Хогны уутыг үргэлжлүүлэх эсэх санал асуултад оролцсон нийслэлийн иргэдийн 60,4 хувь нь дэмжжээ

p18m6qomb3acn1ctu1m4l1n7imbl5Нийслэлийн ИТХ-ын 2014 оны 3-р сарын ээлжит хуралдаанаар  Хог хаягдлын зориулалтын ногоон уутны хэрэглээг үргэлжлүүлэх эсэх талаар иргэдээс санал асуулт явуулах тухай тогтоол гаргаж, тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга уг ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг А/287 дугаар захирамжаар байгуулсан. Санал асуулт явуулах ажлын хэсгийн даргаар нийслэлийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга ажиллаж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох албаны хүмүүсээс гадна АНУ-ын Азийн сангийн хөтөлбөрийн ажилтан, “хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоо” ТББ-ын төлөөлөл багтжээ. Хогны ногоон уутыг үргэлжлүүлэх эсэх санал асуулгыг 2014 оны 04 сарын 19-ний /бямба гараг/ өдөр явуулсан бөгөөд нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны 34607 өрхийн төлөөллөөс  “Сор гоо” судлаач оюутны клубын 140 оюутан “Хогны зориулалтын уутны хэрэглээг үргэлжлүүлэх эсэхийг тодорхойлох иргэдийн санал, асуулт” гэсэн асуулгын цаасыг бөглүүлж авсан байна. Иргэд Та аль дүүрэгт амьдардаг вэ?, Та орон сууц, гэр хорооллын алинд нь амьдардаг вэ?, Та хог хаягдлын зориулалтын ногоон уутыг хэрэглэхийг дэмжиж байна уу гэсэн гурван асуултад хариулжээ.
Санал асуулгад оролцсон өрхийг дүүргээр ангилвал Сонгинохайрхан дүүргийн 7855, Чингэлтэй дүүргийн 4249, Баянгол дүүргийн 5648, Баянзүрх дүүргийн 7001, Сүхбаатар дүүргийн 4920, Хан-Уул дүүргийн 2859, Багануур дүүргийн 732, Багахангай дүүргийн 293, Налайх дүүргийн 1050 өрх хамрагджээ. Эдгээрээс 57,2 хувь нь гэр хороололд, 42,3 хувь орон сууцанд амьдардаг байна.
Харин санал асуулгад оролцсон нийслэлийн иргэдийн 60,4 хувь нь буюу 20789 өрхийн төлөөлөл хогны уутыг үргэлжлүүлэн тараахыг дэмжсэн бол, 39,6 хувь нь буюу 13645 өрхийн төлөөлөл үгүй гэсэн хариултыг өгчээ.
Санал асуулгын нэгтгэсэн дүнг нийслэлийн удирдлагын зөвлөлийн 04 сарын 24-ний өдрийн хуралдаанд танилцуулж, нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанд өргөн барьж энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply