ГАЗРЫН ШУУД ӨМЧЛӨЛ ИРГЭДЭД МАШ ИХ ТААЛАГДАНА

                          P6190509    2013 онд дүүргийн Өмч газрын харилцааны алба бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, чиг үүргийн хувьд шинэчлэгдэж ажилласан. Ер нь газрын харилцаа өөрөө их өргөн хүрээтэй, асуудал ихтэй салбар. Та өөрөө ч бас энэ албаны даргаар шинээр томилогдон ажилласан. Энэ онд танай алба ямар зорилго зорилт тавьж, ямар үр бүтээлтэйгээр ажилласан бэ гэдэг асуултаар ярилцлагаа эхлэе

-Багануур дүүргийн нийт иргэддээ, мөн ӨГХА-тай хамтран ажилладаг нийт иргэд, байгууллага аж ахуйн нэгжүүддээ удахгүй угтан ирэх шинэ оны мэндийг дэвшүүлж, ажлын өндөр амжилт, арвин их бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөе. Мөн манай албаны үйл ажиллагаа, ажлын үр дүнгийн талаар иргэддээ мэдээлэл өгөхөөр зорин ирсэн танай сонины хамт олонд талархал илэрхийлж, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. Энэ жил манай албаны хамт олны хувьд олон шинэ санал санаачлагыг хэрэгжүүлж, үр бүтээлтэй ажилласан жил болж өнгөрлөө. Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөр, нийслэл дүүргийн Засаг дарга, дээд шатны удирдах байгууллагын үйл ажиллагааны чиглэл баримтлал биднээс өдөр тутам өндөр хариуцлага, шинийг эрэлхийлсэн бүтээлч санал санаачлага, сэтгэл, идэвх оролцоо өндөртэй  үйл ажиллагааг шаардаж байлаа. Шинэ эрэлхийлэл бүхэн шинэ санаа, бүтээмжийг авчирдаг учраас бидний хувьд энэ шаардлагад нийцэж ажилласанаар чамгүй сайн ажилласан гэж хамт олныхоо үйл ажиллагааг үнэлмээр байна. Энэ онд манай албаны зүгээс үйл ажиллагаандаа тодорхой хэдэн зүйлийг зорилго, зорилт болгон ажиллалаа. Үүнд: Газрын харилцаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлж мэдээллийн ил тод байдлыг  хангах, мэдээллийн санг цахимжуулах, иргэн бүрт олгох газар өмчлөлийг эрчимжүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлж үнэлэмжийг нэмэгдүүлэх, амины орон сууцны жишиг хорооллыг эхлүүлэх, газар ашиглалтыг сайжруулж, аливаа зөрчлийг арилгах, газрын харилцаан дах хариуцлагыг нэмэгдүүлж нийтийн эрх ашгийг дээдлэх зэрэг ажлуудыг тухайлан анхаарсан. Эдгээр зорилтын хүрээнд хийсэн ажлууд маань тодорхой үр дүнтэй болсон. Тухайлбал газрын харилцаанд иргэдийг хамгийн их чирэгдүүлдэг асуудал бол өргөдөл гомдлын шийдвэрлэлт, мөн ахуйн зориулалттаар  олгосон газар эзэмших эрхийг 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу  ашиглаагүй нөхцөлд цуцлах асуудал байдаг. Энэ жилийн хувьд яг ийм шалтгаанаар газар эзэмших эрх нь цуцлагдахад хүрсэн иргэдэд тодорхой хугацаатайгаар дахин боломжийг олгосон.  Ер нь иргэдийн маань амьжиргааны түвшин, эдийн засгийн боломж, хүн хүчний дутагдал зэргээс болоод эзэмшихээр авсан газартаа хашаа барьж чадалгүй газраа хураалгадаг. Мөн орон сууцанд амьдардаг иргэд тэр бүр хашаа барьж гэр хороололд очиж амьдрах хэрэгцээ шаардлагагүй болхоор хашаа нь эзгүйрч алдагдахад хүрдэг гм шалтгаанаас газар, хашааны асуудалд ихээхэн бэрхшээл үүсдэг. Тиймээс газрыг шууд өмчлөх хэлбэрээр энэ жил нийт 700 гаруй иргэдэд газар өмчлөлийн шийдвэрийг гаргуулснаар өмнөх жилүүдийн дундажтай харьцуулбал газраа өмчилж авсан иргэдийн тоо 5 дахин нэмэгдсэнээс гадна эдгээр иргэд “хашаа” гэдэг бэрхшээлийг үүсгэхгүйгээр газартаа  хөдөлгөөнгүй, эргэлтийн хатуу цэг тэмдэгтийг суулгаад, кадастрын зураглалаа хийлгээд өмчлөх шийдвэрээ авсан. Ер нь газрын шууд өмчлөл иргэдэд маш их таалагдана. Тиймээс 2014 онд газар олголтонд энэ зарчмаа баримтлана.  Мөн дүүргийн хэмжээнд 1999 оноос хойш  үйлдвэрлэл худалдаа үйлчилгээ, ХАА-н үйлдвэрлэл, болон аж ахуйн зориулалтаар гзар эзэмших эрх авсан нийт газар эзэмшигчдийн мэдээ судалгааг нарийвчлан гаргаж, мэдээллийн сан үүсгэх, баяжуулах, архив, хувийн хэргийн бүрдлийг хангах зэрэг ажилд нэлээд анхаарал хандуулж ажиллалаа.

