ХАМТЫН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ОРОЛДЛОГО” ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Дүүргийн төр захиргааны байгууллагын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоог сайжруулах, тэдэнд зориулсан дэд бүтцийн болон үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг өөрчлөх, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Mongolian try-2019” хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын нөлөөллийн үйл ажиллагаанд нэгдэж, үүний хүрээнд “Бид нэг дүүргийнхэн” өдөрлөг, “Хамтын хичээл зүтгэл оролдлого” дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөгөөнийг 6 дугаар сарын 23-24 өдрүүдэд зохион байгууллаа.

Өдөрлөгийг Ахмадын амралт дээр 6 дугаар сарын 23-нд зохион байгуулж, дүүргийн удирдлагууд хороодын хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдний асран хамгаалагч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн төлөөлөл 50 гаруй хүн, “Mongolian try-2019” нөлөөллийн үйл ажиллагаанд оролцогчид нийт 100 гаруй хүн хамрагдлаа. Өдөрлөгт оролцож байгаа нийт хүмүүсийг Эрүүл мэнд, спортын, ярилцлага, завьны аялал гэсэн 4 өртөөгөөр аялуулсан. Үйл ажиллагааг зохион байгуулахад ЭМТ, ОБХ-ийн хамт олон дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа.

6 дугаар сарын 24-ний өдөр “Хамтын хичээл зүтгэл оролдлого” дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөгөөнийг дүүргийн 5-н хорооны хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдний асран хамгаалагч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн төлөөллийг хамруулан 200 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа. Зөвлөгөөнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Жайка олон улсын байгууллагаас урилгаар албаны хүмүүс оролцож, тус байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, хуулийн хэрэгжилт, бусад улс орны сайн туршлагын талаар дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илтгэл тавилаа. Мөн “Mongolian try-2019” нөлөөллийн үйл ажиллагааны багийн ахлагч, дүүргийн ХХҮХ, НДХ-үүдийн мэдээллүүд болон дүүргийн төр захиргааны байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар хийж хэрэгжүүлж байгаа ажлыг танилцуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал хүсэлтийг сонсож, зөвлөгөөнөөс уриалга гарган, дүүргийн бүх байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэхээр болсон.

Leave a Reply