“Саад бэрхшээлийг арилгаж, бүх хүмүүсийг нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг нээе” зөвлөгөөн боллоо

Still1204_00010Дэлхийн өнцөг булан бүрт жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Олон улсын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Эрхийг Хамгаалах Өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн бүхий л үйл ажилд тэгш оролцуулж, хүний эрхээ бүрэн эдлэхэд туслах, тэдэнд тулгарч байгаа асуудал бэрхшээлийг нь ойлгож, дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хандлагыг эерэгээр өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх зорилгоор “Саад бэрхшээлийг арилгаж, бүх хүмүүсийг нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг нээе” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнийг ЗДТГ, НХҮХ-тэй хамтран зохион байгуулсан байна. 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлууд” сэдвээр нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд энэхүү хэлэлцүүлгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэл боломж бараг байхгүй, групп сунгалт буюу хөдөлмөрийн чадвар алдалт тогтоох,  дэд бүтэц байхгүйгээс  төрийн болон бусад үйлчилгээг авч чадахгүй байна гэсэн асуудлуудыг гарган тавьж байсан. Тэгвэл зөвлөгөөний үеэр дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж байгаа ажлууд, цаашдын зорилтыг танилцууллаа. Тус хэлтсээс энэ 2013 онд 23 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хувиараа хөдөлмөр эрхлэхэд нь зориулж 20 сая төгрөгийн бага хүүтэй зээлийг олгожээ. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг бий болгоход байгууллага аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд анхаарах хэрэгтэй байгааг дүүргийн Засаг дарга сануулаад энэ ажлыг ЗДТГ-аас эхлэх уриалгыг гаргалаа.

Still1204_00009Багануур дүүргийн хэмжээнд 1148 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 94 хүүхэд амьдарч байгаа гэсэн судалгаа байдаг байна. Энэхүү зөвлөгөөнд 200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний асран хамгаалагч оролцосон бөгөөд энэхүү зөвлөгөөнөөс гарсан санал санаачлага нэг бүрийг баримтжуулан, холбогдох байгууллага, төрийн албан хаагчид хүргүүлэн шийдвэрлэхийг дүүргийн Засаг дарга үүрэг болголоо. “Саад бэрхшээлийг арилгаж, бүх хүмүүсийг нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг нээе” зөвлөгөөнийг зохион байгуулж, гарсан санал санаачлагыг хэрэгжүүлснээр иргэдийн хандлага, харилцаанд эерэг өөрчлөлт гарах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах боломж нэмэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар хороодын  үйл ажиллагаа өргөжин харилцан туршлага солилцох, хамтдаа саад бэрхшээлийг арилгах гарц олоход дөхөм болох юм.

Comments are closed.