Томуу, томуу төст өвчнөөс /ТТӨ/ урьдчилан сэргийлье.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр 2014 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд ТТӨ-өөр өвчлөгсдийн 83.9%-ийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, 62.7%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Иймд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг өгч байна. Томуугийн вирус хүнд хэрхэн халдварлах вэ?

Өвчтэй хүн ханиах, найтаах үед гарсан агаарын том хэмжээтэй дусал гарт болон эд зүйлсийн гадаргууд бууж, жижиг хэсгүүд нь агаарт тогтон үлддэг. Энэхүү агаарт тогтсон жижиг дуслууд нь хүний амьсгалын замаар нэвтрэн орж, уг өвчнийг үүсгэдэг. Мөн вирусээр халдварлагдсан агаарын дуслууд нь орчны эд зүйлсийн гадаргууд буух, эсвэл ам, хамраа гараараа дарж найтаах, ханиах үед гараа бохирдуулан БОХИР ГАР, ЭД ЗҮЙЛ-ээр дамжин вирус хүний биед орж өвчин үүсгэдэг.

-ТТӨ-өөс сэргийлэхийн тулд та юу хийх вэ?

ТТӨ-өөр өвдсөн байж болзошгүй, халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг бүхий хүнтэй ойр харьцахаас зайлсхийх, гараа савантай усаар ойр, ойрхон сайтар угаах

Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхээс зайлсхийх, өрөө, тасалгааг 2 цаг тутам агааржуулж, цэвэрлэгээ халдваргүйтгэлийг тогтмол хийж байх

Онцын шаардлагагүй бол хүн ам олноор цугларсан газраар явахгүй байх, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, нойр, хоолны дэглэмээ зөв зохицуулах, дасгал хөдөлгөөн хийх

Бага насны хүүхдийг дулаан хувцаслах, Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй ТТӨ-өөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөх

-Хэрвээ та ТТӨ-өөр өвчилсөн бол бусдад халдвараа тараахаас сэргийлэхийн тулд юу хийх вэ?

Ханиаж найтаах үедээ салфетка хэрэглэх, хэрэглэсэн салфеткаа хогийн саванд хаях

Амны хаалтыг зөв хэрэглэх

Олон нийтийн газраар явахгүй байх

Өвчтэй байгаа гэдгээ гэр бүл, найз нөхөд, хамт олондоо хэлж, хүмүүстэй ойр харьцахаас зайлсхийх

Халуун цай, шөл, сүү, илчлэг сайтай шингэн хоол, чацаргана, аньсны шүүс сайн уух

-Хүүхдийн байгууллагууд юуг анхаарах вэ?

Анги танхимд чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалтыг өдөрт 2-3 удаа хийх

Ирцийн тандалт хийж, өвчний сэжигтэй хүүхдийг сургууль, цэцэрлэгийн эмчид яаралтай үзүүлэх буюу гэрт нь буцаах, ТТӨ-өөс сэргийлэх зурагт хуудас, санамжийг анги танхим, коридорт байрлуулж, хүүхэд, эцэг эхчүүдэд мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх

Хүүхдийг олноор цуглуулан өдөрлөг, уулзалт, тэмцээн зохион байгуулахгүй байх, хүүхдийг дулаан хувцаслах талаар зөвлөлгөө өгөх, ангийн багш хяналт тавих, цэцэрлэгийн хүүхдийг хооронд нь 1м-ээс багагүй зайд унтуулах

НМХГ-ЫН БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ХЭЛТЭС

Comments Closed

Comments are closed.