Багануур дүүрэг агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүст багтлаа

DSC018912010 оноос эхлэн нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төрлийн ажлууд зохион байгуулагдаж, түлний хэмнэлттэй зуухаар хязгаарлалтын бүсэд багтсан айл өрхүүдийг хангах ажлыг хийсэн. Гэсэн хэдий ч  Багануур дүүрэг агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд багтаагүй гэдэг шалтгаанаар иргэд түлшний хэмнэлттэй төслийн зуухыг авч чадахгүй байсан. Тэгвэл дүүргийн Засаг дарга ажлаа хүлээж авснаасаа хойш дүүргээ агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд хамруулах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн агаарын чанарын алба, “Цэвэр агаар” санд хандсанаар манай дүүрэг хязгаарлалтын бүст багтсан байна. Дүүргийн Засаг дарга ажлын 100 хоногийнхоо тайлангийн үеэр энэ мэдээллийг иргэдэд хүргэж, зуухны танилцуулгыг холбогдох албаны хүмүүс хийсэн байна. Ирэх долоо хоногийн эхээр эхний ээлжийн 1200 зуухны захиалгыг хороодоор дамжуулан авахаар төлөвлөж байна. Эхний ээлжинд 1200 зуух гэж байгаа боловч ирэх өвлөөс урьтаж дүүргийнхээ гэр хорооллын өрхийг бүхэлд нь түлшний хэмнэлттэй зуухаар хангахаар төлөвлөж байна. Эдгээр зуухыг худалдан борлуулах иргэдэд хүргэх ажлыг дүүргийн тавдугаар хорооны ажлын албаны байранд 4-р сарын 23-наас эхлэн зохион байгуулах бөгөөд зуухны захиалга өгөх иргэдийн тоонд хязгаарлалт тавихгүй, хамгийн гол нь иргэн та өөрийн оршин суугаа хаягтаа байнга амьдардаг байх шаардлагыг тавьж байгаа юм байна.

Багануур дүүрэгт “Роял өүшн”, “Хүрд” компаниудын үйлдвэрлэж байгаа усан халаалтын нам даралтын зуух болон энгийн монгол гэрийн зориулалттай зуухуудыг нийлүүлэх бөгөөд эдгээр зуух нь түлшийг 30 хүртэл хувиар бага зарлцуулдаг аж. Иргэд та бүхэн түлшний хэмнэлттэй зуухыг авахдаа одоо хэрэглэж байгаа уламжлалт зуухаа заавал хураалгана, зуухаа хураалгахаас татгалзсан тохиолдолд сайжруулсан зуух олгохгүй юм байна. Иргэд та бүхэн хямд үнээр авсан зуухаа зориулалтын дагуу хэрэглэхийг анхааруулж байна. Дамлан худалдаалсан, бусдад шилжүүлсэн тохиолдолд хуулийн байгууллагаар шалгуулж, Засгийн газрын нөхөн олговорын мөнгийг буцаан төлүүлэх юм байна.

 

Comments Closed

Comments are closed.