Засгийн газрын ”Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам” гарсантай холбогдуулан Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа газруудад шалгалт хийлээ.

3121_610_350Хүүхэд, залуучуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэдний эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 12 дугаар  сарын 14-ний өдрийн 410 дугаар тогтоолоор ”Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам” гарсантай холбогдуулан уг журмын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/25 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу  журмын хэрэгжилтэнд 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус  хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Хүүхэд залуучууд, соёл урлагийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Цагдаагийн хэлтсийн 3-р хорооны хэсгийн байцаагч нар хамтран шалгалт хийлээ.

Шалгалтанд дүүрэгт цахим тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа 9 иргэний 9 тоглоомын газар буюу шалгалтанд хамрагдвал зохих газрууд 100% хамрагдлаа. Тоглоомын газрууд нь тухайн чиглэлээр дагнан 3-9 жил үйл ажиллагаа явуулж байгаа ба үйлчилгээ эрхлэгчид нь мэргэжлийн хяналтын байгууллагаас 2010 оноос өмнө нь олгогдсон ажлын байрны дүгнэлт зөвшөөрөлтэй байв. Нийт шалгагдсан газруудын 66,6% нь ажиллах журам, цагийн хуваарь, үнэ тариф, тамхины эсрэг сурталчилгаа бүхий мэдээллийн самбар зэргийг  үйлчлүүлэгчдэд ил харагдахуйц газарт байрлуулсан.Цагийн хуваарийг шинэчилсэн журмын дагуу өөрчлөн байршуулаагүй.Нэг цахим тоглоомын газар буюу 11,1% нь ажлын байрны орчинд камерын хяналтын систем суурилуулсан байна.Цахим тоглоомын ажилтан нь мэдээлэл технологийн анхан шатны тодорхой мэдлэгтэй болон тухайн чиглэлээр мэргэшсэн 20-иос дээш насны хүмүүс байна. Шалгагдсан нийт тоглоомын газрууд нь холбогдох хууль тогтоомжоор хориглосон цахим хуудсыг нээдэггүй тохиргооны программ хангамжийг компьютерт суулгаагүй байна.Үйлчилгээ эрхлэгч иргэд нь үйлчлүүлж байгаа хэрэглэгчдийн цахим үнэмлэхээр бүртгэлийг огт хөтлөөгүй байлаа.

Тоглоомын газрууд нь тухайн чиглэлээр дагнан 3-8 жил үйл ажиллагаа явуулж байгаа ба үйлчилгээний орчны тоноглол, техник, тоног төхөөрөмжийг сүүлийн үеийн дэвшилтэт хэлбэрээр өөрчлөн сольж, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэхэд анхаарч ажиллаж байна.Үйлчилгээний орчин, тоноглолыг сайжруулж, сүүлийн үеийн LSD, Plazma дэлгэц бүхий тоног төхөөрөмжөөр хангагдсан.Тамхи татахыг хориглосон анхааруулга, тэмдэг байршуулсан.Хог хаягдал зайлуулах гэрээг мэргэжлийн байгууллагатай хийсэн.Мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэсэн зэрэг ололттой талууд байна.

Шалгалтаар тоглоомын газруудын ажлын байр нь зориулалтын бус, 6 буюу 66,6% нь нийтийн эзэмшлийн орон сууцны 1 давхар, зоорийн давхарт байрлан үйл ажиллагаа явуулдаг нь ”Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын  4 дэх “Хориглох зүйл”-ийн “4.1.1. орон сууцны нэг давхар, зоорины давхарт үйлажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна.

Нийтийн эзэмшлийн орон сууцанд үйл ажиллагаа явуулдагаас шалтгаалан зай талбай бага, компьютерийн тоо ихээс нэг тоглоомонд ногдох талбай хангалтгүй /1,03-2 м.кв/, ариун цэврийн дүрэм, цэвэрлэгээ үйлчилгээ хийх заавар, журамгүй, цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй, компьютер тоглоомын гар /мауз/-ыг цэвэрлэдэггүй, ариутгал, халдваргүйтгэлийн бодис хэрэглэдэггүй, үйлчилгээний төлбөрийн тасалбаргүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ.

Хяналт шалгалтын дүнг үндэслэн илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор хориглосон байршилд үйл ажиллагаа явуулж буй 6 газарт улсын байцаагчийн үйл ажиллагааг түр  зогсоох тухай акт, 3 газарт улсын байцаагчийн  албан шаардлагаар үүрэг өгөөд байна.

Comments Closed

Comments are closed.