Хүүхэд, багачуудын сайн сайхны төлөө хийсэн үйлс болгон дэлгэрч, үр шимийг нь хүүхэд бүхэн хүртэж байхын өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье!

imagesОлон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярын халуун мэндийг Багануур дүүргийнхээ нийт хүүхэд багачууддаа өргөн дэвшүүлье. Хүний эрхийн тухай түгээмэл тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг боловч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. 1959 оны арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүүхдийн эрхийн тунхаглалыг баталж байсан бөгөөд энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад хүний эрхийн талаарх олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байв. Уг конвенц 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдаж, үүнд дэлхийн 191 орон нэгдсэн нь хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн үзүүлэлт юм. Манай улсын хувьд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны тавдугаар сарын 8-нд их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуусын санаачилгаар байгуулагдаж байсан түүхтэй. Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд тав дахь орон болж нэгдэн, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулж, 1996 оны тавдугаар сарын 8-нд батлан гаргасан байна. Монгол Улс жил бүрийн зургадугаар сарын 1-нийг Хүүхдийн баярын өдөр болгон тэмдэглээд  61 жил өнгөрчээ.

Манай Багануур дүүргийн хүн амын дийлэнхийг хүүхэд залуучууд эзэлдэг бөгөөд дүүргийн төр захиргааны байгууллагаас хүүхэд, өсвөр үеийнхэн рүү чиглэсэн олон талт бодлогыг баримтлан ажиллаж байна. 2013 оноос хойш хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах чиглэлээр “Боловсрол”, “Гүн галуутай” цогцолбор сургуулиудад техник тоног төхөөрөмжийн шинэчлэлтүүдийг хийж, шинээр 125 дугаар сургуулийг ашиглалтад орууллаа. Алслагдсан 2 дугаар хорооны хүүхдүүд маань сургуулийн автобустай болж, хүүхдүүд дүүргийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлэн “Танд хүргэх бидний үг” уулзалт хэлэлцүүлгийг тогтмол явуулж байна. Гэр хорооллын хүүхдүүд чанар стандартын шаардлага хангасан орчин үеийн цоо шинэхэн тоглоомын талбайтай болсны дээр өдгөө 5 дугаар хорооны Бага гүн хэсэгт 100 хүүхдийн ортой цэцэрлэг баригдаж байна. 2014-2015 оны хичээлийн жилд 2 цэцэрлэг шинээр ашиглалтад орж сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 400 хүүхдээр нэмэгднэ. Мөн нийслэл, улс, олон улсын чанартай соёл урлагийн арга хэмжээ, олимпиад тэмцээн, спортын үйл ажиллагаанд оролцох сурагчдад дүүргийн Засаг даргын нөөц сангаас зөвхөн 2013 онд гэхэд 30 гаруй сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлж Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийг гурав байсныг 6 болгон нэмэгдүүллээ.

Бид ирээдүй хойч үе, хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө бодлого зорилтоо тодорхойлон тэдний эсэн мэнд өсч, хөгжих, аз жаргалтай амьдрах, мэдлэг боловсрол эзэмших, хариуцлагатай, эх оронч иргэд болон төлөвших, нийгмийн амьдралд оролцох эрхийг нь хангахад бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байна. Цаашид ч энэ эрчээ алдахгүй улам бүр хичээл зүтгэл гарган ажиллах болно. Нийгмийн хөгжил түргэн хурдацтай явагдаж буй энэ цаг үед өнөөгийн хүүхэд, өсвөр үеийнхий эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхол, өсөлт хөгжилтийн онцлогт тохирсон сургууль боловсрол, мэдээлэл сурталчилгаа, харилцаа хандлага, дэмжлэг үйлчилгээ, хөгжлийн үйл ажиллагаа чухал байна.

Дүүргийнхээ жаргалант ирээдүй болсон хүүхэд, багачуудын сайн сайхны төлөө хийсэн үйлс болгон дэлгэрч, үр шимийг нь хүүхэд бүхэн хүртэж байхын өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье!

Leave a Reply