Мал амьтны “Галзуу” өвчнөөс сэргийлье.

logo2014.02.10

Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг зоонозын хурц халдвар юм. Галзуугийн вирус нь гадаад орчинд тэсвэргүй. Халаах, нарны шууд туяа, хэт ягаан туяаны үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын уусмалуудад 1 минутын дотор үхдэг.

Мал, амьтны сэг, зэмэнд 5-90 хоног, 1 м гүнд булсан мал, амьтны сэгний тархинд 5 долоо хоногийн турш хоруу чанараа хадгалдаг. Галзуу өвчнөөр бог, бод мал, нохой муур зэрэг гэрийн тэжээмэл амьтан, сарьсан багваахай, чоно, хярс, үнэг, цөөвөр чоно гэх мэт хөхтөн амьтан өвчилдөг.

                  Гэрийн мал, амьтад дотроос галзуу өвчинд хамгийн илүү мэдрэмтгий нь нохой, үхэр, хонь, адуу, гахай болон бусад амьтад болно. Тэдгээрийн бие махбодид галзуугийн үүсгэгч удаан хугацагаар хадгалагддаг.

Өвчтэй малын сүүгээр галзуу өвчний үүсгэгч гадагш бага хэмжээтэй, харин шүлсээр үлэмж хэмжээтэй ялгаран гардаг.

Вирус нь хүний биед үүссэн янз бүрийн шарх, гэмтсэн салст бүрхүүлээр шүлсний хамт орж, мэдрэлийн ширхгээр тархаж, төв мэдрэлийн тогтолцоонд хүрч, уураг тархи, мэдрэлийн бөөмийг гэмтээснээр залгих, амьсгалын булчингийн таталт илэрдэг. Шүлс их гоожих, хөлрөх, улмаар зүрх судасны хурц дутмагшлын шинж тэмдэг илэрнэ. Хүн галзуугаар өвчлөх гол шалтгаан нь чоно, нохой зэрэгт уруулснаас болдог. Мөн галзуугаар өвчилсөн байж болох мал амьтны арьсыг өвчсөнөөс хүн халдварлан өвчилдөг байна.

Дээр дурьдсан амьтдад хазуулах, уруулах, ноцуулах, самардуулах, шүлсдүүлэх, тэдгээрийн бохирлогдсон зүйлд хүрэх, түүнээс шарх авсан арьс, салстыг гэмтээх, уг өвчнөөр өвчилсөн юмуу өвчилсөн байж болзошгүй гэж сэжиглэсэн малын мах, сүү, бусад бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэхгүй байх, нохойг уяж, хашаатай байлгах, бүртгэлжүүлэх, гадагш хошуувчтай авч явах, золбин нохойг устгах, эрүүл нохойг “Галзуу”-гаас урьдчилан сэргийлэх тарилгад хамруулж байхыг Мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ХЭЛТЭС

Comments Closed

Comments are closed.