– Газрын харилцаанд хамгийн чухал зүйл бол мэдээллийн ил тод нээлттэй байдал. Энэ чиглэлээр хийсэн ажлаа тодруулбал?

– Үнэхээр тийм. Тийм ч учраас манай алба мэдээллийн ил тод байдал, иргэдийн оролцоог хангах талаар олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн. Мэдээж хийж хэрэгжүүлсэн ажил үйлчилгээний талаар хүн бүр янз янзын өнцгөөр дүгнэнэ. Шинээр эхэлсэн ажлын үр дүн тэр бүр шууд харагдахгүй ч цаашдаа, хэтдээ улам бүр сайжирч, хамрах хүрээ нь өргөждөг. Аливаа  мэдээллийг ил тод болгох нь үйл ажиллагааг иргэдтэйгээ хамт хэрэгжүүлэх хамгийн боломжит арга зам юм. Мэдээлэлгүй бол мэдлэггүй, мэдлэггүй бол оролцоогүй, оролцоогүй бол хаалттай үйл ажиллагаа болчихдог. Ер нь ч тэгээд үйл ажиллагааны нээлттэй ил тод бус, оролцоогүй, шийдвэрлэлт удаан зэрэг байдлаас болоод газрын салбарыг хамгийн ихээр авилгад өртдөг, хүнд суртал ихтэй салбар гэдэг дүгнэлтийг  иргэдийн зүгээс өгдөг.  Иймээс энэ тал дээр олон ажлыг шинээр эхлүүлсэн. Мэдээж аливаа зөрчил дутагдал өргөс авсан мэт тэр дороо үгүй болдоггүй ч аль болох хурдтай ажиллахыг мэрийж байна. Газрын харилцааг нээлттэй ил тод болгох хүрээнд дүүргийн хэмжээнд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан дүүргийн Засаг даргын захирамжийн судалгааг гарган нэгтгэж дүүргийн шуурхай хуралдаанд танилцуулж, захирамж, шийдвэр бүрийг дүүргийн веб сайтад байршуулж байна.

Сүлжээ-3 орон нутгийн телевизтэй жилийн хугацаатай гэрээ байгуулан хамтран ажиллаж, дүүргийн өмч газрын харилцаа, албаны үйл ажиллагааны талаар сард тогтмол 2-3 удаа мэдээ мэдээлэл, ярилцлагыг явуулж, шийдвэрт оролцох иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд “Иргэний танхим”-д нээлттэй хэлэлцүүлгийг газрын харилцаа, газар өмчлөл, иргэн бүрт газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчлэл, их сургуулиудын хотхоны ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг сэдвийн хүрээнд нийт 4 удаа зохион байгуулж 500 орчим иргэдийг оролцуулсан ба дүүргийн 5 хороон дээр 5 өдөр очиж ажиллан нийт 600 гаруй иргэдэд мэдээлэл өгч тэдний санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авсан.

Иргэдээс 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах саналыг саналын хуудсаар авах ажлыг 5 хороон дээр 1 сарын хугацаатай зохион байгуулж 200 орчим иргэдээс санал авсан ба   ГЗБТөлөвлөгөөний төслийг иргэдээр хэлэлцүүлэх ажлыг энэ 7 хоногт зохион байгуулах гэж байна. Хороодын хэсгийн ахлагч нартай хамтран Их гүн, Тогос- уул хэсэгт оршин суугч иргэдээс ямар үйлчилгээний зориулалтаар тухайн орчинд нь газар олгох эрэлт хэрэгцээ байгаа талаарх судалгааг хийж 150 орчим иргэдийн саналыг авсан.

