Баяр наадмын зөвлөмж

naadamМХЕГ-аас ирүүлсэн зөвлөмж: Багануур дүүргийн баяр наадам 2014.07.09-10-нд болох гэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас ирүүлсэн зөвлөмжийг хүргэж байна. Уяачид минь уг зөвлөмжийг хэрэгжүүлэн унаач хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангахыг зөвлөж байна.
Морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах тухай /зөвлөмж/
Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг бөгөөд Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн төдийгүй ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилт тавьсан билээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж хяналт шалгалт хийх ажлыг орон даяар зохион байгуулахаар тусгасан юм. Монголын үндэсний их өв соёлын нэг болсон хурдан морины уралдаан, уяачдын эрдэм ухааныг дэлхий нийтэд сурталчлан таниулах нь монгол хүн бүрийн хувьд нэр төрийн хэрэг бөгөөд манай уяачид хурдан хүлгээ сойж үндэсний их баяр наадамдаа оролцож хүлэг морьдоо уралдуулж айраг түрүү авч баясан цэнгэдэг уламжлалт зан үйл болох цаг хугацаа ирж байна. Чухамхүү энэ үед морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас, эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг бүрэн хангах асуудал уяачид, наадмын комисс, морь унаач хүүхдүүдийн эцэг эх, хяналт шалгалтын болон хүүхдийн байгууллагуудын нэн чухал үүрэг болж байна.
Үндэсний их баяр наадмын тухай хууль, Орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага МNS 6264:2011 стандарт зэрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн мэргэжлийн хяналтын газрууд доорхи арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна. Үүнд:
1.Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих стандартад заасан хамгаалах хэрэгсэлээр хангахыг морь уралдуулж буй эздэд анхааруулж санамж стандартыг хүргүүлэх,
2.Хамгаалах хэрэгсэл хувцасгүй хүүхдээр морь унуулж уралдуулахгүй байхыг аймаг, нийслэл, дүүрэг сумдын Морин спорт уяачдын холбоо түүний салбар хороо, баяр наадмын комисст урьдчилан анхааруулах, шаардлагыг биелүүлээгүйгээс үүдэх эрсдэлийг хариуцаж ажиллахыг хуулийн хүрээнд сануулан мэдэгдэх,
3.Морин уралдааны үед тавих хяналтыг орон нутгийн хүүхдийн байгууллагын ажилтнууд, үйлдвэрчний эвлэлийн хороодын хөдөлмөрийн хяналтын байцаагчидтай хамтран гүйцэтгэх,
4.”Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” (ММЗ 6264:2011) стандартыг хангаж ажиллаагүй уяачдын холбоо, наадмыг зохион байгуулах комиссыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд зарлан мэдээлэх, дараагийн арга хэмжээнд оролцуулахгүй байх арга хэмжээ авах,
5.Сум, багийн хүрээний бэсрэг наадам, их богино сунгаа, овоо тахилга, бооцоот уралдааны үед морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах асуудал үндсэндээ орхигдож унаач хүүхдүүд эрсдэлд өртөх явдал их байгаад онцгой анхаарч тухайн баярын арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа этгээд хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих асуудлыг сум, дүүрэг, баг, хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн хариуцан зохион байгуулж байхаар хамтран ажиллах гэрээнд тусган хэрэгжүүлэх,
6.Морь унаж буй хүүхэд уяачдын хооронд гэрээ байгуулах ажпыг зохион байгуулж, гэрээнд морь унах хүүхдийн насны доод хязгаарыг “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт /Баяр наадмын хурдан морийг 7-оос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна/-тай нийцүүлэх, учирч болох эрсдэлийг хэрхэн зохицуулах, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хууль эрх зүйн актыг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой тусгуулах арга хэмжээ авах,
7.Морь унаач хүүхэд бүрийг “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” (МNS 6264:2011) стандартад заасан хувийн хэрэгслээр бүрэн хангуулах,

Зөвлөмжийг хэрэгжүүлээгүйгээс болж гарсан зөрчил дутагдлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Морин спорт уяачдын холбоо, наадмын комисс болон морь унаач хүүхдийн эцэг эх хариуцах ёстойг анхааруулж байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР