэрэг шуурхай албан үүргийн үйлчилгээг үзүүлэх, түүнтэй холбоотой дүрэм, журмыг баталж мөрдүүлэх.

 

10.3.6.         Нийгмийн бодлого, хөгжлийн талаар:

a)     хөдөлмөр зуучлалын газрыг байгуулж үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлэх;

b)     хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчин гаралт, тархалтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг зохион байгуулах;

c)     гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэх, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг нийгэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

d)     соёл, урлаг, эрүүл мэнд, биеийн тамир, спорт зэрэг тодорхой эрх, үүрэг бүхий зөвлөлүүдийг байгуулах, тэдгээрийн бүрэлдэхүүнийг баталж, удирдлагыг сонгох;

e)     хотын мэдлийн орон сууцны сан бий болгох, орон сууцны ашиглалтын журмыг тогтоох, тогтоосон журмын дагуу иргэдэд хуваарилах.

 

10.3.7.     Нийтийн аж ахуйн талаар:

a)     хотын гудамж, нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний замын ашиглалттай холбоотой дүрэм, журмыг батлах;

b)     зар сурталчилгааны самбар, хаяг, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах асуудлыг журамлах, зөвшөөрөл олгох, хяналт тавих;

c)     бохирын систем, суваг, шуудуу байгуулах, ашиглах, засвар үйлчилгээ хийх, цэвэрлэх үйл ажиллагааг журамлах, шаардлага хангаагүй барилга, байгууламжийн эзэмшигчийн зардлаар зөрчлийг арилгах, шаардлагад нийцүүлэх ажлыг хот өөрөө гүйцэтгэх;

d)     хот тохижилтын талаар дараах ажлыг хариуцан зохион байгуулах. Үүнд:

  • тогтоосон шаардлагад нийцүүлж зам, гудамж, өргөн чөлөө, гарц, талбай, нийтийн эзэмшлийн газар, тэдгээрийн хэсэгт хучилт хийх, тохижуулах, гадаргууг засварлах;
  • явган хүний зам, ус зайлуулах систем, шугам сүлжээний худаг, хоолой, замын хашлага, явган хүний гарц зэргийг байгуулах;
  • зам, гудамж, талбай, бусад газарт мод, ургамлыг суулгах, арчлан хамгаалах;
  • хувийн өмчийн болон эзэмшлийн газар дээгүүр ус зайлуулах шугам, шуудуу, хоолойг татах, байгуулах;
  • барилга, байгууламжийн гадна өнгө үзэмжийг сайжруулах, гадна тохижилт, засвар, үйлчилгээ хийх;

e)     нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх, хотын өмчлөлд шилжүүлэн авах журмыг тогтоох.

 

10.3.8.       Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн талаар:

a)     хуульд заасны дагуу аливаа ажил, үйлчилгээ, худалдаа, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хураамж, төлбөрийн хэмжээ, төлбөр, хураамжийг цуглуулах журмыг тогтоох, зөвшөөрөл авах шаардлагатай ажил, үйлчилгээ, худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхэлсэн тохиолдолд ногдуулах хариуцлагыг тогтоох;

b)     согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, үйлчилгээ, тэдгээртэй холбоотой үйл ажиллагааг журамлах;

c)     нийтийн амгалан, тайван байдлыг алдагдуулах үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа, дуу, чимээг хязгаарлах тухай дүрэм журам гарган мөрдүүлэх;

d)     сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулах;

e)     театр, үзэсгэлэн, нийтийн цэнгээний газар, бүжгийн танхим, тоглоом, соёл амралтын газруудын үйл ажиллагаанд үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор гэрчилгээ олгох, үйл ажиллагааг нь журамлах.

10.4.       Энэ дүрмийн 10.3 Зөвлөлийн бүрэн эрхийг тусгайлан заасан нь түүний бусад бүрэн эрхийг хязгаарлахгүй.

10.5.       Зөвлөл нь зарим бүрэн эрхээ Хотын захирагч болон Менежерт шилжүүлж болно. Гэхдээ энэ нь Зөвлөлийн дүрэм, журам батлах болон төсвийн эрхэд хамаарахгүй. Эрх шилжүүлсэн нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

10.6.       Зөвлөл нь одоогийн болон өмнөх Зөвлөлийн гишүүнийг орон нутаг, засаг захиргааны нэгж хоорондын хамтын байгууллагын удирдах зөвлөлд хотыг төлөөлөх этгээдээр томилж болно.

 

Арван нэгдүгээр зүйл. Цалин, хөлс

 

11.1.       Зөвлөл нь Захирагч, Зөвлөлийн гишүүний цалингийн хэмжээг тогтоож, энэ тухай тогтоол гаргана.

11.2.       Захирагч, Зөвлөлийн гишүүний цалингийн хэмжээг өөрчлөх тухай аливаа тогтоол нь дараагийн Зөвлөлийн бүрэн эрх хэрэгжиж эхэлснээр мөрдөгдөнө.

11.3.       Зөвлөл нь Захирагч, Зөвлөлийн гишүүнд ажил, үүргээ гүйцэтгэх явцад унаа, албан томилолт, бичиг хэрэг, холбоо зэрэг нэмэлт зардлыг гаргах эрхтэй.

 

Арван хоёрдугаар зүйл. Зөвлөлийн үйл ажиллагаанд хориглох зүйл

 

12.1.       Зөвлөл болон Зөвлөлийн гишүүнд дор дурьдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:

12.1.1.      хууль тогтоомж, энэ дүрэмд өөрөөр заагаагүй бол бүрэн эрхийнхээ хугацаанд өөр сонгуульт болон томилгоот ажил эрхлэх;

12.1.2.      бүрэн эрхийнхээ хугацаанд хотын захиргааны болон бусад байгууллагад ажил, албан тушаал эрхлэх;

12.1.3.      Ёс зүйн хороо зөвшөөрснөөс бусад тохиолдолд бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш гурван жилийн хугацаанд хотын захиргаа, түүний харьяа байгууллага, аж ахуйн нэгжид ажил эрхлэх, албан тушаалд томилогдох;

12.1.4.      Ерөнхий менежерийн удирдлагад ажиллах аливаа албан тушаалтан, ажилтныг томилох, үүрэгт ажлаас нь чөлөөлөх үйл ажиллагаанд оролцох, томилох, чөлөөлөхийг шаардах;

12.1.5.      лавлагаа, мэдээлэл авах, тухайн асуудлын бодит байдал, шалтгааныг судлан тогтоох албан ёсны үйл ажиллагаанаас бусад зорилгоор Ерөнхий менежерийн удирдлагад үүрэг гүйцэтгэж байгаа аливаа албан тушаалтан, ажилтантай зөвхөн Ерөнхий менежерээр дамжуулан харилцах ба эдгээр албан тушаалтан, ажилтнуудад шууд үүрэг даалгавар өгөх;

12.1.6.      хууль, тогтоомж болон энэхүү дүрмийг зөрчсөн аливаа үйл ажиллагаа.

 

Арван гуравдугаар зүйл. Зөвлөлийн хуралдааны дэг

 

13.1.       Зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Зөвлөл нь хуралдааны дэг, тэмдэглэл хөтлөх журмыг тогтооно.

13.2.       Зөвлөлийн хуралдаан ил тод, шударга, ардчилсан, тэгш эрхтэй байхаар зохион байгуулагдана.

13.3.       Зөвлөл нь долоо хоног тутам нэгээс доошгүй удаа дүрэмд заасан газар, товлосон цагт хуралдана. Захирагч, эсвэл Зөвлөлийн нийт гишүүдийн гуравны нэгээс дээш гишүүдийн саналаар ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно. Ээлжит бус хуралдааныг хуралдуулах талаар Зөвлөлийн гишүүн бүрт 12 цагаас багагүй хугацааны өмнө мэдэгдсэн байна.

13.4.       Зөвлөл нь төлөвлөгөөний дагуу асуудлыг авч хэлэлцэх явцад тухайн асуудал нь хувь хүний нэр төрд хохирол учруулах магадлал бүхий нөхцөл байдалд хүргэхээр бол тухайн асуудлаар эцсийн шийдвэр гаргалгүйгээр өөрийн гишүүд, удирдлагын хүрээнд хаалттай хэлэлцэх зорилгоор дараагийн хуралдааны товд оруулах хүртэл хуралдааныг завсарлуулж болно.

 

Арван дөрөвдүгээр зүйл. Хуралдаан нээлттэй явагдах

 

14.1.       Хуульд өөрөөр заагаагүй бол бүх асуудлаар хуралдаан нийтэд нээлттэй явагдах ба хуралдааны тэмдэглэл, дүрс бичлэг нийтэд нээлттэй байна.

           

Арван тавдугаар зүйл. Хуралдаан хүчинтэй байх

 

15.1.       Зөвлөлийн нийт гишүүдийн олонх хуралдаанд оролцсоноор тухайн хуралдааныг хүчинтэйд тооцно.

 

Арван зургаадугаар зүйл. Зөвлөлд асуудал оруулах эрх

 

16.1.       Зөвлөлийн гишүүн, тухайн хотын Захирагч болон хотын дүрэмд заасан журмын дагуу оршин суугчид асуудал санаачлан Зөвлөлд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.

16.2.       Энэ дүрмийн 16.1заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын 2 хоногийн өмнө зөвлөлийн гишүүдэд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.

 

Арван долоодугаар зүйл. Зөвлөлийн шийдвэр

 

17.1.   Зөвлөл нь хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар батална.

17.2.   Зөвлөлөөс гарах тогтоолд Захирагч, түүний эзгүйд Захирагчийн орлогч гарын үсэг зурж, Хотын хэрэг эрхлэх газрын дарга, түүний эзгүйд түүний орлогч тамга дарж баталгаажуулан, бүртгэж хадгална.

17.3.   Нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хойшлуулшгүй арга хэмжээ авах шаардлагаас бусад тохиолдолд Зөвлөлийн шийдвэр нь түүнийг баталгаажуулан нийтэд мэдээлснээс хойш 31 дэх өдрөөс, хэрэв шийдвэрт хугацааг тусгайлан заасан бол тухайн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

17.4.   Зөвлөлийн шийдвэрийг баталгаажуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор өдөр тутмын хэвлэлд, 72 цагийн дотор хотын цахим хуудаст нийтэд мэдээлнэ.