Дүүргийн нийтийн зарын зарын самбарууд болон төв талбайд байрлах ЛЕД дэлгэцээр албаны үйл ажиллагаа, газрын харилцааны талаарх мэдээ мэдээллийг иргэдэд хүргэж ажиллалаа. Албаны үйл ажиллагааны талаар 50 иргэнээс санал асуулга авсан ба албаны байранд үйлчилгээний талаар иргэдээс санал авах хайрцаг ажиллуулж байна.

Иргэдээс газар хүссэн өргөдөлийг цаг хугацааны хязгаарлалтгүйгээр хүлээн авч одоогоор дүүргийн хэмжээнд нийт 7000 иргэний өргөдөл бүртгэгдсэнийг 2,4-р хорооны нутаг дэвсгэрт төлөвлөгдсөн шинэ суурьшлын бүсэд 2014 онд газар олголтыг хийхээр төлөвлөсөн ба  нийт 7000 иргэний өргөдөл хүсэлтийн жагсаалт, газар өмчлөлийн талаарх мэдээллийн сан, холбогдох хуулийн мэдээлэл зөвлөгөөг дүүргийн вэб сайтад байршуулж байна. Мөн цаг үеийн мэдээ мэдээлэл, ажлын тайланг  дүүргийн болон НӨХГ-ын вэб сайтад тогтмол байршуулсан зэрэг ажлуудаа ирэх онд улам сайжруулан тогтмолжуулж, баяжуулж ажиллана, иргэд маань ч улам бүр идэвх оролцоотой болно гэж найдаж байна, бас иргэддээ идэвхитэй оролцоотой байгаарай гэж уриалж байна.

– Манай дүүрэгт газартай холбоотойгоор иргэдийн нийтлэг эрх ашгийг зөрчсөн, хууль зөрчсөн асуудал хир их байдаг вэ?  Намар 9 сарын үед 46-р байрны дэргэд баригдаж байгаа барилгатай холбоотой нэлээд асуудал үүсээд байх шиг байсан?

-Дүүргийн засаг даргын мөрийн хөтөлбөрт газрын харилцаанд иргэдийн нийтлэг эрх ашгийг зөрчсөн асуудал, шийдвэрийг цуцлах, таслан зогсоох талаар тодорхой тусгасан байгаа. Одоогоор манай дүүрэгт газрын асуудалтай холбоотойгоор нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх байдал нийслэлийн хэмжээнд хүртэл хурцдаагүй байгаач хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалттын бодлого төлөвлөлтгүй явснаас одоо манай дүүргийн нийтийн орон сууцнуудын дунд, мөн гэр хорооллын зарим хэсэгт эмх замбараагүй,  орц гарц хаасан, иргэд амрах, хүүхэд тоглох, машинаа тавих талбайгүй, ногоон байгууламжгүй гэх зэрэг сөрөг асуудлууд багагүй үүсээд байгаа. Өнгөрсөн хугацаанд нийтийн эзэмшлийн зам талбайд олон газар олголт хийж  энэ байдлыг үүсгэсэн. Яг үнэнийг хэлэхэд өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх гэдэг шиг засаж залруулах боломж хомс болсноор одоо л сөрөг үр дагавар нь ирж байна. Нийтийн эзэмшлийн талбайд газар эзэмших эрх олгосон байсан 3 шийдвэрийг энэ онд хүчингүй болгож, цаашид нийтийн эдэлбэрт дахин газар олгохгүй байх зорилгоор 1, 3-р хорооны нийтийн орон сууцнуудын нийтийн эзэмшлийн зам талбайг тоолж, хэмжиж СӨХ-дын ашиглалтад өгч улсын бүртгэлд авах ажлыг хийж байна. Удахгүй дуусна. 46-р байрны дэргэд барьж байгаа барилгын асуудал миний дээрх ярьсан зүйлийн бодит жишээ. Уг нь дүүргийнхээ үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих нь зүйтэй боловч энд нийтийн эрх ашгийг зөрчиж болохгүй. Энэ 46-р байрны орчимд сургууль цэцэрлэгийн төвлөрөл байдаг, хүүхдийн болон автын  урсгал хамгийн ихтэй блок. Байрны хажуугийн тэр талбайг хааснаар хүүхдийн, замын хөдөлгөөний аюулгүй байдал эрс алдагдаж иргэд оршин суугчдын хувьд амьдрах амар тайван орчинд олон сөрөг үр дагавар бий болж байгаа. Уг нь зүй ёсоор бол тэр байршилд авто машины зогсоол, замын өргөтгөл, ногоон байгууламж, эсвэл амрах, хүүхэд тоглох талбай нэн хэрэгцээтэй байсан. Иймээс 2012 онд газар олгосон захирамжийг хүчингүй болгосон хэдий ч  хууль зөрчсөн үйлдэл зогсоогүй, одоогоор асуудал хууль шүүхийн байгууллага дээр байгаа. Энэ онд дүүргийн бодлого, БХБЯ-ны захиалгаар Багануур дүүргийн Хөгжлийн ерөнхий  төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээ байгуулсан бөгөөд 2014 онд хөрөнгө төсөв батлагсан тул 1-р сараас ажил эхлэхээр төлөвлөгдсөн байгаа. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад дүүргийн хариуцах байгууллага нэгж болон НЕТГ, гүйцэтгэгч байгууллага нягт хамтран ажиллана.

Дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглалтын байдалтай танилцах, хяналт шалгалтыг хийж баримтжуулах, зөрчлийг илрүүлэх, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа. Хяналт шалгалт, судалгаагаар  илэрсэн 5 төрлийн 200 гаруй зөрчлүүдийг арилгуулах  талаар мэдэгдэл, албан шаардлага өгөх, гэрээ байгуулах, хуулийн дагуу эрх цуцлах, зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг хэрэгжүүлснээр зөрчил 70%-аар буурсан. Газрын тухай хуулийн хүрээнд зөрчилтэй 72 газар эзэмшигч иргэн ААНБ-ын  322,36 га газрын эзэмших эрхийг 4 удаагийн захирамжаар цуцалсан. Үүнд: ХАА-н зориулалтаар  210 га, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийтийн орон сууц,  бусад  зориулалтаар 115 га талбай хамрагдсан байгаа. Газар эзэмшигч, ашиглагчдын гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх хүрээнд нийт газар эзэмшигчидтэй уулзалт хийж гэрээний эрх үүрэг, хариуцлагын талаар хуулийн мэдээлэл зөвлөгөө өгч, хэрэгжүүлэх үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөг гэрээний хавсралтаар баталж жил бүрийн 2-р сард дүгнэж байх ажлыг эхлүүлсэн. 2014 оноос газар ашиглалтын “шар картын” системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Мөн дүүргийн хэмжээнд газрын харилцаанд ололттой сайн талууд олон бий. Сайн зүйлийг арчиж зүлгээд, тордоод байвал улам л сайн болдог учраас “Газар – бидний баялаг”  3 сарын аяны хүрээнд  “Шууд ардчилал- газрын шууд өмчлөл” өдөрлөгийг зохион байгуулж дүүргийн нутаг дэвсгэрт тухайн зориулалтаараа газрыг үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байдлаар ашиглаж, эзэмшиж байгаа 9 иргэн аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулж шагнасан.

           – Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар?

            – Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн байршлыг тогтоох тухай Нислэлийн ИТХ-ын 2013 оны 12/43 тоот тогтоолоор  1-р хорооны нутаг дэвсгэр Сургалтын задгай, 4-р хорооны нутаг дэвсгэр Жаргалантын урд хэсэг, 5-р хорооны нутаг дэвсгэр Залуус хэсэгт нийт 78,7 га талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөөнийн зураг төсөл боловсруулж, хэсэгчилсэн дэд бүтцэд холбон барилгажуулах гэр хорооллын байршлыг тогтоох шийдвэр гарсан. Дээрх газруудад дахин төлөвлөлт хийх талаар оршин суугч иргэдээс судалгаа авсан. Одоогоор дээрх ажлыг гүйцэтгэгч байгууллагыг шалгаруулах тендер нийслэлд зарлагдсан, хөрөнгө төсөв батлагдсан байгаа. 2-р хорооны нутаг дэвсгэр Булагтай хэсгийн дэргэд 50 га талбайд  амины орон сууцны жишиг хороолол байгуулах газрыг тогтоож газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зардалд Орон нутгийн хөгжлийн сангаас 10 сая төгрөгийг баталсан бөгөөд ажил гүйцэтгэгчийг сонгох шатандаа явж байгаа.

