Нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэсэгчлэн тогтоолоо

p18h1ailgr1s4c8eo14mo9p219ka1Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумын нутаг дэвсгэрт Олон улсын хөл хориот мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч оношлогдон халдварын тархалт нэмэгдэж байгаа тул нийслэлийн Засаг дарга 2014 оны 2 дугаар сарын 14-нд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх, хөрөнгө гаргах тухай А/90 дүгээр захирамж гаргалаа.  Захирамжийн дагуу 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс  нийслэлийн Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүллээ. Мөн Улаанбаатар хотод мал, амьтны шилжилт хөдөлгөөнөөр шүлхий өвчний вирус зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор  хөдөө орон нутгаас амьд мал, малын гаралтай түүхий эд /арьс шир, ноос ноолуур/ оруулах,  нийслэлийн нутаг дэвсгэрт мал, амьтны үзэсгэлэн, уралдаан зохион байгуулахыг түр хугацаагаар хориглолоо.  Түүнчлэн Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул дүүргээр дамжин өнгөрдөг улсын чанартай авто замууд дээр хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулах, малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэр дэх малыг богино хугацаанд вакцинжуулах, вакцины нөөц бүрдүүлж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Comments Closed

Comments are closed.