17.5.   Зөвлөлөөс гарсан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Зөвлөл өөрчлөх буюу хүчингүй болгоно.

 

Арван наймдугаар зүйл. Санал өгөх

 

18.1.   Нууцаар санал өгөх шаардлагатай асуудлаас бусад тохиолдолд гишүүн бүр нэр дуудах зарчмаар нээлттэй санал өгч, саналыг нэг бүрчлэн хуралдааны тэмдэглэлд тусгана.

18.2.   Хуралдаан хүчинтэй болоход гишүүдийн ирц хүрэлцэхгүй тохиолдолд хуралдааныг хойшлуулна.

18.3.   Хэрэв Зөвлөлийн шийдвэр зөвлөлийн гишүүнд өөрт нь болон түүний гэр бүл, хамаатан садан, ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагын эрх ашигт ямар нэгэн давуу болон сул талыг шууд бий болгохоор бол тухайн гишүүн уг шийдвэр гаргах ажиллагаанд санал өгөхөөс татгалзана.

 

Арван есдүгээр зүйл. Зөвлөлийн гишүүний орон гарсан суудлыг нөхөх

 

19.1.       Зөвлөлийн гишүүн нас барсан, эгүүлэн татагдсан, чөлөөлөгдсөн тохиолдолд түүний ажлын байранд орон гарсан гэж үзнэ.

19.2.       Нөхөн томилогдсон Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ХОТЫН ЗАХИРАГЧ

 

Хорьдугаар зүйл. Хотын Захирагч, түүний бүрэн эрх

 

20.1.       Багануур хотын Захирагч нь хотын гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлнэ.

20.2.       Захирагчаар дөчин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил тухайн хотод байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

20.3.       Захирагчийг хотын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно. Захирагчийн сонгуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу явуулна.

20.4.       Хотын Захирагчийн бүрэн эрх нь “Багануур хотын Захирагч би Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж, хотын Үндсэн дүрэм, бусад дүрэм, журмыг дээдлэн сахиж, хотын хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө Захирагчийн үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэж Тангараг өргөснөөр эхэлж, Захирагчийн дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон Захирагч тангараг өргөснөөр дуусгавар болно. Тангаргийг хотын туг, сүлдний өмнө хотын хуульч гэрчлэн өргүүлж, Тангаргийн бичигт гарын үсэг зурж, баталгаажуулна.

20.5.       Захирагчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно.

20.6.       Захирагч нь Зөвлөлийн санал өгөх эрхтэй гишүүн байх ба Зөвлөлийн дарга байна.

20.7.       Зөвлөлийн даргын хувьд дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

20.7.1.    Зөвлөлийн хурлыг товлон зарлах, бэлтгэлийг хангуулах;

20.7.2.    тухайн Зөвлөлийн хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

20.7.3.    эрх бүхий этгээдээс Зөвлөлд хэлэлцүүлэхээр тавьсан асуудлыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;

20.7.4.    Зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлыг зохион байгуулах;

20.7.5.    Зөвлөлийн хуралдаан, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;

20.7.6.    хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих;

20.7.7.    төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих ажлыг зохион байгуулах;

20.7.8.    иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн Зөвлөлд ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

20.7.9.    тухайн Зөвлөлийг дотоод, гадаадад төлөөлөх;

20.7.10.      хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

20.8.       Хотын захирагчийн хувьд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

20.8.1.    хотын ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулах, Зөвлөлөөр хэлэлцүүлэх, хууль тогтоомжид заасан журмаар батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

20.8.2.    улсын ба орон нутгийн төсвөөс хотод хуваарилсан төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах;

20.8.3.    хотын өмчийг хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулж, тэдгээрийг шинээр бий болгох, түрээслэх асуудлыг шийдвэрлэх;

20.8.4.    хотын оршин суугчдын ашиг сонирхолд нийцүүлэн хотын өмчийг хувьчлах асуудлыг Зөвлөлөөр шийдвэрлүүлэх;

20.8.5.    хотын үйл ажиллагааг иргэд, Зөвлөлд жил бүр тайлагнах;

20.8.6.    албан ёсны үйл ажиллагаанд хотын нэрийн өмнөөс оролцох;

20.8.7.    Ерөнхий менежерийг томилох, чөлөөлөх саналыг Зөвлөлд оруулах;

20.8.8.    бусад.

20.9.       Хотын захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.

20.10.    Хотын захирагчийн захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол хүчингүй болгоно.

20.11.    Хотын Захирагч нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.

20.12.    Хотын Захирагч зайлшгүй шаардлагатай нөхцөлд Зөвлөлийн нэрийн өмнөөс яаралтай шийдвэр гаргах, хойшлуулшгүй арга хэмжээ авах эрхтэй. Энэ тохиолдолд гаргасан шийдвэр, арга хэмжээнийхээ талаар Зөвлөлийн дараагийн хуралдаанд танилцуулах үүрэгтэй.

20.13.    Захирагч дараах асуудлыг Зөвлөлд танилцуулан батлуулна:

20.13.1.      хотын жилийн төсвийн төлөвлөгөө, түүний гүйцэтгэл;

20.13.2.      хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр;

20.13.3.      хотын жилийн эдийн засаг, нийгмийн зорилт;

20.13.4.      нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмын төсөл;

20.14.    Захирагч нь хотын үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр Зөвлөлийг тогтмол хангаж, жилийн ажлаа тайлагнана.

 

Хорин нэгдүгээр зүйл. Хотын Захирагчийн орлогч

 

21.1.       Зөвлөл нь гишүүдийн дундаас хотын Захирагчийн орлогчийг сонгоно. Орлогч нь Захирагчийн эзгүйд түүнийг орлоно.

21.2.       Захирагчийн орлогч нь Захирагчийн орон гарах тохиолдолд сонгуулиар шинээр Захирагч сонгогдтол хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч байна.

 

Хорин хоёрдугаар зүйл. Онцгой байдлын үеийн эрх мэдэл

 

22.1.       Хотын Захирагч нь нийтийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, тайван байдлыг хамгаалах үүднээс онцгой дэглэм тогтоох эрхтэй. Онцгой дэглэмийн журмыг зөрчсөн буруутай этгээдэд хариуцлага тооцно.

22.2.       Хотын Захирагч, түүний орлогч хоёул эзгүй, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байх үед, эсвэл Захирагч, Захирагчийн орлогчийн орон гарсан үед хамгийн сүүлд Захирагчийн орлогчийн үүргийг гүйцэтгэж байсан гишүүн энэ дүрмийн 22.1-д заасан үүргийг гүйцэтгэнэ.

 

ТАВДУГААР БҮЛЭГ.ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР

 

Хорин гуравдугаар зүйл. Хотын Ерөнхий менежерийн томилгоо

 

23.1.       Багануур хотын Ерөнхий менежер (цаашид “Ерөнхий менежер” гэх) нь хотын аж ахуйг удирдан зохион байгуулж мэргэжлийн албадыг удирдана.

23.2.       Зөвлөл нь хотын Захирагчийн санал болгосноор Ерөнхий менежерийг нийт гишүүдийн олонхийн саналаар томилж, түүний цалин хөлс, бусад хангамжийг тогтооно.

23.3.       Зөвлөл нь Ерөнхий менежерийг томилохдоо түүний гүйцэтгэх удирдлага, орон нутгийн аж ахуйг удирдан зохион байгуулах мэдлэг, чадвар, мэргэшил, туршлагыг гол шалгуур үзүүлэлт болгоно.

23.4.       Зөвлөлийн гишүүн нь бүрэн эрхийнхээ үед, бүрэн эрх дуусгавар болсноос хойш нэг жилийн хугацаанд Ерөнхий менежерээр томилогдохгүй.

 

Хорин дөрөвдүгээр зүйл. Ерөнхий менежерийг халах, чөлөөлөх

 

24.1.     Зөвлөл нь дараах үндэслэлээр Ерөнхий менежерийг нийт гишүүдийн олонхийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

24.1.1.   үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан;

24.1.2.   эрх мэдлээ урвуулан ашигласан;

24.1.3.   хотод хор уршиг учруулсан;

24.1.4.   хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр.

24.2.       Зөвлөл нь дараах үндэслэлээр Ерөнхий менежерийг нийт гишүүдийн олонхийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

24.2.1.   ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;

24.2.2.   үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон;

24.2.3.   хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр.

24.3.       Ерөнхий менежерийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Зөвлөлийн мэдэгдлийг Ерөнхий менежерт хүргүүлж, түүнийг түр түдгэлзүүлэх тухай тогтоол гаргана. Энэ тогтоолд Ерөнхий менежерийг чөлөөлөх үндэслэл, шалтгааныг тодорхой зааж, тогтоолын хувийг Ерөнхий менежерт хүргүүлнэ. Ерөнхий менежер нь тогтоолын хувийг хүлээн авснаас хойш арван таван өдрийн дотор бичгээр хариу тайлбар хүргүүлж болно.

24.4.       Зөвлөл нь Ерөнхий менежерийн хариу тайлбарыг авч хэлэлцэн, түүнийг чөлөөлөх эсэх асуудлыг тогтоол гаргаж эцэслэн шийдвэрлэнэ.

24.5.       Ерөнхий менежер нь үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тогтоол эцэслэн гартал цалин хангамжаар бүрэн хангагдана.

24.6.       Зөвлөл нь Менежерийг шалтгаан заахгүйгээр чөлөөлөх асуудлыг нийт гишүүдийн гуравны хоёр буюу дийлэнхийн саналаар шийдвэрлэнэ.

 

Хорин тавдугаар зүйл. Ерөнхий менежерийн үүргийг түр орлон гүйцэтгэх

 

25.1.       Ерөнхий менежер нь өөрийн үүрэг гүйцэтгэгчээр хотын эрх бүхий албан тушаалтанг томилно.

 

Хорин зургаадугаар зүйл. Ерөнхий менежерийн эрх, үүрэг

 

26.1.      Ерөнхий менежер нь энэ дүрмээр олгосон бүрэн эрхийн дагуу хотын аж ахуйг удирдан зохион байгуулах, мэргэжлийн албадыг зохицуулан удирдах асуудлаар Зөвлөл болон Захирагчийн өмнө хариуцлага хүлээж, ажлаа тайлагнана.

