Багануур дүүргийн 1 дүгээр хорооны товч танилцуулга

            1978 оны 9 сард БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар засаг захиргааны анхан шатны нэгж Багануур хороо байгуулагдсан. Багануур хороо нь 1980 онд Хотын район,1992 онд Нийслэлийн дүүрэг болон байгуулагдсан.

Улмаар 1995-06-15-ны өдрийн дүүргийн АДХ-ын шийдвэрээр 1-р хороо нэртэйгээр зохион байгуулагдсан дүүргийн УУГАН ХОРОО  юм.

Орон сууц гудамжны 1-р хороо анх байгуулагдах үедээ орон сууцны 1-23 дугаар байр, сургалтын задгай, дан орон сууцны хэсгүүдийг харъяалуулж байсан бөгөөд 1991 оноос хойш “Хуцаа, Сургалтын задгай”  гэсэн гэр хорооллын шинэ хэсгүүд өргөжин нийт 9301.07 мян га газар нутагтай, үүнээс суурьшлын 762.2 га нутаг дэвсгэртэй 2296 өрхийн 8176 хүн амтай, 33500  толгой малтай, орон сууц, гэр хороолол, хөдөө хэсэг хосолсон  томоохон хороо болон өргөжиж байна.

Тус хороонд 1-23-р байрууд /100 орцтой/, Баялаг хотхон, 70-84-р байр, Сургалтын задгайн 8 гудамж, Хуцаагийн 23 гудамжтай, Хөдөө хэсэг  харъяалагддаг.

3 СӨХ-той, 150 орчим байгууллага, аж ахуйн нэгж, хоршоо үйл ажиллагаа явуулж байгаагаас 21 байгууллага нь төрийн байгууллага юм.

          Тус хорооны Засаг даргаар Б.Ядамцоо, Б.Даваажаргал, Б.Төмөр-Очир, Д.Адъяасүрэн, С.Сүрэнхорлоо, П.Оюунчимэг, М.Туулсайхан, Б.Энхтуул сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2013 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн Ё.Туул ажиллаж байна.

            Иргэдийн Нийтийн хурлын Тэргүүлэгчдийн даргаар Ц.Лхамсүрэн, Л.Цэцэгээ, С.Мягмар, Д.Дамбапэлжээ /2008-2012/ сонгогдон ажиллаж байсан ба М.Туулсайхан  2013 оны 01-р сарын 23-нд сонгогдон ажиллаж байна.

1-р хороо нь 1999-2002 онд ажлаараа дүүрэгтээ 1 дүгээр байр,

  • 2000 оны ажлаараа нийслэлд 3 дугаар байранд шалгарч “Тэргүүний хороо” хүндэт өргөмжлөл,
  • 2004 онд дүүргийн “Тэргүүний хороо”,
  • “Нийслэлийн хөгжилд иргэдийн оролцоо” ажлын хүрээнд зарласан “Тохитой орчин-2005” болзолт уралдаанд амжилттай оролцож, “Хоггүй хороо” өргөмжлөл шагнал,
  • 2006 онд Дүүргийн хэмжээнд зохиогдсон “Цэвэр орчин-эрүүл мэнд” аянд 2 дугаар байр эзэлж, дүүргийн Засаг даргын мөнгөн шагнал, хүндэт өргөмжлөл,
  • 2006 оны Нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч хороо” ,
  • 2006 онд “Хороодын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлаар нийслэлд шалгарч өргөмжлөл, авто машинаар,
  • 2007 онд Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Дүүргийн Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар,
  • 2008 онд “Соёлтой иргэн-Эрүүл орчин” бүтээлч ажлын хүрээнд нийслэлд 3 дугаар байр,
  • 2009 онд Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 370 жилийн ойгоор байрнуудын дундах хүүхдийн тоглоомын талбайн иж бүрэн тохижилтоор шалгарч Бүтээлч ажлын батламжаар,
  • 2013 онд Эрүүл аюулгүй байдлын индекс” –ийг тооцох суурь мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үр дүнтэй зохион байгуулан ажилласанд талархал мөнгөн шагналаар тус тус шалгарсан зэрэг амжилтуудыг үзүүлж ирсэн байна.

Хорооны Засаг даргаар Ё.Туул, зохион байгуулагчаар Н.Оюунбилэг, хөгжлийн нийгмийн  ажилтнаар Ц.Урангэрэл нар ажиллаж байна.