Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва МХЕГ-т ажиллав

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнгөрсөн долоо хоногт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагаатай танилцсан. Харин 2013.02.13-нд  МХЕГ, НМХГ-ын ажлын үр дүнтэй танилцаж үүрэг чиглэл өглөө. Зөвхөн Мэргэжлийн хяналтын eрөнхий газар, НМХГ бус 21 аймаг Олон Улсын гурван хилийн боомтын мэргэжлийн хяналтын байгууллагын хамт олонтой цахим сүлжээгээр холбогдлоо.

Snapshot_2014-02-14_161208

Мэргэжлийн хяналтын байгууллага 2013 онд 2067 хүнтэй ажил үүргээ гүйцэтгэж эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх бодлого баримталж ажиллав. Ингэснээр бизнес эрхлэгчдэд ирэх хяналт шалгалтын дарамт буурчээ. Хяналт шалгалтыг эрсдлээс урьдчилан сэргийлэхэд чиглүүлснээр 2012 онтой харьцуулахад их эрсдэлтэй обьектын тоо 6990-ээр багассан байна. Хяналтын хуудас хэрэглэснээр 2013 онд эрсдэл үүсэх магадлал 2,85 хувиар буурч, хууль тогтоомжийн хэрэгжилт өмнөх оныхоос таван хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хяналт шалгалтын явцад 134005 зөрчил илрүүлж, 80,1 хувийг арилгуулжээ.

Эрсдлийн удирдлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж ажиллаж байгаа аж. 18 улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэй эрсдлийн удирдлагын баг байгуулж, 70 гаруй эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн долоон дэд хэсэгтэй эрсдлийн удирдлагын олон нийтийн зөвлөл байгуулжээ. Их эрсдэлтэй 12149, дунд эрсдэлтэй 38557, бага эрсдэлтэй 13323 объект байгааг онцлов. Энэ мэтчилэн 2013 онд 1853 ажил хийхээр төлөвлөснөөс 1821 ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн 5000 гаруй бизнес эрхлэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ.

Мэргэжлийн хяналтын байгууллага нь 2014 онд:

• Мэргэжлийн хяналтын тогтолцоог шинэчлэн, зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх,
• Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зөвлөн туслах үйлчилгээ, сургалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээний арга хэлбэртэй хослуулах, эрсдлийн судалгаа, баазыг өргөжүүлэх замаар эрсдлийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх,

• Ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх,

• Мэргэжлийн хяналтын байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлага, зохицуулалтыг сайжруулж, хяналтын үндсэн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг оновчтой болгох,
зэрэг зорилтуудыг дэвшүүлж буйгаа МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх танилцуулав.
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва “2013 онд 1853 ажил төлөвлөж 1821 ажил хийсэн байна. Энэ бол их тоо. Энэ хэдэн тооноос Мэргэжлийн хяналтын байгууллага Улс орны өмнө ямар том ачаа үүрдэг вэ гэдгийг харж болохоор байна. Мэргэжлийн хяналтын байгууллагад ард түмэн асар их итгэл өгч нөгөө талаасаа хариуцлага нэхэж буй. Энэ байгууллагад 10 мянга гаруй өргөдөл, гомдол Засгийн газрын 11:11 утсаар 1600 гаруй санал гомдол ирсэн байна. Энэ бүхэн нь 2000 гаруй ажилтанд ахадсан тоо мэт боловч ард түмний та бүгдэд итгэж байгаа итгэл юм. Цаашид хяналтаа илүү сайжруулж ажиллах ёстой. Дотоод хяналтын чиглэлээр 5000 гаруй зөвлөмж гаргаж, 9000 гаруй ажлын байр шинээр бий болгосон байна. Энэ бол дэвшилттэй тоо” хэмээн хэллээ.
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва 2013 онд хийсэн ажлын үр дүн 2014 онд хийх ажлын зорилт төлөвлөгөөтэй товч танилцсаны дараа Мэргэжлийн хяналтын системийн ажилтнуудад дараахь чиглэлүүдээр үүрэг өглөө.

Нэгдүгээрт: Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлж үйл ажиллагаандаа хэвшүүлэх. Энэ жил манай салбарынхан Монгол Улсын Төрийн болон Төрийн бус байгууллагуудад сахилга хариуцлагыг дээшүүлж хэвшье гэж уриалж байгаа. Та бүгд манлайлан, сахилга хариуцлагыг сахих ёстой. Энэ чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж ажиллах нь зүйтэй.

Хоёрдугаарт: Улсын Хилийн боомтын тухай хууль 2014 оны дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн мөрдөгдөнө. Үүнтэй холбогдуулан Хилийн Мэргэжлийн хяналтын үйл ажиллагааны удирдлага зохицуулалтыг оновчтой болгох, хил дээр ажилладаг Улсын байцаагчийн нийгмийн асуудлыг бусад байгууллагын түвшинд хүргэх ажлыг хийх ёстой. Хууль гарч, боомтын захиргаа байгуулагдлаа гээд Мэргэжлийн хяналтын байгууллага огт хамааралгүй болчихгүй. Бид удирдлагаар хангаж яг л өөрийн системээр ажиллана.

Гуравдугаарт: Яамдууд болон холбогдох төрийн байгууллагуудтай ажиллах төлөвлөгөө гарган ажлаа уялдуулж асуудлаа шийдвэрлэхэд онцгой анхаар.

Дөрөвдүгээрт: Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг энэ оны дөрөвдүгээр сарын нэгний дотор боловсруулж батлуулах.

Тавдугаарт: Мэргэжлийн хяналтын байгууллага шинэ бүтцийн дагуу хуулиар хүлээсэн үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж чадах хүний нөөцийн судалгаа явуулж, бодлого арга зүйгээ тодорхойлон тавдугаар сарын нэгэн гэхэд хүний нөөцийг дахин хуваарилах бэлтгэлийг хангах ёстой зэрэг үүрэг чиглэл өгөв.

Мөн тэрээр “Хаврын чуулганаар хяналтын тухай хууль өргөн барина энэ хууль батлагдана гэдэгт найдаж байна. Хууль батлагдсан ч батлагдаагүй ч хяналтын байгууллага байх нь ойлгомжтой. Татан буугдах тухай асуудал байхгүй, хяналтын байгууллага эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг гүйцэтгэж иргэд, аж ахуйн нэгжид зөвлөн туслах төрийн үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй. Хариуцлагагүй байгаа нөхдүүдэд хариуцлага тооцдог ийм л зарчмаар явах болно” гэлээ.

МХЕГ хэвлэл мэдээллийн хэлтэс

Comments Closed

Comments are closed.