26.2.      Ерөнхий менежер нь дараах эрхийг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:

26.2.1.     хууль тогтоомж, энэ дүрэм, хүний нөөцийн асуудлыг зохицуулсан бусад дүрэмд өөрөөр заагаагүй бол хотын захиргааны ажилтан, албан хаагчдыг томилох, түдгэлзүүлэх, ажлаас халах, чөлөөлөх эрхийг бие даан хэрэгжүүлэх;

26.2.2.     өөрийн удирдлагын харьяа байгууллага, нэгж, агентлагийн ажилтан, албан хаагчдыг томилох, түдгэлзүүлэх, ажлаас чөлөөлөх эрхийг тухайн байгууллага, нэгж, агентлагийн удирдлагад шилжүүлэх;

26.2.3.     хууль тогтоомж, энэ дүрэмд өөрөөр заагаагүй бол өөрийн харьяа байгууллага, нэгж, агентлагийн удирдлагыг чиглэл, удирдамжаар хангах;

26.2.4.     санал өгөх эрхгүйгээр Зөвлөлийн бүх хуралдаанд оролцох. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй бол өөрийг нь төлөөлөх эрх бүхий хүнийг хуралдаанд оролцуулах;

26.2.5.     Зөвлөлийн шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах;

26.2.6.     Ерөнхий менежер, түүний харьяа байгууллага, нэгж, газрын удирдлага, ажилтан хэрэгжүүлэхээр заасан хууль тогтоомж, дүрэм, Зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах, хангуулах;

26.2.7.     хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж хуйн нэгж, иргэдэд хот, иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомж, дүрэмд заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах.

26.2.8.     жилийн төсөв, хотын хөгжлийн хөтөлбөрийн төслийг боловсруулан Зөвлөлд өргөн барих, батлагдсан төсвийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх;

26.2.9.     санхүүгийн жилийн эцэст хотын санхүү, бусад үйл ажиллагааны тайланг бэлтгэж Зөвлөлд тайлагнах, нийтэд мэдээлэх;

26.2.10.   хотын амьдрал, үйл ажиллагаатай холбоотой Зөвлөлөөс шаардлагатай гэж үзсэн асуудлаар мэдээлэх, тайлагнах;

26.2.11.   хотын санхүүгийн нөхцөл байдал, ирээдүйн хэрэгцээ, шаардлагын тухай мэдээллээр Зөвлөлийг тогтмол хангах;

26.2.12.   хотын амьдрал, үйл ажиллагаатай холбоотой асуудал, хотыг хөгжүүлэх бодлого боловсруулахад Зөвлөлийг мэдээллээр хангах, санал өгөх;

26.2.13.   Хотын Захирагч, Зөвлөлийн гишүүдэд шаардлагатай тохиолдолд захиргаа, боловсон хүчний дэмжлэг үзүүлэх;

26.2.14.   хотыг хөгжүүлэх урт хугацааны хэтийн зорилт дэвшүүлэх, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх стратегийг боловсруулахад Зөвлөлд дэмжлэг үзүүлэх;

26.2.15.   бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хот хоорондын хамтын ажиллагааг дэмжиж, захиргаа, боловсон хүчний дэмжлэг үзүүлэх;

26.2.16.   иргэдийн оролцоог дэмжиж, тэднээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх;

26.2.17.   Зөвлөл, хотын захиргаа, албан хаагчид, иргэд хоорондын хамтын итгэлцэл, түншлэлийг бий болгохыг дэмжиж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд үйлчлэх үйлчилгээг хөнгөн шуурхай байлган, тэдний санал, санаачилгыг дэмжин туслах, хамтран ажиллах;

26.2.18.   энэ дүрэмд заасан, Зөвлөлөөс даалгасан бусад үүргийг хэрэгжүүлэх.

 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ХОТЫН ЗАХИРГААНЫ ГАЗАР, АЖЛЫН АЛБА

 

Хорин долоодугаар зүйл. Хотын захиргааны газар, ажлын албыг байгуулах үндэслэл

 

27.1.       Зөвлөл нь энэ дүрэмд заасан хотын үндсэн газраас гадна газар, ажлын албыг байгуулж, дүрмийг нь батална.

27.2.       Газар, ажлын албаны удирдлагыг Ерөнхий менежер томилно.

27.3.       Газар, ажлын албаны удирдлага Ерөнхий менежерийн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж, түүнээс өгсөн чиглэл, удирдамжийн дагуу ажиллана.

27.4.       Газар, ажлын алба нь бүс нутгийн хөгжлийн асуудлыг нэгдмэл, уялдаа холбоотойгоор шийдвэрлэх үүднээс бүс нутгийн хэмжээнд бусад байгууллага, хуулийн этгээдтэй хамтран ажиллаж болно.

 

Хорин наймдугаар зүйл. Ажилтан, албан хаагчийг сонгон шалгаруулах

 

28.1.       Хотын ажилтан, албан хаагчдыг томилох, албан тушаалд дэвшүүлэх шийдвэрийг зохих сонгон шалгаруулалт, тухайн этгээд уг ажлыг амжилттайгаар гүйцэтгэж чадах чадварыг нотолсны үндсэн дээр гаргана.

28.2.       Хотын ажилтан, албан хаагчдын сонгон шалгаруулалтад шударга, ил тод, адил тэгш хандаж, нээлттэй өрсөлдөөний зарчмыг удирдлага болгон, хувь хүний чадвар, мэдлэг, мэргэжлийн ур чадвар, чадавхийг үндэслэл болгоно.

 

Хорин есдүгээр зүйл. Хотын хуульч

 

29.1.       Ерөнхий менежер нь Зөвлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр хотын Хуульчийг томилно.

29.2.       Хотын хуульч нь хотын Зөвлөл, Захирагч, Аудитор, Ерөнхий менежер, газар, ажлын албадад хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, шүүхийн аливаа маргаан, хянан шийдвэрлэх ажиллагаанд хотыг төлөөлнө. Хуульч нь хууль, тогтоомж, энэ дүрэм, бусад дүрэмд заасан үүргийг гүйцэтгэнэ.

 

Гучдугаар зүйл. Хотын захиргааны газар

 

30.1.       Багануур хотын захиргаа нь дараах үндсэн газартай байна:

30.1.1.   Нийтлэг үйлчилгээний газар;

30.1.2.   Төлөвлөлт, хөгжлийн газар;

30.1.3.   Хэрэг эрхлэх газар;

30.1.4.   Санхүүгийн газар;

30.1.5.   Хуулийн газар;

 

ДОЛООДУГААР БҮЛЭГ.СОНГУУЛЬ

 

Гучин нэгдүгээр зүйл. Хотын сонгууль

 

31.1.       Хотын Зөвлөлийн ээлжит сонгууль 4 жил тутам явагдана.

31.2.       Хотын Зөвлөлийн ээлжит сонгууль сонгуулийн жилийн 6 дугаар сарын 2 дугаар долоо хоногт болно.

 

Гучин хоёрдугаар зүйл. Сонгуулийг зохион байгуулах

 

32.1.       Энэ дүрмийн дагуу зохион байгуулагдах сонгуулийг Зөвлөлөөс байгуулагдсан сонгуулийн хороо зохион байгуулна.

32.2.       Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд нам, улс төрийн байгууллагын гишүүнчлэлтэй иргэнийг томилохгүй.

32.3.       Зөвлөл нь сонгуулийг зохион байгуулах, сонгуулийн үйл ажиллагаанд зөрчил, маргаан гарахаас урьдчилан сэргийлэх асуудлаар холбогдох хууль тогтоомж, энэ дүрэмд нийцүүлэн дүрэм, журам гаргана.

 

Гучин гуравдугаар зүйл. Сонгуулийн тойргийн хуваарь

 

33.1.       Багануур хот нь сонгуулийн 6 тойрогт хуваагдана. Сонгуулийн тойргийг хүн амын тоог харгалзан байгуулах, тойрог бүр ойролцоо тооны оршин суугчтай байна.

33.2.       Тойрог нь сонгуулийн хэсэгт хуваагдана.

 

Гучин дөрөвдүгээр зүйл. Сонгуулийн тойрог байгуулах комисс

 

34.1.       Сонгуулийн тойргийг байгуулах комисс (цаашид “Комисс” гэх) нь таван гишүүнтэй байна.

34.2.       Зөвлөл нь Комиссын 4 гишүүнийг шууд томилох, эдгээр 4 гишүүний дийлэнх олонхийн саналаар тав дахь гишүүнийг сонгох, энэ гишүүн нь Комиссын дарга байна.

34.3.       Комиссын дарга, гишүүн нь хотын аливаа сонгуульт, томилгоот ажил эрхэлдэггүй байна.

34.4.       Зөвлөл нь хүн амын тооллогын дараах эхний ээлжит сонгуулийн товоос 18 сарын өмнө Комиссыг томилно.

34.5.       Зөвлөлөөс сонгуулийн тойргийг байгуулсан өдрөөс Комиссын бүрэн эрх дуусгавар болно.

34.6.       Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, асуудлыг нарийвчлан авч хэлэлцэлгүйгээр Комиссын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө цуцлахыг хориглоно.

34.7.       Комисс нь шаардлагатай туслах ажилтнуудыг гэрээний дагуу ажиллуулах, хотын захиргааны дэмжлэг, туслалцаа авч болно. Зөвлөл нь Комиссын төсвийг батална.

 

Гучин тавдугаар зүйл. Комиссын бүрэн эрх

 

35.1.       Комисс нь … жил тутам болох хүн амын улсын тооллогын дараа хотын Зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуулийн тойрог байгуулах саналыг боловсруулан Зөвлөлд танилцуулна. Санал нь газрын зураглал, тойргуудын танилцуулгыг агуулсан байна.

35.2.       Комисс нь саналыг Зөвлөлд танилцуулахаас нэгээс доошгүй сарын өмнө нэгээс цөөнгүй удаа нийтийн хэлэлцүүлгийг явуулна.

35.3.       Комисс нь саналыг хэлэлцүүлэгт оруулахаас нэгээс доошгүй сарын өмнө нийтэд нээлттэй болгож, санал гаргах боломжийг бүрдүүлнэ.

35.4.       Комисс нь хүн амын … жил тутмын улсын тооллогын дараах хотын эхний бүх нийтийн сонгууль явагдахаас нэгээс доошгүй жилийн өмнө хотын Зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуулийн тойрог байгуулах саналыг Зөвлөлд өргөн мэдүүлсэн байна.

