Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс өнөөдөр Багануур дүүрэгт ажиллалаа.

 

Эхлээд “Багануур” хувьцаат компанийн үйл ажиллагаатай танилцаж удирдлагууд, ажилчидтай уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр БНХК-ийн захирал Э.Номинчулуун уурхайн талаар мэдээлэл хийсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Багануурын уурхай бол улсын гал голомт болсон газар. Бид өнөөдөр танай уурхайд ажиллаж байгаа нь өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс базааж бэлтгэх ёстой хэмээж, Багануурын уурхайн тулгамдаж буй асуудлуудыг шийдэж өгөхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт үүрэг болголоо.

Дараагаар дүүргийн төрийн албан хаагчидтай уулзалт хийж эхэнд НИТХ-ын Төлөөлөгч дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир дүүргийн талаарх товч танилцуулга мэдээллийг хийсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх дүүргийн төрийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдад хандан “Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, сахилга бат, дэг журмыг чандлан сахин, эрхэлсэн ажилдаа сэтгэл, зүтгэлтэй ажиллахыг хүслээ.

Үүний дараагаар Ерөнхий сайд албаны хүмүүсийн хамтаар дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль, 139 дүгээр Цэцэрлэг болон Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, спорт цогцолбор барих болон 139 дүгээр цэцэрлэгт шаардагдах их засварт шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар болов.

Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвд компьютер томографын аппарат авах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахыг салбарын сайдад үүрэг болгон ажиллалаа.

Ерөнхий сайд болон албаны хүмүүс дараа нь Багануур дүүргийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөв, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зорилтын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлуудыг шийдэж өгөх, анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Leave a Reply