БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС VIII ХУРАЛДААН БОЛЛОО.

IMG_8463Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус VIII хуралдаан 2014 оны 6 дугаар сарын 26-ний өдөр хуралдлаа. Хуралд ирвэл зохих 25 төлөөлөгч бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.
Хуралдаанаар дүүргийн 2014 оны нийгэм, эдийн засгийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Засаг дарга Б.Бямбадорж танилцууллаа. Төлөөлөгчид дүүргийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг баталж, биелэлтийг хангуулахад Засаг даргын Тамгын газар, хороод, дэргэдэх хэлтэс, байгууллага аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг чиглүүлэн ажиллах, биелэлт, үр дүнг хагас, бүтэн жилээр тооцон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, төлөөлөгчдийн хуралдаанд танилцуулахыг Засаг дарга Б.Бямбадоржид даалгасан байна.
Мөн тус хуралдаанаар дүүргийн 2014 оны төсөвийн төслийн тухай илтгэлийг Засаг даргын хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга О.Мөнхтулга тавьж хэлэлцүүлэв.
Тэрээр 2014 оны орон нутгийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийн хэмжээг тусган танилцуулсан бөгөөд дүүргийн төсөвийн нийт эх үүсвэр 14,504,446.4 байгаа юм байна.
Орон нутгийн хөгжлийн сангийн 2 тэрбум 376 сая 019 мянга төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг мөн хавсралтаар баталж, төлөөлөгчдөөс 2014 оны дүүргийн төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх, төсөвийн гүйцэтгэлийг ханган, төсөл арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг дүүргийн Засагдарга Б.Бямбадоржид үүрэг болголоо.
ИТХ-ын ээлжит бус YIII хуралдаанд 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг өмч, газрын харилцааны албаны дарга Ш.Отгонбаяр танилцууллаа. Дүүргийн 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахтай холбогдуулан ИТХурал дахь МАН-ын бүлэг нягтлан судлах үүднээс завсарлага авч асуудлыг дахин хэлэлцүүлэх санал гаргасан тул хуралдааныг нээлттэй орхин 2014 оны 7-р сарын 1-ны өдөр үргэлжлүүлэн хуралдаж Газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөг батлахаар шийдвэрлэлээ.

Багануур дүүргийн ИТХ-ын ажлын алба