35.5.       Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар гурван долоо хоногийн дотор үл зөвшөөрөх шийдвэр гаргаагүй бол санал нь хүлээн зөвшөөрөгдсөнд тооцно. Зөвлөл нь саналыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Зөвлөл, Зөвлөлийн гишүүн бүрийн саналыг нэг бүрчлэн тусгаж, саналыг Комисст буцаан хүргүүлнэ.

35.6.       Комисс нь шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулж, саналын шинэ хувилбарыг хүн амын … жил тутмын улсын тооллогын дараах хотын анхны бүх нийтийн сонгууль явагдахаас 9 сараас доошгүй хугацааны өмнө Зөвлөлд дахин өргөн мэдүүлнэ. Зөвлөлийн бүх гишүүдийн гуравны хоёр буюу дийлэнхийн саналаар хоёр долоо хоногийн дотор үл зөвшөөрөх шийдвэр гаргаагүй тохиолдолд санал нь хүлээн зөвшөөрөгдсөнд тооцогдоно.

35.7.       Хотын сонгуулийн тойрог байгуулах санал нь энэ дүрмийн заалтад нийцсэн тухай шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд санал нь батлагдсанд тооцож, Комисс нь саналыг Хотын хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

35.8.       Хэрэв … жил тутмын хүн амын үндэсний тооллогын үр дүн нь сонгууль явагдахаас арван найман сарын өмнө гарах боломжгүй бол Зөвлөл нь энэ дүрмийн 38.2-38.6 заасан хугацааг богиносгож болно.

 

Гучин зургаадугаар зүйл. Сонгуулийн тойрог байгуулах шалгуур

 

36.1.       Комисс нь сонгуулийн тойргийг байгуулах санал боловсруулахдаа дараах шалгуурыг эрэмбийн дагуу хангасан байна. Үүнд:

36.1.       хотын хүн амын хамгийн сүүлийн тооллогын дүнгээр сонгуулийн тойрог бүр аль болохуйц ижил тооны оршин суугчидтай, боломжгүй тохиолдолд зөрүү нь 5 хувиас ихгүй байх;

36.2.       нэг тойргийн нутаг дэвсгэр аль болох нэгдмэл, үргэлжилсэн байх;

36.3.       нэг тойргийн нутаг дэвсгэр нь хүн ам төвлөрсөн, нутаг дэвсгэрийн хувьд тусгаарлагдсан нэгээс дээш суурин, тэдгээрийн зарим хэсгийг хамрахаар бол ийм тойргийн тоо аль болох цөөн байх;

36.4.       тойргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн нийт урт аль болох богино байх.

 

Гучин долоодугаар зүйл. Сонгуулийн тойрог байгуулсанд тооцох

 

37.1.       Сонгуулийн тойргийг байгуулах тухай Комиссын санал Зөвлөлөөр батлагдсан өдрөөс сонгуулийн тойрог байгуулагдсанд тооцож, шинэчлэн байгуулагдах хүртэл хүчин төгөлдөр байна.

37.2.       Сонгуулийн тойргийг дараах үндэслэлээр шинэчлэн байгуулна:

37.2.1.     энэ дүрмийн Гучин тавдугаар зүйлд заасны дагуу;

37.2.2.     энэ дүрмийн Гучин зургаадугаар зүйлд заасан шалгуур хангагдахгүй болсон.

 

Гучин наймдугаар зүйл. Сонгуульд нэр дэвших

 

38.1.       Нэр дэвшигч нь өргөдлөө Зөвлөлийн баталсан маягтын дагуу бөглөн сонгуулийн байгууллагад ирүүлснээр тухайн нэр дэвшигчийг бүртгэн, нэрийг нь саналын хуудсан дээр хэвлэнэ.

38.2.       Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь зөвхөн нэр дэвшиж буй тухайн тойрогт оршин суугч эрх бүхий 300-аас доошгүй дэмжиж буй сонгогчдын гарын үсгийг батлагдсан маягтын дагуу цуглуулна.

 

НАЙМДУГААР БҮЛЭГ. ХОТЫН ОРШИН СУУГЧ, ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ, ОРОЛЦООГ ХАНГАХ

 

Гучин есдүгээр зүйл. Хотын оршин суугч

 

39.1.       Багануур хотын эдэлбэр газарт байнгын хаягийн бүртгэлтэй иргэнийг Багануур хотын оршин суугч /цаашид “хотын оршин суугч” гэх/ гэнэ.

39.2.       Багануур хотод 183 хүртэлх хоногийн хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Багануур хотын түр оршин суугч гэнэ.

 

Дөчдүгээр зүйл. Хотын оршин суугчийн эрх, үүрэг

 

40.1.       Хотын оршин суугч Хот тосгоны эрх зүйн байдлын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжид зааснаас гадна дор дурьдсан эрх эдэлнэ. Үүнд:

40.1.1.    сонгуулийн эрх бүхий оршин суугч нь хот, тосгоны удирдлагыг сонгох, түүнд сонгогдох, санал асуулгад оролцох;

40.1.2.    хөдөлмөрийн захад бүртгэлтэй, эсхүл шаардлагатай нарийн мэргэжил эзэмшсэн бол хотын аж ахуйд тэргүүн ээлжинд ажил хөдөлмөр эрхлэх;

40.1.3.    энэ дүрмийн 42.1-д заасан үндэслэлээр санаачилгын хороо байгуулах;

40.1.4.    захиргааны байгууллага, албан тушаалтанд шууд хандах, адил тэгш үйлчилгээ авах;

40.1.5.    эрүүл, аюулгүй орчноор хангагдах;

40.1.6.    дэд бүтцийн үйлчилгээгээр хангагдах;

40.1.7.    өмчлөлийн газарт хувийн орон сууц барих, инженерийн төвлөрсөн, хэсэгчилсэн, бие даасан шугам сүлжээнд холбогдох.

40.1.8.    нийтийн сонсголд оролцох, тайлбар, санал, дүгнэлт гаргах;

40.1.9.    бусад.

40.2.       Хотын оршин суугч Хот тосгоны эрх зүйн байдлын тухай болон бусад холбогдох хууль тогтоомжид зааснаас гадна дор дурьсан үүрэг хүлээнэ. Үүнд:

40.2.1.    хотын хэмжээнд зохиогдож буй тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгээнд оролцох;

40.2.2.    хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу өөрийн орон байр, орчноо тохижуулах;

40.2.3.    хотын Зөвлөл болон эрх бүхий байгууллагаас хотын нутаг дэвсгэрт бүх нийтээр мөрдөхөөр баталсан дүрэм, журмыг мөрдөх;

40.2.4.    өөрийн өмчлөлийн болон хотын эдэлбэр газрыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн зүй зохистой ашиглах, эзэмших, хамгаалах;

40.2.5.    хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заасан суурьшлын бүсэд оршин суух;

40.2.6.    хотын албан татвар, төлбөр, хураамж төлөх;

40.2.7.    хууль ёсны баримт бичгийн зөрчилгүй байх, холбогдох хуульд заасны дагуу иргэний бүртгэлд бүртгүүлэх;

40.2.8.    хотыг хөгжүүлэх ажилд идэвхитэй оролцох,

40.2.9.    нийтийн эзэмшлийн эд зүйлийг зүй зохистой ашиглах, орчноо цэвэр байлгах;

40.2.10. хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан төрийн болон орон нутгийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлэх.

40.3.       Хотын оршин суугч нь Монгол Улсын Үндсэн хууль болон хууль тогтоомжид заасан бусад эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 

Дөчин нэгдүгээр зүйл. Оршин суугчийн оролцоог хангах

41.1.       Дараах асуудлаар иргэдийн оролцоог хангана:

41.1.1.   хотын дүрэм болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг боловсруулах, батлах;

41.1.2.   нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргах;

41.1.3.   хотын дүрэм, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх;

41.1.4.   хотын төсөв, татварын хэмжээг батлах, тэдгээрийн зарцуулалтад хяналт тавих.

 

Дөчин хоёрдугаар зүйл. Нийтийн сонсгол

 

42.1.       Энэ дүрмийн 41.1-д заасан асуудлаар иргэдийн оролцоог нийтийн сонсгол зохион байгуулах замаар хангана.

42.2.       Нийтийн сонсголыг зохион байгуулахад ардчилсан ёс, хууль дээдлэх, талуудын оролцоог тэгш хангах, иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хангах, үр нөлөөтэй байх зарчмыг удирдлага болгоно.

42.3.       Нийтийн сонсгол нь дараах төрөлтэй байна:

42.3.1.   дүрэм тогтоох;

42.3.2.   ерөнхий хяналтын;

42.3.3.   төсвийн хяналтын;

42.3.4.   томилгооны;

42.3.5.   захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн.

42.4.       Сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарахаас бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно.

42.5.       Нийтийн сонсгол зохион байгуулах журмыг хотын Зөвлөл батална.

 

Дөчин гуравдугаар зүйл. Нийтийн зар мэдээ

 

43.1.       Хотын удирдлага нь хотын амьдрал, хөгжлийн талаарх дараах нийтийн зар мэдээг оршин суугчдад хүргэх үүрэгтэй. Үүнд:

43.1.1.   эдийн засгийн зар мэдээ, мэдээлэл;

43.1.2.   хурал цуглаан уулзалт хэлэлцүүлэг сонсгол сургалтын зар мэдээ мэдээлэл;

43.1.3.   хотын дүрэм, эрх зүйн зар мэдээ, мэдээлэл;

43.1.4.   төрийн үйлчилгээ ба нийтийн ахуй үйлчилгээний зар мэдээ, мэдээлэл;

43.1.5.   шуурхай зар мэдээ, мэдээлэл;

43.1.6.   бусад зар мэдээ, мэдээлэл.

43.2.       Нийтийн зар мэдээг хүргэх хугацаа

43.2.1.   эдийн засгийн зар мэдээ, мэдээллийг шилэн дансны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар;

43.2.2.   хурлын өмнөх зар мэдээ, мэдээллийг хурал эхлэхээс 5 хоногийн өмнө, хурлын дараах зар мэдээг ажлын 3 хоногт;

43.2.3.   хотын хэмжээнд мөрдөгдөж байгаа дүрэм, журам, тогтоол, шийдвэр, захирамжийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 хоногийн дотор;

43.2.4.   санал асуулга, санал хураалт, тухайн орон нутагт хамааралтай шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын албан ёсны мэдээлэл, хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагын гаргасан мэдээлэл, тайлан, сануулга,судалгаа, санал гомдлын мөрөөр авсан арга хэмжээний үр дүнгийн зар мэдээ, мэдээллийг ажлын 5 хоногт;

43.2.5.   нийтийн ахуй үйлчилгээний зар мэдээ, мэдээллийг ажлын 5 хоногийн дотор;

43.2.6.   шуурхай зар мэдээ, мэдээллийг 24 цагийн дотор;

43.2.7.   бусад зар мэдээ, мэдээллийг ажлын 3 хоногийн дотор мэдээлнэ.

