Гэр хорооллын иргэд, хүүхдүүдэд үйлчлэх номын сантай боллоо

CAM01409Дүүргийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн Нийтийн соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн номын санг шинэчлэн сайжруулж, бүрэн цахимжуулан, гэр хороололд “Номын өргөө” гэр номын сангийн үйлчилгээг бий болгоно гэсэн заалтын дагуу Тайваны Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр Багануур дүүргийн 5 дугаар хороонд Номын сан байгууллаа. Номын санг Тайваны Хүүхэд гэр бүлийн сангийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан бөгөөд цаашид номын санчийг тогтмол ажиллуулж гэр хорооллын иргэд хүүхдүүдэд үйлчлэх боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч Г.Цамбагарав, Т.Отгонболд, Тайваны Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгч Ли Күй Пин болон дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, холбогдох ажилтан албан хаагчид иргэд, хүүхдүүд оролцлоо.

CAM01412Багануур дүүрэг 2009 оноос Тайваны Хүүхэд гэр бүлийг дэмжих сантай хамтран ажиллаж байгаа бөгөөд Нийгмийн халамжийн үйлчилгээг эмзэг бүлгийн хүүхдүүд, өрх иргэнд хүргэх, хүүхдийн боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх, эрүүл ахуйд нийцсэн ундны усыг нэмэгдүүлэх зорилгоор худаг, халуун ус зэрэг үйл ажиллагаануудыг  зохион байгуулсаар ирсэн. 2013 оны 12 сарын байдлаар 5 хорооны  96 өрхийн 245 хүүхэд мөнгөн тусламжинд сар бүр хамрагдаж байгаа бөгөөд 2014 оны 02 дугаар сараас шинээр 60 аад өрхийн хүүхдүүд хамрагдахаар материалуудыг  Тайваны Хүүхэд гэр бүлийн санд явуулсан байна. 2013 онд тэтгэлэгт хамрагддаг хүүхэд бүр сар болгон  5000 төгрөгийн мөнгөн тусламж, төрсөн өдрийн бэлэг, хичээлийн шинэ жил, хүүхдийн баярын бэлэг авч байна. Мөн эдгээр 96 өрхөд газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хүнсний ногоо тариалах сургалтыг 3 дахь жилдээ зохион байгуулж өрх бүрт    хүнсний ногооны үрийг үнэ төлбөргүй олгож хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гурил, будаа,  хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, хөнжил гудасны туслалцааг олгосон байна.

Comments are closed.