Дүүргийн Засаг дарга М.Гончигжав нийт ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж байна

Монголын ахмадын өдөрт

Darga10.Сайн байцгаана уу эрхэм Багануурчууд, хүндэт ахмадуудаа. Олон улсын болон Монголын ахмадын өдөр10-р сарын 1, дүүрэгт ахмадын байгууллага үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан хийсэн, бүтээснээрээ хойч үедээ үлгэр дууриал болсон ахмадууддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монголчууд эрт үеэс ахмад настнууддаа хишиг буян, хайр хүндэтгэлээ үзүүлж үг, сургаалыг  нь сонсож ирсэн сайхан уламжлалтай. Ажил амьдралын арвин их туршлагатай ахмад буурлууд Та бүхэн бол манай нийгмийн хамгийн хүндтэй хүмүүс. Монгол орны залуу хүн бүр ахмадуудаараа цаг ямагт бахархдаг байх ёстой.  Ахмад настнуудынхаа ахуй амьдралыг дээшлүүлэх, сэтгэл санааг өөдрөг сайхан байлгахад чиглэсэн олон ажлыг өнөөгийн төр, засгаас хийж хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд дүүрэг орон нутгийнхаа хэмжээнд Засаг дарга миний бие цаг ямагт анхааран ажиллах болно. Дүүргийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авснаасаа ахмад бууруудад чиглэсэн багагүй ажлыг хийлээ. Дүүргийнхээ ахмадуудад сар шинийн баярыг тохиолдуулан 23,511.500 төгрөгийн хүндэтгэл үзүүлсэн бол 70 гаруй ахмадыг “Хэрлэн” ахмадын амралтад үнэ төлбөргүй амраасан. Мөн харж хандах хүнгүй, ганц бие ахмад настныг улсын асрамжид явууллаа.

Дүүргийн зүгээс ахмадууд та бүхнээ халамжилаад зогсохгүй арвин их туршлага, ажилч хичээнгүй занг тань ашиглан хөдөлмөр эрхлүүлэх чиглэлд ч анхаарч байна. Өнөөдрийн байдлаар Хэрлэн голын эрэг дагуу эко эргүүлээр 6 ахмад настанг ажиллуулж байгаа бол, тун удахгүй 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт малын хулгайгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэн байцаагч 5-ыг ажиллуулахаар болоод байна. 2014 оны хавраас эхлэн дүүргийн хэмжээнд хийгдэх ногоон байгууламжийн ажлын арчилгаа, усалгааг ахмадууддаа хариуцуулан хийлгэхээр төлөвлөж байна. Ийнхүү ахмадууд маань дүүргийнхээ хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах боломж бүрдэж байгаагийн дээр хөдөлмөрөө үнэлүүлэн орлоготой болох боломж бүрдэнэ.

Дүүрэг орон нутгаа хөгжлүүлэх их ажилд ахмад буурлуудын маань оролцоо их байлаа. Багануур дүүрэг “Шууд ардчилал иргэний оролцоо”-ны загвар хот болон хөгжих эх суурь тавигдаж байна. Учир нь Тогос-Уул хэсэгт амьдардаг ахмадын гаргасан өргөдөл, санал дээр үндэслэн дүүргийн төр захиргааны байгууллагаас шийдвэр гарган тухайн хэсгийн цахилгааны асуудлыг 50 сая төгрөг зарцуулан хийж дуусгалаа.

Эх орны маань нийгэм, эдийн засаг түргэн хурдацтай хөгжих сайхан хэтийн төлөв харагдаж буй энэ үед ахмад настнууддаа тавих төр, засгийн анхаарал халамж улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Шинэчлэлийн засгийн газраас “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ чиглэлээр Багануур дүүрэгт маань ажлууд хийгдэнэ. Манай ахмадууд хийж бүтээсэн гээд гар хумхин суудаг хүмүүс биш.  Чадлынхаа хэрээр хөдөлмөрлөж, төр засгийн бодлого, санаачилгыг дэмжин хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мод бут тарьж, амьдарч буй орчноо тохижуулах гээд олон ажлыг зохион байгуулж, өргөн мэдлэг, арвин туршлага, ажлын эв дүй, ур чадвараа өвлүүлэхээр хичээн зүтгэж байдагт төр захиргааны байгууллагын зүгээс машид талархдаг.

Ахмадууд Та бүхэн манай нийгмийн хамгийн идэвхтэй, туршлагатай хэсгийн хувьд дүүрэг орон нутгийнхаа амьдралд буурь суурьтай, цэцэн цэлмэг ухаанаар хандан цаашид ч үнэтэй хувь нэмрээ оруулж байна гэдэгт итгэж байна.

 

Буянт буурлууд Та бүхэндээ аз жаргал, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

Comments Closed

Comments are closed.