43.3.       Нийтийн зар мэдээний журмыг хотын Зөвлөл батална.

43.4.       Хотын удирдлага нь хотын амьдрал, хөгжлийн талаарх дараах нийтийн зар мэдээг оршин суугчдад хүргэх үүрэгтэй. Үүнд:

43.4.1.   эдийн засгийн зар мэдээ, мэдээлэл;

43.4.2.   хурал цуглаан уулзалт хэлэлцүүлэг сонсгол сургалтын зар мэдээ мэдээлэл;

43.4.3.   хотын дүрэм, эрх зүйн зар мэдээ, мэдээлэл;

43.4.4.   төрийн үйлчилгээ ба нийтийн ахуй үйлчилгээний зар мэдээ, мэдээлэл;

43.4.5.   шуурхай зар мэдээ, мэдээлэл;

43.4.6.   бусад зар мэдээ, мэдээлэл.

43.5.       Нийтийн зар мэдээг хүргэх хугацаа

43.5.1.   эдийн засгийн зар мэдээ, мэдээллийг шилэн дансны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар;

43.5.2.   хурлын өмнөх зар мэдээ, мэдээллийг хурал эхлэхээс 5 хоногийн өмнө, хурлын дараах зар мэдээг ажлын 3 хоногт;

43.5.3.   хотын хэмжээнд мөрдөгдөж байгаа дүрэм, журам, тогтоол, шийдвэр, захирамжийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 хоногийн дотор;

43.5.4.   санал асуулга, санал хураалт, тухайн орон нутагт хамааралтай шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын албан ёсны мэдээлэл, хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагын гаргасан мэдээлэл, тайлан, сануулга,судалгаа, санал гомдлын мөрөөр авсан арга хэмжээний үр дүнгийн зар мэдээ, мэдээллийг ажлын 5 хоногт;

43.5.5.   нийтийн ахуй үйлчилгээний зар мэдээ, мэдээллийг ажлын 5 хоногийн дотор;

43.5.6.   шуурхай зар мэдээ, мэдээллийг 24 цагийн дотор;

43.5.7.   бусад зар мэдээ, мэдээллийг ажлын 3 хоногийн дотор мэдээлнэ.

43.6.       Нийтийн зар мэдээг мэдээний журмыг хотын Зөвлөл батална.

 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. САНААЧИЛГА ГАРГАХ, САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ, ЭГҮҮЛЭН ТАТАХ

 

Дөчин дөрөвдүгээр зүйл. Санаачилгын хороо байгуулах үндэслэл

 

44.1. Сонгуулийн эрх бүхий хотын оршин суугчид дараах асуудлаар нэгдэж санаачилгын хороо байгуулж болно.Үүнд:

44.1.1.    дүрэм гаргах, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай санаачлага гаргах;

44.1.2.    шинээр батлагдсан дүрмийг үл зөвшөөрч, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох талаар оршин суугчдын санал асуулга явуулах;

44.1.3.    Зөвлөлийн гишүүн, сонгуульт албан тушаалтныг эгүүлэн татах.

44.2.          Гишүүн, албан тушаалтанг эгүүлэн татах үндэслэл нь зөвхөн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн, эсвэл албан тушаалтны хариуцсан ажил үүргийн асуудалтай холбоотой байх ёстой.

44.3.       Хотын төсөв, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, бусад мөнгөн хөрөнгийн зардал, татвар, хотын ажилтан, албан хаагчдын цалин хөлсний асуудал нь энэ дүрмийн 44.1-д  хамаарахгүй.

 

Дөчин тавдугаар зүйл. Санаачилгын хороо байгуулах, мэдэгдэл гаргах

 

45.1. Сонгуулийн эрх бүхий хотын арваас цөөнгүй оршин суугч нийлэн энэ дүрмийн дөчин дөрөвдүгээр зүйлд заасан үндэслэлээр Санаачилгын хороог байгуулж, санаачилга гаргах, санал асуулга явуулах, эгүүлэн татах өргөдөл гаргах ажиллагааг эхлүүлж, энэ талаар Хотын хэрэг эрхлэх газарт мэдэгдэл хүргэнэ.

45.2.       Санаачилгын хороо нь өргөдлийг сонгогчдод танилцуулах, санал авах үүргийг хүлээх ба мэдэгдэл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

45.2.1.   санаачилга гаргасан оршин суугчийн овог нэр, оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхой байх;

45.2.2.   өргөдөлтэй холбоотой баримт бичгийг хүлээн авах, холбоо барих хаягийг тусгасан байх;

45.2.3.   энэ дүрмийн 44.1.1-д заасан үндэслэлээр хандсан бол шинээр санаачилж буй дүрэм, батлагдсан дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, танилцуулгыг хавсаргах;

45.2.4.   энэ дүрмийн 44.1.3-д заасан үндэслэлээр хандсан бол эгүүлэн татахаар шаардаж буй этгээдийн овог нэр, албан тушаалын нэр, эгүүлэн татах үндэслэлийг 200-аас илүүгүй үгэнд багтаасан тайлбарыг хавсаргах.

45.3.       Эгүүлэн татах өргөдөл өгөх тухай мэдэгдлийг хүлээн авмагц хотын Хэрэг эрхлэх газрын дарга нь өөрийн биеэр, эсхүл баталгаат шуудангаар эгүүлэн татахаар нэр заагдсан этгээдэд хүргэх үүрэгтэй.

45.4.       Эгүүлэн татагдахаар нэр заагдсан этгээд нь мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор 200-аас илүүгүй үгэнд багтаан хариу тайлбарыг хотын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.

45.5.       Санаачилгын хорооноос гаргасан мэдэгдлийг Хэрэг эрхлэх газрын дарга хүлээн авснаас хойш ажлын арван хоногийн дотор бүртгэж, өргөдлийн маягтыг ажлын таван өдрийн дотор Санаачилгын хороонд хүргүүлнэ.

45.6.       Өргөдлийн маягтыг Хэрэг эрхлэх газар батална.

 

Дөчин зургаадугаар зүйл. Өргөдөл гаргахад тавигдах шаардлага

 

46.1.       Санаачилгын хороо нь Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн маягтын дагуу өргөдлийг бэлтгэж холбогдох материалыг бүрдүүлнэ.

46.2.       Өргөдөлд дараах шаардлагын дагуу оршин суугчдын дэмжлэгийг авч, гарын үсэг зуруулсан байна. Үүнд:

46.2.1.     Санаачилга гаргах, санал асуулга явуулах тухай өргөдөлд хотын хамгийн сүүлийн ээлжит сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 8 хувиас дээш тооны сонгогч гарын үсэг зурсан байна.

46.2.2.     Эгүүлэн татах тухай өргөдөлд хотын тухайн тойргийн хамгийн сүүлийн ээлжит сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 8 хувиас дээш тооны сонгогч гарын үсэг зурсан байна.

46.2.3.     Зөвлөлийн гишүүнийг эгүүлэн татах тухай өргөдлийг зөвхөн түүний сонгогдсон тойргийн оршин суугч гаргах, дэмжин гарын үсэг зурах эрхтэй.

46.3.       Гарын үсэг нь бэхэн үзэг, эсхүл арилдаггүй балаар зурагдаж, өргөдөлд гарын үсэг зурсан иргэний овог, нэр, оршин суугаа хаягийг тусгасан байна.

 

Дөчин долоодугаар зүйл. Өргөдөл гаргах

 

47.1.       Санаачилгын хороо нь өргөдөл, холбогдох бичиг баримтыг мэдүүлгийн хамт Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

47.2.       Мэдүүлэгт дараах зүйлийг нотолно:

47.2.1.   өргөдлийн иж бүрдлийг биечлэн бүрдүүлсэн болох;

47.2.2.   өргөдөлд гарын үсэг зурсан хүний тоо;

47.2.3.   дэмжиж буй сонгогч нь гарын үсгээ өөрийн итгэл үнэмшил, сайн дураар, тогтсон хэв байдлаар, өөрийн биеэр зурсан болох;

47.2.4.   дэмжиж буй сонгогч нь өргөдөлд гарын үсэг зурахаас өмнө санаалчилга гаргах үндэслэлтэй нэг бүрчлэн танилцах боломжоор хангагдсан болох.

 

Дөчин наймдугаар зүйл. Санал асуулга, эгүүлэн татах өргөдөл гаргах хугацаа

 

48.1.       Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох талаар санал асуулга явуулах тухай өргөдлийг тухайн дүрэм Зөвлөлөөр батлагдсан өдрөөс хойш гуч хоногийн дотор гаргана.

48.2.       Эгүүлэн татах шаардлага бүхий өргөдлийг эгүүлэн татах тухай мэдэгдэл бүртгэгдсэнээс хойш жар хоногийн дотор Хотын Хэрэг эрхлэх газар бүртгэсэн байна.

 

Дөчин есдүгээр зүйл. Өргөдлийн бүрдүүлбэрийг хянах

 

49.1.       Хотын Хэрэг эрхлэх газар нь өргөдлийг бүртгэснээс хойш 20 хоногийн дотор түүний бүрдэл, агуулгыг нягтлан үзэж, өргөдөл нь үндэслэлтэй, шаардлага хангасан эсэх талаар тодорхойлолт гарган Санаачилгын хороонд баталгаат шуудангаар хүргүүлнэ. Өргөдөл нь үндэслэлгүй, шаардлага хангаагүй тохиолдолд түүний дутагдлыг тодорхойлолтод нарийвчлан тусгасан байна.

49.2.       Хүчинтэй гарын үсгийн тоо хангалтгүй гэж тодорхойлогдсон өргөдлийн тухайд Санаачилгын хороо нь тодорхойлолтыг хүлээн авснаас хойш хоёр хоногийн дотор өргөдөлд нэмэлт, өөрчлөлт оруулан дахин хүргүүлэх тухай хүсэлтээ хотын Хэрэг эрхлэх газарт мэдэгдэж, арван өдрийн дотор нэмэлт, өөрчлөлт оруулсан өргөдлийг дахин нэг удаа хүргүүлэх эрхтэй.

