Барилга угсралтын үйл ажиллагаанд 2013 онд хийсэн хяналтын дүнгийн тухай

 

Snapshot_2014-01-23_164211Мэргэжлийн хяналтын байгууллагын 2013 оны хяналтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Багануур дүүргийн нутаг дэвсгэрт барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 8 аж ахуйн нэгж, байгууллагуудад “Барилгын тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, ”Нийгмийн даатгалын тухай”,”Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан  тогтоол, шийдвэр, дүрэм, журам стандартын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, зөвлөн туслах, эрсдлээс урьдчилан сэргийлэх  зорилгоор хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Барилгын техник, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын чиглэлээр 22 аж ахуйн нэгж, байгууллага,  11 иргэнийг хамруулан хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтаар 38 зөрчил илрүүлэн, илэрсэн зөрчлийн 71.1 хувийг газар дээр нь мэргэжил арга зүйн зөвлөмж өгч арилгуулж, барилга буулгалтын ажлын техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн 1 аж ахуйн нэгжийн барилга угсралтын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоож, зөрчлийг арилгуулах хугацаатай албан шаардлага 4-ийг гаргаж  зөрчил гаргасан  4 аж ахуйн нэгжид 2123.2 мян.төгрөгийн торгуулийн арга хэмжээ ноогдуулж, 11 аж ахуйн нэгж, 9 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 110 ширхэг гарын авлага холбогдох материалаар хангасан байна. Шалгалтанд Барилга угсралтын  чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 8 аж ахуйн нэгж /140 айлын орон сууц барьж байгаа “Суман тэрх”, “Тулга констракшн”, ахуй үйлчилгээний төв барьсан “Мөнхийн үргэлжлэл”, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Усан бассейн”-ы барилга барьсан “Пайнеринг-Интернэшнл”, худалдааны төв барьсан “Мини макс”, сургуулийн барилга барьж байгаа “Бридж” хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд/-ийг  хамруулсан. Тус дүүрэгт 2013 оны байдлаар техник, тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горим зөрчсөн, уналтын улмаас гарсан үйлдвэрлэлийн осол-2 бүртгэгдсэнээс нас барсан осол 1, гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа алдсан 1 тохиолдол гарсан. Багануур дүүргийн нутаг дэвсгэрт гарсан үйлдвэрлэлийн ослын талаарх судалгааг гарган, осол гарч байгаа шалтгаан, цаашид авах арга хэмжээний талаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын дэд даргын зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэд даргын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 24 дүгээр  зүйлд заасны дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон дүүргийн Засаг дарга нарт  албан тоот хүргүүлэн ажилласан.

Comments Closed

Comments are closed.