 – Иргэдээс хамгийн ихээр  тавьдаг асуулт  газар хэзээ хаана олгох, өргөдөл хэзээ авах гэдэг асуудлууд байдаг. Энэ талаар тодруулбал ?

-Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоох тухай НИТХ-ын 2013 оны 10/39 тоот тогтоолоор дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт нуурын гэр хорооллын хойд талд байршуулан 950 га талбайд, 4-р хорооны нутаг дэвсгэрт Тариан булаг орчимд 2 нэгж талбарт байршуулан 902 га талбайд нийт 1852 га талбайд суурьшлын шинэ бүс тогтоосон бөгөөд одоогийн байдлаар тус байршлуудад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийх ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах шатандаа явж байна. Энэ ажлыг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар хариуцаж хийдэг.  Тиймээс дээрх төлөвлөгөө батлагдаад бидний гар дээр ирхээр тус байршлуудад 2014 оноос газар олголтын ажил хйигдэж эхэлнэ. Өргөдлийн хувьд гэвэл одоогийн байдлаар 2012 -2013 онуудад газар өмчлөх хүсэлтээ гаргасан 7000 иргэний өргөдөл бүртгэлтэй байгаа. Энэ бүртгэлээр газар олгоно. Харин шинээр өргөдөл авах тухайд гэвэл 2014 он гараад өргөдлөө хэзээ, яаж авах тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгнө. Ирэх жилээс газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр авах ажил хийгдэж эхэлнэ. Бид 7000 иргэний өргөдлийн бүртгэл жагсаалтаа дүүргийн сайтад тавьж байгаа.

Хамгийн сүүлийн асуултаа дүүрэгт байгуулагдах Оюутны хотхон, Үйлдвэр технологийн паркийн талаар тавья, олон жил яригдлаа ажил ямар шатандаа явж байна вэ ?

Их сургуулиудын  хотхоны ТЭЗҮ, геологи палентлогийн зэрэг чухал судалгаанууд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө  хийгдэж дууссантай холбогдуулан орон нутгийн иргэдээр нээлттэй хэлэлцүүлэх ажлыг саяхан 11 сард зохион байгуулсан байгаа. Шинэчлэлийн Засгийн газраас эдгээр ажлыг яаравчлан дуусгах үүргийг Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаанд үүрэг болгосоны дагуу, мөн УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар энэ асуудлаар иргэдтэй хийсэн хэлэлцүүлгийн дүгнэлтээс үндэслэн газрын байршлыг өөрчилж Хэрлэн голоос холдуулах зэрэг асуудлын хүрээнд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж дуусгаад Засгийн газраар батлуулах шатанд явж байна. Хэлэлцүүлэгт оролцсон иргэд олон чухал санал, хүсэлтийг хэлсэн байгаа. Хамгийн гол нь бүтээн байгуулалтын ажлаа хурдан эхэлмээр байна, дүүргийн иргэдийг ажлын байртай болгох асуудал чухал гэсэн саналыг их тавьж байсан. Дүүргийн ЗД-ын захирамжаар дүүрэгт байгуулагдах Үйлдвэрлэл технологийн паркийн газрын байршлыг шинэчлэн тогтоож,  газрын төлөвлөлтийн ажлыг боловсруулах, зохион байгуулах ажлын хэсгийг ӨГХА, Багануур ХК, ЗДТГ-ын төлөөллийн бүрэлдэхүүнтэй байгуулан тус ажлын хүрээнд санал боловсруулан зохих дээд шатны байгууллагад хүргүүлсэн. Одоогийн байдлаар ҮТП-ийн нарийвчилсан ТЭЗҮ хийх ажлын гүйцэтгэгчээр ТИС-ын Инженерүүдийн холбоо ТББ шалгаран ажил гүйцэтгэх шатандаа явж байна. Энэ асуудлаар холбогдох дээд шатны мэргэжлийн байгууллагуудтай орон нутгийн зүгээс хамтран ажиллаж байна.

Цаг зав гарган ярилцсан танд их баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

 

Comments are closed.