Дүүргүүдийн засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт боллоо

2014021401Нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга нар хоёрдугаар сарын 14-өөс 16-ны хооронд хоёр өдрийн турш Батлан хамгаалах яам болон Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэргийн бэлтгэл сургалтанд хамрагдлаа. Дайчилгааны тухай хууль болон Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах зорилгоор улс төрийн албан тушаалтнуудыг 1-4 жилийн хугацаанд 7 хүртэлх хоногоор цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад тогтмол хамруулах ёстой. Батлан хамгаалах яам хүлээсэн үүргийнхээ дагуу дээрх сургалтуудыг шат дараалан зохион байгуулсан байна. Нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар уг сургалтын үеэр БХЯ-ны үйл ажиллагаатай танилцан, улсын Батлан хамгаалах бодлого, улсын дайчилгааны төлөвлөлт, дайчилгааны бэлтгэл үүрэгтний сургалтыг орон нутагт зохион байгуулах, орон нутгийн хамгаалалтын талаар мэдээлэл авч, Бүх цэргийн Хар сүлдэндээ хүндэтгэл үзүүллээ. 2014021402Мөн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангиар зочилж, орчин үеийн буудлагын зэвсгийн үзэсгэлэн, ангийн бие бүрэлдэхүүний гардан тулаан, обьект чөлөөлөх, олзны хүн аврах зэрэг ажиллагааг үзсэн байна. Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд байрлан Монгол улсын батлан хамгаалах үйл ажиллагааг нийслэл, дүүргийн хэмжээнд сурталчлах, цэргийн алба хаах хэлбэрүүд, тэдгээрийг зохион байгуулж буй өнөөгийн байдал, цэрэг татлага, түүнтэй холбоотой цаашид анхаарах асуудлууд зэргийн талаар санал солилцжээ. Сургалтын үеэр Зэвсэгт хүчний ангийн үзүүлэх сургуулийг үзэж, буудлага, жолоодлого зэрэг цэргийн бэлтгэл сургуулилт, дадлага хийлээ.

Comments Closed

Comments are closed.