2 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ

10325345_631139606973179_8089755612573156560_nДүүргийн төвөөс алслагдсан 2 дугаар хорооны иргэдтэй дүүргийн Засаг дарга М.Гончигжав болон Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Засаг даргын орлогч Г.Цамбагарав, ЗДТГ-ын ТХҮХ-ийн дарга Ж.Эрдэнэбаяр нар энэ сарын 28-ны өдөр уулзлаа. 2 дугаар хороо нь 200 шахам өрхтэй 1000 хүрэхгүй хүн амтай бөгөөд төвөөс алслагдсан учраас дэд бүтцийн хувьд хүндрэлтэй байгаа юм. Тийм ч учраас Нийслэл болоод дүүргийн зүгээс анхаарал хандуулан 200 өрхийг тохитой амьдруулах шийдэл гаргах үүднээс энэхүү уулзалтыг зохион байгуулсан юм. Хорооны иргэдийн хувьд дахин төлөвлөлт хийж амьдрах ая тухтай нөхцөл бүрдүүлэхээр саналыг нь хүлээн авч уулзалт зохион байгуулж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд цаашид газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хорооны нэгдсэн төлөвлөлтийг хийж дэд бүтцийг бий болгон хүн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлбэл хамгийн цөөн хүн амтай хороо хамгийн олон хүнтэй хороо болон хөгжих боломж байгааг хэлж байлаа. Дүүргийн Засаг даргын хувьд хорооны хүн амыг цөөн гэлгүй хөгжлийг авчирах учиртай гэдгийг хэлээд энэ 2014 онд бага сургууль цэцэрлэгийн нэг комплексийг тус хороонд байгуулахаар саналаа нийслэлд хүргүүлснээ дуулгалаа. Өнөөгийн байдлаар 2 дугаар хороонд 200 орчим айл амьдарч байгаа хэдий ч газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр 7000 өрхөд газар олгохоор төлөвлөж байгаа учраас томоохон суурьшлын бүс үүсч хөгжих боломж ч нэмэгдэнэ гэдгийг хэллээ.

Гэр хорооллыг дахин төлөвлөх чиглэлээр хийх уулзалтыг нэг удаа хийгээд өнгөрөхгүй. Энэхүү уулзалт анхных бөгөөд цаашид шат дараатай судалгаа хийх, мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт гаргуулах ажлууд өрнөх юм байна. Үүний үр дүнд хамгийн алслагдсан хороо маань дэд бүтэцтэй болж иргэд нь ая тухтай амьдрах боломжтой болох юм.