Дүүргийн ИТХ-ын даргад ИТХ-ын төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ шаардлага хүргүүлж хурлыг даруй хуралдуулахыг шаардлаа

DSC06115 Нийслэлийн Багануур дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргалд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Бат-Эрдэнэ дараах шаардлагыг хүргүүллээ. Шаардлагадаа Дүүргийн улс төрийн намуудын удирдлагуудын албан тушаалын төлөөх тэмцэл, эдийн засгийн ашиг сонирхол бүхий явцуу бодлого шийдвэрийн улмаас дүүрэг орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьжиргаа, төрийн албан хаагчдын нийгмийн байдал илтэд зогсонги, хүнд байдалд ороод байгааг буруушааж энэхүү шаардлагыг хүргүүлжээ. Мөн тэрээр “2012 оны орон нутгийн сонгуулиар Багануур дүүргийн ард иргэдийн итгэлийг авч сонгогдсон дүүргийн бодлого, зорилтыг тодорхойлох дүүргийн ИТХ сонгуулиас хойш албан ёсоор тавхан удаа хуралдсан ч дүүрэг орон нутгийн хөгжил, дүүргийн ард иргэдийн аж амьдралд тулгамдсан шаардлагатай асуудлыг огт хэлэлцдэггүй, намын бодлого нэрийн дор цөөн хэдэн хүний үзэл бодолд нийцүүлсэн албан тушаалын томилгоо, хурлаас орон гарсан гишүүнтэй холбоотой эрх зүйн чадамжгүй ганц нэг шийдвэр гаргаснаас өөр дорвитой ажил хийж чадалгүй өнөөдрийг хүрсэн нь дүүрэг орон нутагт улс төр, эдийн засгийн хүндрэлийг бодитойгоор би болгоод байна. Та бидний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход хоёр жил хүрэхгүй хугацаа үлдээд байхад хууль ёсны Засаг даргагүй, батлагдсан мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтгүй, төсвийн болоод газар зохион байгуулалтын төлөвлөгөө ч үгүй сууж байгааг дүүрэг орон нутгийн хөгжлийн төлөө ажиллаж байна гэж үзэх аргагүй юм. Таны удирдаж байгаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын энэ хариуцлагагүй, арчаагүй, сул дорой байдал нь төр болон орон нутгийн өмч хөрөнгийг үр ашиггүй, хууль бусаар зарцуулах, ашиглах боломжийг бүрдүүлж байна. Улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэж, мөнгөний ханш унасан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, ажилгүйдэл нэмэгдсэн энэ цаг үед дүүргийн 2014 оны төсвийг цаг хугацаанд нь батлаагүйгээс шудрагаар хөдөлмөрлөж буй төрийн албан хаагчид батлагдсан цалин хөлсөө авч чадахгүйд хүрээд байна. Таныг төрөөс цалин урамшуулал авч дүүргийн ИТХ-ын даргын ажлыг гүйцэтгэж байгаагийн хувьд улс төрийн намуудын ашиг сонирхлын зөрчлөөс улбаатай үүссэн хүндрэлийг даван туулах арга замыг цаг алдалгүй олж, нэн даруй оновчтой шийдвэр гаргах хууль зүйн үүрэгтэй гэж ойлгож байна. Ялангуяа урин дулаан цаг ирж хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хэдийнэ эхэлчихсэн байх ёстой энэ цаг үед дүүргийн ИТХ-аа зарлан хуралдуулж дүүргийн 2014 оны төсөвийг батлуулахыг МУ-ын Засаг Захиргаа Нутгийн Дэвсгэрийн Нэгж Түүний Удирдлагын Тухай Хуулиар олгогдсон бүрэн эхрийнхээ хүрээнд Танаас шаардаж байна” хэмээн шаардлагатаа дурджээ. /Хувийг ИТХ-ын намын бүлгийн дарга нарт хүргүүлэв/ гэжээ.

Leave a Reply