49.3.       Нэмэлт, өөрчлөлт оруулсан өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 өдрийн дотор хотын Хэрэг эрхлэх газар хянан үзэж эцсийн тодорхойлолтыг гарган, хувийг Санаачилгын хороонд баталгаат шуудангаар хүргүүлнэ.

49.4.       Өргөдөл, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь үндэслэлтэй, шаардлагад нийцэх эсэхээс үл хамааран, эсвэл дүрмийн 49.2-д заасны дагуу арга хэмжээ авагдаагүй бол хотын Хэрэг эрхлэх газар нь эцсийн тодорхойлолтыг Зөвлөлд хүргүүлнэ.

49.5.       Өргөдөл, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь үндэслэлгүй, шаардлагад нийцэхгүй гэж Хэрэг эрхлэх газар тодорхойлсон, энэ дүрмийн 49.2-д заасны дагуу арга хэмжээ авагдаагүй хэдий ч Санаачилгын хороо нь өргөдлийг Зөвлөлөөр хэлэлцүүлэх тухай хүсэлтийг эцсийн тодорхойлолтын хувийг авсан өдрөөс хойш ажлын хоёр өдрийн дотор гаргах эрхтэй.

 

Тавьдугаар зүйл. Дүрмийн үйлчлэлийг түдгэлзүүлэх

 

50.1.       Санал асуулга явуулах тухай өргөдлийг хотын Хэрэг эрхлэх газар бүртгэснээр тухайн өргөдлөөр хянан үзэхийг хүссэн дүрмийн үйлчлэлийг түдгэлзүүлнэ.

50.2.       Түдгэлзүүлсэн шийдвэрийг дараах тохиолдолд цуцлагдсанд тооцно. Үүнд:

50.2.1.   өргөдөл нь үндэслэлгүй, шаардлага хангахгүй гэж тодорхойлогдсон;

50.2.2.   Санаачилгын хороо өргөдлөө татаж авсан;

50.2.3.   Зөвлөлөөс дүрмийг хүчингүй болгосон;

50.2.4.   санал асуулгын дүн гарснаас хойш гуч хоног өнгөрсөн.

 

Тавин нэгдүгээр зүйл. Өргөдлийг шийдвэрлэх

 

51.1.       Зөвлөл нь өргөдлийг Хотын хэрэг эрхлэх газрын тодорхойлолтын хамт хүлээн авмагц дараагийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргана. Үүнд:

51.1.1.   санал болгож буй дүрмийг батлах, батлагдсан дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнийг хүчингүй болгох;

51.1.2.   шинээр санаачилсан дүрэм, батлагдсан дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлаар сонгогчдын санал асуулга явуулах;

51.1.3.   Зөвлөлийн гишүүн, сонгуульт албан тушаалтныг эгүүлэн татах.

51.2.       Зөвлөлийн хурлын санал хураалтад тухайн өргөдлөөр эгүүлэн татагдахаар нэр заагдсан этгээд оролцохгүй.

51.3.       Энэ дүрмийн 51.1-д заасан Зөвлөлийн шийдвэр нь эцсийнх болно.

51.4.       Санаачилгын хороо нь Зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

51.5.       Санаачилга гаргах, эсвэл хотын оршин суугчдын санал асуулга явуулах тухай өргөдөл нь үндэслэлтэй, шаардлага хангасан гэж тодорхойлогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шинээр санаачилсан дүрмийг түүний үндсэн агуулгад өөрчлөлт оруулалгүйгээр батлаагүй, эсвэл 30 хоногийн дотор батлагдсан дүрэмд нэмэлт, өөрчлөлтийг оруулаагүй, эсвэл түүнийг хүчингүй болгоогүй бол Зөвлөл нь асуудлыг хотын сонгогчдын санал асуулгаар шийдвэрлүүлнэ.

 

Тавин хоёрдугаар зүйл. Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх

 

52.1.       Энэ дүрмийн 51.1.2-т заасан шийдвэр гарснаас хойш нэг жилийн дотор санал асуулгыг явуулна. Энэ хугацаанд хотын ээлжит сонгууль явагдахаар бол санал асуулгыг хамтатган явуулна. Шинээр санаачилсан дүрмийн төсөл, батлагдсан дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, хүчингүй болгох дүрмийг сонгуулийн санал өгөх, санал асуулгын байруудад байрлуулна.

52.2.       Энэ дүрмийн 51.1.3-т заасан шийдвэр гарсан тохиолдолд нөхөн сонгуулийг явуулна. Нөхөн сонгуулийг Зөвлөлийн шийдвэр гарсан өдрөөс хойш 60 хоногийн дотор явуулна.

 

Тавин гуравдугаар зүйл. Санал асуулгын үр дүн

 

53.1. Сонгуулийн эрх бүхий хотын оршин суугчдын олонх нь шинээр санаачилсан дүрмийн төслийг дэмжсэн бол тухайн дүрэм нь санал асуулгын үр дүн зарлагдсанаар бусад дүрмийн адил хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

53.2.       Санал асуулгаар батлагдсан дүрмүүдэд асуудлыг өөрөөр заасан бол хамгийн олон санал авсан дүрмийн заалтыг дагаж мөрдөнө.

53.3.       Сонгуулийн эрх бүхий хотын оршин суугчдын олонх нь батлагдсан дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох асуудлыг дэмжсэн бол санал асуулгын үр дүн зарлагдсанаар тухайн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох, эсвэл дүрэм хүчингүй болно.

 

АРАВДУГААР БҮЛЭГ. ХОТЫН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГА

 

Тавин дөрөвдүгээр зүйл. Санхүүгийн жил

 

54.1. Хотын санхүүгийн жил тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.

 

Тавин тавдугаар зүйл. Төсвийг өргөн барих

 

55.1.       Ерөнхий менежер нь жил бүрийн 6 дугаар сарын 10-ны дотор дараагийн санхүүгийн жилийн төсвийг илгээлтийн хамт Зөвлөлд өргөн барина.

 

Тавин зургаадугаар зүйл. Хотын татвар

 

56.1.       Хуульд заасан тохиолдолд Зөвлөл нь хотын татварын хэмжээ тогтоох, үнэлгээ хийх, түүнчлэн татвар хураах үйл ажиллагааг зохицуулсан журам батална.

 

Тавин долоодугаар зүйл. Төсвийн илгээлт

 

57.1.       Ерөнхий менежерийн илгээлт нь төсвийн төлөвлөгөө, хотын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэл, тэдгээрийг хотын үндсэн зорилт, эн тэргүүнд шийдвэрлэх асуудалтай уялдсан байна.

57.2.       Илгээлт нь дараах мэдээллийг агуулна. Үүнд:

57.2.1.      тухайн санхүүгийн жилд баримтлах хотын санхүү, эдийн засгийн бодлого, дараах жилүүдэд түүний үзүүлэх нөлөөллийн тухай мэдээлэл;

57.2.2.      төсвийн төлөвлөгөөнд тусгасан анхаарал хандуулах чухал асуудал;

57.2.3.      өмнөх жилийн төсөвтэй харьцуулан санхүүгийн бодлого, орлого, зардлын төлөвлөгөөнд орох томоохон өөрчлөлт, тэдгээрийг оруулах шаардлага;

57.2.4.      хотын өр, авлагын байдал, өр үүсгэх замаар эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжинд нөлөөлж буй хүчин зүйлс;

57.2.5.      Ерөнхий менежерийн шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.

 

Тавин наймдугаар зүйл. Төсөв

 

58.1.       Төсөв нь тухайн санхүүгийн жилд хотын хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хөрөнгө, санхүүгийн иж бүрэн төлөвлөгөөг агуулах бөгөөд хууль тогтоомж, энэ дүрэмд өөрөөр заагаагүй бол төсөв, хотын стратегийн зорилт хоорондын уялдааг хангах үүднээс Ерөнхий менежерийн хэрэгтэй гэж үзсэн, Зөвлөлөөс тогтоосон хэлбэрээр боловсруулна.

58.2.       Төсөв нь түүний ерөнхий хураангуй, тухайн санхүүгийн жилийн бүх орлого, зардлын төлөвлөгөөг нэг бүрчлэн дэлгэрэнгүй үзүүлэх, өмнөх санхүүгийн жилийн орлого, зардлын төлөвлөгөөний бодит гүйцэтгэл, мөн одоогийн санхүүгийн жилийн орлого, зардлын бодит, хүлээгдэж буй гүйцэтгэлийг харьцуулан үзүүлсэн байна.

58.3.       Төсөв нь дараах хэсгээс бүрдэнэ.

58.3.1.      тухайн санхүүгийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, зорилт, арга хэмжээ, түүнчлэн газар, алба, хэлтэс, хороо, зохион байгуулалтын нэгж бүрээр төлөвлөсөн урсгал зардлын төлөвлөгөө. Урсгал зардлын төлөвлөгөөнд санхүүжилт, арга хэмжээний хэрэгжилтийн гүйцэтгэл, түүний үр дүнг хэмжих аргачлалыг тогтоосон байна.

58.3.2.      урт хугацааны хөтөлбөр, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг алба, хэлтэс, зохион байгуулалтын нэгж бүрээр хуваарилсан тухайн жилийн хөрөнгийн зардлын төлөвлөгөө. Хөрөнгийн зардлын төлөвлөгөөнд санхүүжилт, арга хэмжээний хэрэгжилтийн гүйцэтгэл, түүний үр дүнг хэмжих аргачлалыг тогтоосон байна.

58.3.3.      хотын сангийн тухайн санхүүгийн жилийн зорилт, орлого, зардал, ашиг, алдагдлын төлөвлөгөө. Төлөвлөгөөнд зорилтын үр дүн, түүний гүйцэтгэлийг хэмжих аргачлалыг тогтоосон байна.Сангийн төлөвлөсөн зарлагын хэмжээ нь сангийн төлөвлөсөн орлого, үлдэгдэл хөрөнгийн нийлбэрээс хэтрэх ёсгүй. Үүнд сангийн нөөц хамаарахгүй.

 

Тавин есдүгээр зүйл. Төсвийн зардлын хэмжээ

 

59.1.       Төсвийн зарлагын төлөвлөсөн хэмжээ нь орлогын төлөвлөсөн хэмжээ, сангийн үлдэгдлийн нийлбэр дүнгээс хэтрэх ёсгүй.

