Багануур дүүрэг, Онцгой байдлын хамт олонд хүнд гарз тохиолоо

ontsgoiАлбан үүргээ гүйцэтгэж явсан Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нар автомашины ослын улмаас харамсалтайгаар амь насаа алдаж Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд хүнд гарз тохиолоо. Амь эрсэдсэн албан хаагч та бүхний минь Монгол Улсын гамшгаас хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, гамшгаас хамгаалах хууль эрх зүйн тогтолцоог орон нутагт хөгжүүлэхэд зориулсан гавьяа зүтгэлийг бид мартахгүй. Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлыг хангах, хэлж ирдэггүй хийсэж ирдэг гэнэтийн аюул, болзошгүй ослоос ард иргэдийн амь нас, иргэд, байгууллагын эд хөрөнгийг гамшиг, ослоос хамгаалах нэр төртэй бөгөөд хүнд, хариуцлагатай ариун үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан эх орны эрэлхэг хөвгүүдийн гэгээн дүр, шантаршгүй эр зориг, шударга дайчин, нөхөрсөг зан, ажилч хичээнгүй чанар нь бидний сэтгэл, зүрхэнд хоногшин үлдэх болно. Талийгаачдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.

Багануур дүүргийн Засаг даргын тамгын газар

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.