ӨМНӨ ГАРСАН ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ШИЙДВЭРЭЭС ХАМТРАН ӨМЧЛӨГЧИЙН НЭР ХАСУУЛАХАД

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар Монгол Улсын иргэн бүр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар нэг удаа үнэгүй өмчлөн авах эрхтэй болсон бөгөөд Та өмнө нь газар өмчлүүлсэн шиидвэрээс хамтран өмчлөгчийн нэр хасуулснаар гэр бүлийн бусад гишүүд газар үнэгүй өмчлөн авах эрхээ хэрэгжүүлэх боломж нь нээгдэх юм.
Өмч, газрын харилцааны албадад өмнө нь гэр бүлийн гишүүдэд газрыг хамтран өмчлүүлэхээр гаргасан Нийслэлийн Засаг даргын шийдвэрээс хамтран өмчлөгчдийн нэр хасах ажиллагаа хийгдэнэ.
Шийдвэрээс хамтран өмчлөгч хасуулах дараалал
1. Хамтран өмчлөгч хасуулах хүсэлтээ тухайн дүүргийн Засаг даргад /дүүргийн Газрын албанд/гаргана.
2. Дүүргийн Өмч, газрын харилцааны алба хүсэлт, материалыг бүрдүүлэн НӨХГазар буюу НЗД-д өргөн барина.
3. НЗД өмнө нь гарсан шийдвэрээс хамтран өмчлөгчийн нэр хасах тухай шийдвэр гаргаж НӨХГ-аас иргэнд уг захирамжийн хуулбарыг олгоно.
4. Иргэн УБЕГазарт хандаж хамтран өмчлөгч хасуулсныг улсын бүртгэлд бүртгүүлснээр гэр бүлийн бусад гишүүд газар үнэгүй өмчлөх эрхтэй болно.
Та хүсэлт гаргахдаа дараах зүйлийг анхаараарай. Үүнд:
1.         Та өргөдлөө дүүргийн Өмч, газрын харилцааны албанд гаргах ба шийдвэр гарсан эсэхийг дүүргийн Өмч, газрын харилцааны албаны өмчлөлийн мэргэжилтнээс лавлаж, шийдвэр гарсан тохиолдолд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын архиваас Нийслэлийн Засаг даргын захирамжийн баталгаат хуулбарыг гаргуулан авна.
2.         Өргөдлийн маягтанд түүнд хавсаргах материалын жагсаалтыг бичсэн байгаа бөгөөд та түүнийг анхааралтай уншиж, материалаа бүрэн бүрдүүлэн дүүргийн Өмч, газрын харилцааны албаны  өмчлөлийн мэргэжилтэнд өгснөөр олон дахин явахгүйгээр шийдвэр гаргуулах боломжтой болно.
3.         Танд өмнө нь газар өмчлүүлсэн шийдвэр, кадастрын зураг байхгүй тохиолдолд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын архиваасшийдвэр, кадастрын зургийн хуулбарыг гаргуулан авах боломжтой. Эдгээр материалыг архиваас олгохдоо зөвхөн газар өмчлөгч, хамтран өмчлөгч, эсвэл тэдгээрийн итгэмжлэл бүхий этгээдэд олгохыг анхаарна уу.
4.         Газар өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээг» өмнө нь газар дундаа өмчилж авсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүд байгуулах бөгөөд гэрээний маягт нотариатын газруудад тараагдсан байгаа.
5.         Тухайн газраа үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллагаар улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваагүй, эсвэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ бусдад шилжүүлсэн /зарсан, бэлэглэсэн/ тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг танаас шаардахгүй.

Comments are closed.