Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв үүд хаалгаа нээлээ

Still1010_00003Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон заалтууд багтсан. Тэр ч үүднээс энэ оны 2 дугаар сард ЖДҮДТ НӨҮГ-ыг Багануур дүүрэгтээ байгуулж, сургалт сурталчилгаа, жижиг дунд бизнес эрхлэгчдийн борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, тэднийг олон нийтэд таниулах чиглэлээр олон ажлууд хийгдсэн. Тэгвэл энэ хүрээнд ЖДҮДТөвийн шинэхэн барилга баригдан үүд хаалга нээлээ. Нээлтийн ёслолд дүүргийн Засаг дарга М.Гончигжав, Засаг даргын орлогч Г.Цамбагарав, ЗДТГ-ын дарга Б.Мөнхбат, Нийслэлийн ЖДҮГазрын дарга  Б.Одгэрэл нар оролцлоо. Энэхүү барилга ашиглалтад орсоноор ажлын байр зайлшгүй шаардлагатай жижиг үйлдвэрүүд ажлын байртай болж байгаа бол ЖДҮДТөвөөс үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэнд бизнесийн сургалт явуулах, зөвлөгөө өгөх, мэдээллийн нэг цэгийн үйлчлэх зэргээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шинээр бизнес эрхлэгчдийг тодорхой хугацаанд төвд бойжуулах, тэдэнд дэмжлэг үзүүлэх замаар зах зээлд гарахад туслах юм.

Still1010_00005Өнөөдрийн байдлаар ЖДҮДТ болон 4 дүгээр хорооны өрхийн үйлдвэрлэлийг дэмжих төвүүд дээр нийт 19 бизнес эрхлэгч бойжиж байна. Эдгээр үйлдвэрлэл эрхлэгчдийн багагүй хувь нь ЖДҮД зээлд хамрагдан, ажлын байраар хангагдаж байна. Дүүргийн ЖДҮДТ нь жижиг үйлдвэрлэгчдийн хөдөлмөрийг хорших замаар бүлэг болгон бүтээгдэхүнийг борлуулах үйл ажиллагааг маш сайн зохион байгуулж байна. Оёдолчдын “Их үйл” хоблоог байгуулсанаар “Багануур дулааны станц” ТӨХК, “Авто жим” НӨҮГ-ын ажилчдын нормын хувцасыг үйлдвэрлэх гэрээг байгуулсан бол жижиг үйлдвэрлэл эрхлэгч н.Цэрэндоржийн “Төгөлдөр” төслийг дэмжин хамтран ажилласнаар тэрээр “Авто жим” НӨҮГ-ын ажилчдын өвлийн нормын гутлыг үйлдвэрлэхээр болоод байна.

Дүүргийн Засаг даргын зүгээс жижиг дунд бизнес эрхлэгчдийг шат бүрт нь дэмжих бодлогыг баримталж байна. Хөнгөлөттэй зээлд хамруулж, үйл ажиллагаагаа явуулах ажлын байраар хангах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, олон нийтэд сурталчилах, байгууллагуудыг дүүргийнхээ үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг худалдан авахад уриалах, тэдэнтэй гэрээг байгуулах боломжийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. Энэ бүхний үр дүн гарч олон ажлын байр нэмэгдэж байна. Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн эхний жилд ийнхүү ЖДҮДТөвийн барилга ашиглалтад орж олон үйлдвэрлэл эрхлэгч ажлын байртай болж байна.

Comments are closed.