                           

Жардугаар зүйл. Төсвийн талаар хэрэгжүүлэх Зөвлөлийн эрх, үүрэг

 

60.1.       Хотын Хэрэг эрхлэх газар нь төсвийн ерөнхий танилцуулга болон доорх мэдээллийг агуулсан мэдэгдлийг хэвлэн нийтэлж, нийтэд мэдээлнэ. Үүнд:

60.1.1.      төсвийн илгээлт, төсвийн төлөвлөгөөний хувьтай танилцах боломжтой огноо, байршил;

60.1.2.      нийтийн хэлэлцүүлэг хийх огноо, байршил. Хэлэлцүүлгийг нийтэд мэдээлснээс хойш хоёр долоо хоногоос багагүй хугацааны дараа зохион байгуулна.

60.2.       Зөвлөл нь нийтийн хэлэлцүүлэг хийсний дараа төсвийн төлөвлөгөөний төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба хууль тогтоомжийн дагуу гарах, өр зээлийн үйлчилгээтэй холбоотой зардал, төлөвлөгдөж буй мөнгөн хөрөнгийн дутагдалд шаардагдах зардлын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй.

60.3.       Төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зарлагын хэмжээг төлөвлөсөн орлогын хэмжээнээс хэтрүүлэхгүй.

60.4.       Зөвлөл нь төсвийн төлөвлөгөөг жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө батална.

60.5.       Зөвлөл нь төсвийг энэ дүрмийн 60.4-т заасан хугацаанд багтаан баталж чадаагүй бол Ерөнхий менежерийн санал болгосон төсөв батлагдсанд тооцогдоно.

 

Жаран нэгдүгээр зүйл. Төсвийн хуваарилалт ба орлогын тухай тогтоол, шийдвэр

 

61.1.      Зөвлөл нь санхүүгийн жил эхлэхээс өмнө батлагдсан төсвийг хэрэгжүүлэх зорилгоор дараах шийдвэрийг гаргана. Үүнд:

61.1.1. төсвийг газар, агентлаг, хэлтэс, алба, хороо, сан, зохион байгуулалтын бусад нэгж, хөтөлбөр, үйл ажиллагаа бүрээр хуваарилсан Төсөв хуваарилах тухай тогтоол;

61.1.2. хуульд заасан тохиолдолд хөрөнгийн татвар ногдуулах, татварын хэмжээг тогтоохыг зөвшөөрсөн Татвар ногдуулах тухай тогтоол;

61.1.3. орлогын шинэ эх үүсвэрийг батлах, хуульд заасан татварын хувь хэмжээ, татвар, бусад эх үүсвэрээс орлого бүрдүүлэх дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай бусад тогтоол.

 

Жаран хоёрдугаар зүйл. Төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах

 

62.1.       Санхүүгийн жилийн дундуур, санхүүгийн жил эхлэхээс өмнө дараах тохиолдолд төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Үүнд:

62.1.1.   Ерөнхий менежер нь төсвийн тооцоолсон орлогоос илүү орлогыг хуваарилах боломжтойг нотолсон;

62.1.2.   хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө, нийтийн амгалан тайван байдалд нөлөөлөхүйц нийтийг хамарсан онцгой байдлыг шийдвэрлэх шаардлагатай болсон;

62.1.3.   орлого, эх үүсвэрийн үлдэгдэл зөвшөөрсөн зардлыг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй нь тодорхой болсон;

62.2.       Энэ дүрмийн 62.1-д заасны дагуу төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг дараах журмын дагуу шийдвэрлэнэ. Үүнд:

62.2.1.   Энэ дүрмийн 62.1.2-т заасан тохиолдолд Зөвлөл онцгой үеийн дэглэмийн дүрмийн дагуу төсвийн яаралтай хуваарилалтыг хийж болно. Хуваарилагдаагүй орлого, хангалттай эх үүсвэр байхгүй тохиолдолд Зөвлөл нь яаралтай тогтоол гарган өрийн бичиг гаргахыг зөвшөөрч болно. Тухайн өрийн бичгийг сунгаж болох боловч аливаа санхүүгийн жилд гаргасан өрийн бичиг, түүнд оруулсан сунгалтыг урт хугацааны өрийн адил үзэж эргэн төлөлт хийх санхүүжилтийг яаралтай хуваарилалт хийсэн жилийн дараагийн санхүүгийн жилийн эцсийн өдөрт багтаан хийнэ.

62.2.2.   Энэ дүрмийн 62.1.3-т заасан тохиолдолд дутагдаж буй тооцоолсон дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай саналыг Ерөнхий менежер Зөвлөлд цаг алдалгүй мэдэгдэх ба Зөвлөл нь төсвийн алдагдлаас сэргийлэх, багасгах үүднээс шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.  

 62.3.       Санхүүгийн жилийн аль ч үед, эсвэл санхүүгийн жил эхлэхээс өмнө Зөвлөл нь тогтоол гарган төсвийн хуваарилалтын зарцуулаагүй үлдэгдлийг агентлаг, алба, хэлтэс, хороо, сан, зохион байгуулалтын бүтцийн нэгж хооронд шилжүүлэх, шинээр төсвийн хуваарилалтыг хийж болно.

62.4.       Ерөнхий менежер нь газар, агентлаг, алба, хэлтэс, сан, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн хүрээнд хөтөлбөр, арга хэмжээ хооронд хуваарилалтыг шилжүүлж болох бөгөөд энэ тухай Зөвлөлд бичгээр цаг тухайд нь мэдэгдэх үүрэгтэй.

62.5.       Зээлийн нөхцөлд өөрчлөлт орж, зээлийн эргэн төлөлтийн хэмжээ багассанаас бусад тохиолдолд эргэн төлөлтөд зориулан хуваарилсан хөрөнгийг багасгах, шилжүүлэхийг хориглоно.

62.6.       Энэ зүйлд заасны дагуу төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол гарсан өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

 

Жаран гуравдугаар зүйл. Төсвийн удирдлага, хяналт

 

63.1.       Зөвлөл нь төсвийн хэрэгжилтэд хяналт тавих, удирдлагын журмыг тогтоосон дүрмийг баталж хөндлөнгийн хяналт тавина.

 

Жаран дөрөвдүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын хөтөлбөр

 

64.1.       Ерөнхий менежер нь төсвийн төлөвлөгөөг өргөн барих эцсийн хугацаанаас 3 сарын өмнө хөрөнгө оруулалтын урт хугацааны хөтөлбөрийг Зөвлөлд өргөн барина.

64.2.       Хөрөнгө оруулалтын хөтөлбөрт дараах асуудлыг тусгасан байна. Үүнд:

64.2.1.      ерөнхий танилцуулга;

64.2.2.      хотын урт хугацааны зорилго, зорилт;

64.2.3.      хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын томоохон ажлын жагсаалт, шаардагдах мэдээлэл;

64.2.4.      хөрөнгө оруулалтын арга хэмжээний зардлын тооцоо, хэрэгжүүлэх хугацаа, хуваарь;

64.2.5.      хөрөнгө оруулалтын зардлыг санхүүжүүлэх арга зам;

64.2.6.      барих, худалдан авах байгууламжийн жилийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын урьдчилсан тооцоо;

64.2.7.      хот, түүний бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах тухай танилцуулга;

64.2.8.      хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний үр дүн, гүйцэтгэлийг хэмжих аргачлал.

64.3.       Хүлээгдэж байгаа болон хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын арга хэмжээний талаар хөрөнгө оруулалтын хөтөлбөрт жил бүр өөрчлөлт оруулна.

                                                 

Жаран тавдугаар зүйл. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн талаарх Зөвлөлийн эрх, үүрэг

 

65.1.       Хотын хэрэг эрхлэх газар нь хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн талаар хэвлэн нийтэлж, нийтэд мэдээлнэ. Үүнд:

65.1.1.   ерөнхий танилцуулга;

65.1.2.   хөтөлбөртэй танилцах боломжтой огноо, байршил;

65.1.3.   нийтийн хэлэлцүүлэг хийх огноо, байршил.

65.2.      Хөтөлбөрийн хэлэлцүүлгийг нийтэд мэдээлснээс хойш хоёр долоо хоногоос багагүй хугацааны дараа зохион байгуулна.

65.3.       Зөвлөл нь нийтийн хэлэлцүүлэг хийсний дараа хөрөнгө оруулалтын хөтөлбөрт шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулж, эсвэл хэвээр нь тухайн санхүүгийн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө тогтоол гарган батална.

                                     

Жаран зургаадугаар зүйл. Аудит

 

66.1.       Зөвлөл нь хотын үйл ажиллагааны бүх чиглэлээр ээлжит, ээлжит бус аудитыг хийлгэнэ. Ээлжит аудитыг жилд нэг удаа, ээлжит бус аудитыг шаардлагатай тохиолдолд хийлгэнэ.

 

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ, ЁС ЗҮЙН ХОРОО

 

Жаран долоодугаар зүйл. Ашиг сонирхлын зөрчил

 

67.1.       Хотын албан тушаалтан, ажилтны хувийн ашиг сонирхол, албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах асуудлыг тусгай дүрмээр зохицуулна.

                  

Жаран наймдугаар зүйл. Ёс зүйн хороо

 

68.1.       Зөвлөл нь энэ дүрмийн 67.1-д заасан дүрмийн хэрэгжилтийг хангуулах, хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянан шалгах бие даасан хараат бус Ёс зүйн хороог байгуулна.

68.2.       Ёс зүйн хорооны гишүүн нь хотын захиргаа, төрийн байгууллага, улс төрийн намын сонгуульт, томилгоот ажил, албан үүргийг давхар гүйцэтгэхийг хориглоно.

68.3.       Ёс зүйн хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

68.3.1.   заавал дагаж мөрдөх зөвлөмж гаргах;

68.3.2.   ажилтан, албан хаагч, иргэдээс гаргасан хүсэлт, гомдлын дагуу хянан шалгах ажиллагаа явуулах;

68.3.3.   холбогдох этгээдээс тайлбар, баримт материал авах;

68.3.4.   гэм буруутай этгээдэд захиргаа, сахилгын, эд хөрөнгийн хариуцлага тооцох тухай санал гаргах;

68.3.5.   хараат бус, бие даасан хуулийн зөвлөх хөлсөөр ажиллуулах;

68.3.6.   хуулиар хориглоогүй бусад эрх.

