Хүнсний аюулгүй байдлаа хангая.

Эрүүл хүнс-2013 Сар шинийн баяр болохтой холбогдуулан Монгол улсын “Хүнсний тухай”, “Хүнсний         бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 18.1.3 дахь заалтуудыг үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс дараахь зөвлөмжийг хүргүүлж байна.

1. Хүнс үйлдвэрлэгчид нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн зааврыг стандартад нийцүүлэн бичиж баталгаажуулах, зааврын дагуу үйлдвэрлэл явуулах, хадгалах, савлах, шошголох, борлуулах

2. Худалдагч худалдаалж байгаа бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хадгалалтын хугацаанд байнгын хяналт тавьж, гэмтэж муудсан, хугацаа дууссан хүнсийг худалдаалахгүй байх /ялангуяа хиам, гурил, мах, цагаан идээ, архи, ногооны чанарт онцгой анхаарах/

3. Үйлдвэрлэсэн газрын нэр тодорхойгүй, сав баглаа боодол, хаяг шошго нь  шаардлага хангахгүй, хувь хүмүүс болон гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн болон мэргэжлийн байгууллагаас олгосон шинжилгээний дүгнэлт баталгаажилтгүй хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэхгүй байх

4. Түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг шошгод заасан хадгалалтын горимд хадгалж худалдаалах. Тухайлбал: өндөг, майонез, хиам, нөөшилсөн ногоо, бялуу, пирожен, тараг, сүү, жимс жимсгэнийг зайлшгүй хөргөгч, хөргүүрт хадгалах

5. Худалдагчийн хувцаслалт, хувийн ариун цэвэрт тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангах. Үүнд: хүнсний барааны худалдагчид нь халад, хормогчийг зайлшгүй өмсөх, гарын ариун цэврийг сахих, бүтээгдэхүүнийг олгохдоо хавчаар, нэг удаагийн бээлийг хэрэглэх, гадуур хувцастай болон үйлчлэгч, манаач зэрэг ажилтнуудаар худалдаа хийлгэхгүй байх

6. Барааг тасгаар заасан тэмдэг бүдүүвчийн дор төрөлжүүлэн хурааж хэрэглэгч хайж олоход хялбар байдлаар зохион байгуулах, бараа бүрийн үнийг харагдахуйц бичиж байршуулах

7. Баталгаажсан жин хэмжүүрийн хэрэгслээр үйлчлэх

8. Худалдааны танхимд болон лангууны араар гурил будаа, төмс хүнсний ногоо, ундаа жүүс зэргийг баглаа боодолтой нь ихээр өрж хураахгүй байх. Энэ нь үйлчлүүлэгчийн болон худалдагчийн эзлэх зай талбайн хэмжээг багасгаж, ажлын байрны эрүүл ахуйн шаардлага зөрчигдөх нөхцлийг бүрдүүлж байна.

9. Хүнсэнд шууд хэрэглэх жимс жимсгэнэ, нарийн боов, жигнэмэг зэргийг  хэрэглэгчийн гар дор лангуун дээр байрлуулан худалдаж байгаа нь хүнс бохирдох, чанар, аюулгүй байдлаа алдах эрсдлийг үүсгэж болзошгүйг анхааран ажиллах

10. Хятад улсаас импортоор орж ирсэн хямд үнэтэй, чанарын баталгаажилтгүй төрөл бүрийн өнгө будаг, хэлбэр дүрстэй бүтээгдэхүүнийг нийлүүлэхгүй байх

11. Үйлдвэрлэж байгаа болон худалдан борлуулж буй түүхий эд, бэлэн хүнсний бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргуулах, хэрэглэгчийн хүсэлтээр тэдэнд үзүүлдэг байх

12. Дээрхи зөвлөмжийн дагуу дотоод хяналтыг гүйцэтгэн, хүнсний аюулгүй байдлыг хангаж, шаардлагыг хэрэгжүүлж  ажиллах

Та бүхнийг зөвлөмжийг хэрэгжүүлэн, хэрэглэгч нараа эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан аюулгүй хүнсээр хангаж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн, сайн чанарын бараа бүтээгдэхүүнээр худалдаа, үйлчилгээ үзүүлж, элдэв хордлого, халдвараас урьдчилан сэргийлж ажиллахыг  зөвлөж байна.

Comments Closed

Comments are closed.