Дүүргийн Засаг дарга махны худалдаачидтай уулзлаа

Багануур дүүрэг жилд дунджаар 77,5 мянган  толгой мал хүнсэнд хэрэглэж, 1,7 орчим мян.тн мах бэлтгэн дүүргийн  хэрэгцээгээ  хангадаг. Махны жилийн хэрэглээний  89% орчимыг өөрийн дүүргийн малтай иргэд болон зэргэлдээх сумдын чөлөөт зах зээлээс хангадаг гэсэн судалгаа байдаг. Жилийн дөрвөн улиралдаа Багануурчууд нийслэлтэй харьцуулахад өндөр үнэтэй мах хэрэглэдэг бөгөөд үнэ ханшийг бууруулах, махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг Засаг даргын зүгээс хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд ҮХААЯ-ны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын хэмжээнд нөөцийн махыг дүүрэгтээ бэлтгэх талаар уулзалт хийж, албан бичгийг хүргүүлээд байгаа юм. Тийм ч учраас дүүргийнхээ махны худалдаа эрхлэдэг иргэдтэй нээлттэй уулзалт зохион байгуулж, бүлэг болгох замаар нөөцийн мах бэлтгэхэд хэрхэн хамтран ажиллах талаараа ярилцлаа. Энэхүү уулзалтад 38 махны худалдаачин оролцсон бөгөөд дүүрэгтээ махны бөөний цэг нээн ажиллуулах, махны чиглэлийн фермерийн аж ахуйтай болох гээд шинэ санаануудаа мөн хуваалцлаа. Манай дүүргийн хувьд жилийн нийт хэрэглээний 11 %-ийг нь улсын нөөцийн махаар хангаж байгаа бөгөөд Улаанбаатараас нөөцийн махыг татаж авчирдаг. mahДүүрэгт борлуулагдаж байгаа махны үнэ ханш сүүлийн 10 жилийн байдлаар  нийслэлийн махны зах зээлийн үнэ ханшаас тогтмол 20 орчим хувиар өндөр байдаг. Дүүрэгт 12000 тн мах бэлтгэх хүчин чадалтай үйлдвэртэй ч сүүлийн жилүүдэд ашиглаагүй зэргийг харгалзан үзэж махны худалдаа эрхлэгчдийн хөдөлмөрийг хорших замаар үйлдвэрийг ашиглалтад оруулж иргэдээ чанартай, эрүүзл, шинэ махаар хангах бодлогыг дүүргийн төр захиргаанаас баримталж байна. Махны худалдаачдын хувьд энэхүү санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлээд нөөц бололцоогоо ашиглан хамтран ажиллахаа илэрхийллээ.

“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, “Хүн амыг чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнээр жилийн турш, жигд тогтвортой хангах” хөтөлбөрийн  хүрээнд улсын нөөцийн мах бэлтгэхэд зориулан Засгийн газраас  гаргаж буй санхүүжилтээс 220,0 сая төгрөгийг  дүүргийн хүн амын махныхэрэглээний 20%-ийг  хямд чанартай махаар хангахад   зориулан хувиарлаж өгөхийг дүүргийн Засаг даргаас хүсэлтийг ҮХААЯ-нд хүргүүлсэн. Яамнаас дэмжих боломжтой гэсэн хариуг ирүүлээд байгаа учраас дээрх уулзалтыг зохион байгуулсан байна.