68.4.      Зөвлөл нь хотын нийт ажилтан, албан хаагчид, хотын захиргаанд ажилд орохоор нэр дэвшигчийн ёс зүйн боловсролыг дээшлүүлэх, жил бүр сургалт явуулах, Ёс зүйн хороо эрх үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг төсөвт тусган олгоно.

 

Жаран есдүгээр зүйл. Хандив өргөх, авах

 

69.1.       Нийтийн ашиг тусын тулд хандив өгөх, түүнийг хүлээн авах хэмжээ, тэдгээрийг бүртгэх, захиран зарцуулах, тайлагнах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай асуудлыг Зөвлөл тусгай дүрмээр зохицуулах бөгөөд уг дүрэмд дор дурдсан хязгаарлалтыг тусгасан байна. Үүнд:

69.1.1.   иргэн, хуулийн этгээдээс нэг удаа авч болох хандивын дээд хэмжээ, хугацаа, хэлбэр;

69.1.2.   аливаа хандивыг зөвхөн сайн дурын үндсэн дээр нийтийн эрх ашгийн үүднээс өргөх, хүлээн авах;

69.1.3.   аливаа хандив өгсөн этгээд шан харамж, онцгой, давуу эрх эдлэхгүй байх;

69.1.4.   хандивыг өгүүлэх, авахаар ил, далд аливаа шаардлагыг илэрхийлэх,тавихыг хориглох;

69.1.5.   аливаа хандивын захиран зарцуулалт, бүртгэлийг нийтэд ил тод, нээлттэй байлгах;

69.1.6.   бусад.

 

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХОТЫН ДҮРЭМ

 

Далдугаар зүйл. Дүрмийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, батлах

 

70.1.       Дүрмийн төслийг дараах шаардлагын дагуу боловсруулна. Үүнд:

70.1.1.     Хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулах аргачлалын дагуу бичигдсэн байх;

70.1.2.   Дүрмийн нэр нь түүний агуулгыг товч хураангуй илэрхийлсэн байх;

70.1.3.   Батламжлах заалт нь “… хот нь Зөвлөлийн …-дүгээр тогтоолоор … дүрмийг баталж байна” гэсэн бичилттэй байх.

70.2.       Зөвлөлийн гишүүн нь зөвлөлийн ээлжит, ээлжит бус хуралдаанаар дүрмийн төслийг танилцуулна.

70.3.       Дүрмийн төслийг танилцуулснаар хотын Хэрэг эрхлэх газрын дарга нь дараах арга хэмжээ зохион байгуулна. Үүнд:

70.3.1.     дүрмийн төслийн хувийг Зөвлөлийн гишүүд, Ерөнхий менежерт хүргүүлэх;

70.3.2.     Зөвлөлөөс тухайлан зааж өгсөн нийтэд танилцуулах газарт хангалттай тооны хувийг бэлтгэн тавих;

70.3.3.     дүрмийн төслийн хэлэлцүүлэг хийх газар, хугацааг товлосон тухай мэдэгдлийг дүрмийн төслийн хамт хэвлэн нийтэлж, олон нийтийг зөвлөлийн хэлэлцүүлэгт бэлтгэх.

70.4.       Мэдэгдэл нийтлэгдсэн өдрөөс хойш долоогоос доошгүй өдөр нийтийн хэлэлцүүлэг тусдаа, эсвэл зөвлөлийн хуралдаантай хамт явагдана.

70.5.       Хэлэлцүүлгийг явуулж дууссаны дараа зөвлөл нь дүрмийн төслийг нэмэлт, өөрчлөлттэйгээр, эсвэл хэвээр нь баталгаажуулах эсэхийг шийдвэрлэнэ.

70.6.       Хэрэг эрхлэх газрын дарга нь дүрмийг баталгаажуулсан тухай мэдэгдлийг хэвлэн нийтэлж, батлагдсан дүрмийн хувийг нийтэд хүргэх арга хэмжээ авна.

70.7.       Энэ дүрэмд өөрөөр заагаагүй бол дүрэм нь батлагдсан өдрөөс гуч дахь өдрөөс, эсхүл тусгайлан зааж өгсөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

 

Далан нэгдүгээр зүйл. Онцгой дэглэмийн үеийн дүрэм

 

71.1.       Хүний амь нас, эрүүл мэнд, хөрөнгө, нийтийн амгалан, тайван байдлыг хамгаалах үүднээс хотын Зөвлөл нь онцгой дэглэмийн үеийн дүрмийг батлан мөрдүүлж болно.

71.2.       Онцгой дэглэмийн үеийн дүрмээр татвар, хураамж, төлбөр тогтоох, хөнгөлөлт үзүүлэх, энэ дүрмийн Жаран хоёрдугаар зүйлд өөрөөр заагаагүй бол мөнгө зээлэх эрх олгох асуудлыг зохицуулахгүй.

71.3.       Онцгой дэглэмийн үеийн дүрэм нь түүнийг баталгаажуулсан заалт, онцгой дэглэмийн шаардлагаар боловсруулагдсан тухай мэдэгдэл, онцгой дэглэмийн тухай тодорхой мэдээллийг агуулсан байна.

71.4.       Онцгой дэглэмийн үеийн дүрмийг танилцуулсан хуралдаанаар нэмэлт, өөрчлөлттэйгээр, эсвэл хэвээр нь батламжлах эсэх асуудлыг Зөвлөлийн гишүүдийн тавин хувиас доошгүй саналаар шийдвэрлэнэ.

71.5.       Батлагдсан дүрэм бусад дүрмийн адил хэвлэн нийтлэгдэнэ.

71.6.       Дүрэм нь батлагдсан өдрөөс буюу дүрэмд тусгайлан заасан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

71.7.       Энэ дүрмийн Жаран хоёрдугаар зүйлд заасны дагуу батлагдсанаас бусад онцгой дэглэмийн үеийн дүрмийг баталсан өдрөөс хойш жаран нэг дэх өдрөөс эхлэн хүчингүйд тооцно. Онцгой байдал нь үргэлжилсээр байх тохиолдолд энэ хэсэгт заасны дагуу батлагдсан дүрмийн хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацааг сунгаж болно.Онцгой дэглэмийн үеийн дүрмийг баталсан журмын дагуу хүчингүй болгож болно.

 

Далан хоёрдугаар зүйл. Техникийн стандартыг зөвшөөрсөн дүрэм

 

72.1.       Зөвлөл нь техникийн стандартыг хүлээн зөвшөөрсөн тухай дүрэм баталж болно. Техникийн стандартыг хүлээн зөвшөөрөх дүрмийг ердийн дүрэм батлах журам, шаардлагын дагуу батламжилна.

72.2.       Техникийн стандарт, түүнийг хүлээн зөвшөөрсөн дүрмийн хувийг хотын Хэрэг эрхлэх газрын дарга баталгаажуулж бүртгэнэ.

72.3.       Техникийн стандарт, түүнийг хүлээн зөвшөөрсөн дүрмийг нийтэд түгээх зорилгоор хэвлэн нийтэлнэ.

 

Далан гуравдугаар зүйл. Дүрмийг бүртгэх, коджуулах, хэвлэх

 

73.1.       Хотын Хэрэг эрхлэх газрын дарга нь хотын Зөвлөлөөс батлагдсан дүрэм, тогтоолд тамга дарж баталгаажуулан, бүртгэж хадгална.

73.2.       Энэ дүрэм батлагдсанаас хойш нэг жилийн дотор Зөвлөл хотын хүчин төгөлдөр дүрэм, тогтоолын ерөнхий коджуулалтыг хийж, тогтоолоор батлах ба таван жил тутам шинэчилнэ.

73.3.       Ерөнхий коджуулалтыг Үндсэн дүрэм, багц дүрэм, түүнд орсон нэмэлт, өөрчлөлт, техникийн зохицуулалтын стандартыг холбогдох хуулийн заалтын хамт эмхтгэн хэвлэн нийтэлнэ.

73.4.       Эмхэтгэлийг албан ёсоор “…хотын дүрэм” гэж нэрлэх бөгөөд хувийг хотын ажилтан, албан хаагч, иргэд танилцах боломжтой газруудад тарааж, цахим хуудсанд байршуулахаас гадна Зөвлөлөөс тогтоосон үнээр худалдана.

 

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ. ҮНДСЭН ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

 

Далан дөрөвдүгээр зүйл. Нэмэлт, өөрчлөлт оруулах санал

 

74.1.       Хотын оршин суугчид Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг энэ дүрмийн Есдүгээр бүлэг-т заасан Санаачилга гаргах эрхийн дагуу гаргана. Хотын сонгогчдоос гаргах Үндсэн дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын агуулгад хязгаарлалт тавигдахгүй.

74.2.       Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай өргөдөлд хотын хамгийн сүүлийн ээлжит сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 10 хувиас цөөнгүй тооны сонгогчид гарын үсэг зурсан байна.

74.3.       Санаачилгын хороо нь санал асуулга явуулах өдрөөс 15-аас доошгүй өдрийн өмнө өргөдлөө буцаан татаж болно.

 

Далан тавдугаар зүйл. Санал асуулга

 

75.1.       Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Санаачилгын хорооны өргөдөл нь шаардлагад нийцсэн гэж тодорхойлогдон Хотын хэрэг эрхлэх газарт бүртгэгдсэн өдрөөс хойш жараас зуун хорин өдрийн хугацаанд сонгогчдын санал асуулгыг явуулна. Энэ хугацаанд хотын ээлжит сонгууль болох бол санал асуулгыг сонгуультай хамтатган явуулна.

75.2.       Санал асуулга явуулахаар товлосноос гучаас доошгүй өдрийн өмнө Үндсэн дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төсөл нь хэвлэн нийтлэгдсэн байна.

 

Далан зургаадугаар зүйл. Нэмэлт, өөрчлөлт оруулах

 

76.1.       Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг сонгогчдын олонх дэмжсэнээр нэмэлт, өөрчлөлтийг оруулна.

76.2.       Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь  хугацаа заасан бол уг хугацаанаас хүчин төгөлдөр болно. Хугацаа заагаагүй тохиолдолд санал асуулгын дүн гарснаас 31 дэх өдрөөс хүчин төгөлдөр болно.