Мэндчилгээ

IMG_8551
Сайн байцгаана уу
Эрхэм хүндэт Багануурчууд аа
Эрхэм хүндэт Наадамчид аа
Нар хур тэгширсэн, навч цэцэгс алагласан дэлгэр зуны цагт бие эрүүл, амар амгалан, ажил үйлс бүтэмжтэй, мал сүрэг бүрэн мэнд, тарган тавтай сайхан зусаж байна уу?
Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн их баяр наадмын мэнд хүргэж, нар асгарч хур тэгширсэн, найр хөгжиж хуур уянгалсан Монгол наадмаараа та бүхэнтэйгээ мэндчилж байна.
Ард иргэд та бид дүүргийнхээ их баяр наадмыг ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна. Хэдхэн хоногийн өмнө дүүргийн ИТХурал ээлжит бус 8-р хуралдаанаа хуралдуулж төсөв, эдийн засаг нийгмийн зорилт, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулж, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг хэлэлцүүлэн баталлаа. Одоо бидэнд төсвийг үр ашигтай зарцуулах, төсөл арга хэмжээг цаг алдалгүй хийж хэрэгжүүлэх, хариуцлагатай ажиллах цаг үе ирлээ.
Төр захиргааны байгууллагын ажил жигдрэн зөв гольдрилдоо орж дүүрэг орон нутгийнхаа хөгжил дэвшил, сайн сайхны төлөө санаа нэгтэй ажиллан, хэлж ярих биш хийж хэрэгжүүлэх үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллах нь чухал байна.
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог, МОНГОЛ гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдoг баяр цэнгэлийн манлай эрийн гурван наадамдаа хотол олон, төр түмнээрээ сайхан наадаарай.
Гүн галуутайн Багануурын хүлэг морьд нь хурдан, хүчит бөхчүүд нь босоо хийморьтой, эрхий мэргэн харваачид нь оноо мэргэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Төр түвшин байж, түмэн олон минь амгалан байх болтугай.