Мах, махан бүтээгдэхүүнийг худалдан авах, хэрэглэх, хүлээн авахдаа дараах зүйлийг анхаарах нь зүйтэй.

logo2014.01.09                                                                 

        Уламжлалт Сар шинийн баяр болохтой холбогдуулан малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага,  иргэдийн үйл ажиллагаанд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Мах, махан бүтээгдэхүүний худалдаалалт

             Мал, мах хүлээн авахдаа тухайн орон нутгийн мал эмнэлэг, ариун цэврийн гарал гэрчилгээ, сум, хороо, багийн Засаг дарга болон цагдаагийн тодорхойлолт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус үндэслэнэ.

            Мах, махан бүтээгдэхүүнийг хүлээн авахдаа дараах зүйлийг анхаарах нь зүйтэй. Үүнд:

  • Махны шинэлэг байдал, өнгө, үнэр, тээвэрлэлтийн явцад бохирлогдсон эсэхийг сайтар анхаарах
  • Махны өнгө харласан, эвгүй үнэртэй, чанар аюулгүй байдал нь алдагдсан эсэхийг шалгах
  • Дайвар бүтээгдэхүүн ангилалт, боловсруулалтын чанар муу, элдэв зүйлээр бохирлогдсон эсэх, дахин хөлдөөсөн шинж илэрч буй эсэх

          Мах, махан бүтээгдэхүүнийг стандарт, ариун цэврийн шаардлага хангасан худалдааны цэг, салбараар зориулалтын хөргөгч, хөргөх төхөөрөмжөөр бүрэн хангагдсан нөхцөлд худалдаална. Түүхий мах, махан бүтээгдэхүүнийг хиам болон бусад боловсруулсан бүтээгдэхүүнтэй нэг дор тавьж хадгалах, тэдгээрийн сав,  худалдаалах багаж хэрэгслийг угааж ариутгалгүй шууд дамжуулан хэрэглэхийг хориглоно.

Мах, махан бүтээгдэхүүнийг хадгалалт, тээвэрлэлт

            Мах, махан бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжид хадгална. Хөргөсөн мах хадгалах өрөө нь +8-аас дээшгүй хэмтэй, хаалга, цонхондоо ялаа, шавьжнаас хамгаалсан тор татсан байх ёстой. Хөлдөөсөн мах хадгалах байр нь -18-24 хэмтэй, маханд элдэв будагч, үнэр, амт шингээж болзошгүй бодис орохоос сэргийлэгдсэн байна.

            Мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэх тээврийн хэрэгслийн бүхээг, тэвшний дотор талыг угааж, ариутгах боломжтой материалаар хийгдсэн байх,  тээвэрлэлтийн явцад ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл хангагдсан байна.

            Мах, махан бүтээгдэхүүнийг стандартын контейнер, хайрцаг сав, баглаа боодолгүй, ил задгай болон өлгүүргүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг хориглоно.

“Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн   14.1.1. малыг нядлах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, боловсруулах ажлыг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан байр, агуулах, орчинд хийж гүйцэтгэх;

14.1.2. мал,  малын  гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг аймаг, нийслэл, сумын нутаг дэвсгэрээс нөгөөд шилжүүлэх, нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, тээвэрлэх, хүлээн авах, улсын хилээр нэвтрүүлэхэд мал эмнэлэг,  ариун цэврийн үзлэг, шинжилгээ хийлгэж гэрчилгээ авах; заалтуудыг тус тус хэрэгжүүлж эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн, сайн чанарын бараа бүтээгдэхүүнээр худалдаа, үйлчилгээ үзүүлэхийг зөвлөж байна.

Дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн иргэнийг 10000-50000, албан тушаалтныг 30000-60000, хуулийн этгээдийг 100000-250000 төгрөгөөр торгох шийтгэвэр ноогдуулахыг анхааруулж байна.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

НМХГ-ын Багануур дүүрэг дэх хэлтэс

Comments Closed

Comments are closed.