ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН БАГАНУУР ОРОН НУТГИЙН ХӨТӨЛБӨР НЬ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын санаачлан хэрэгжүүлж буй “ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗОГСООХОД ДЭЛХИЙН НИЙТЭЭРЭЭ НЭГДЭЕ” аян илүү өргөжин Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 1 сарын “Зөв тусгал” аяныг зохион байгуулахаар болсон бөгөөд энэ аяны хүрээнд иргэдэд аяны талаарх мэдээ мэдээллийг нээлттэй, ил тод байдлаар хүргэлээ.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг нээж Багануур дүүргийн Засаг дарга Ц. Сандаг-Очир үг хэлсэн бөгөөд ДЗМОУБ Багануур Орон Нутгийн Хөтөлбөр бол хүүхэд хамгааллын асуудалд хамтран ажиллах нэн тэргүүний байгууллага гэдгийг онцоллоо.

ДЗМОУБ Багануур ОНХ нь Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр, Хүүхэд хамгаалал, Өрхийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр гэсэн 3 техник хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

“Өрхийн амьжиргааг дээшлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн иргэдэд жил бүр хороодоос ирүүлсэн хүсэлтийн дагуу орон нутгийн шаардлагатай өрхүүдэд Иж бүрэн 5 ханатай гэр бэлэглэдэг. Энэ жилийн хувьд нэн шаардлагатай 5 өрх буюу 1-р хорооны иргэн П. Дарамбазар, 2-р хорооны иргэн Д. Ганчимэг, 3-р хорооны иргэн Д. Цэвэлмаа, 4-р хорооны иргэн С. Алтандөш, 5-р хорооны иргэн Ж. Пүрэвхүү нарт 5 ханатай гэр гардуулан өглөө.

“Өрхийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд “Төгсөлтийн аргачлал”-д өнөөдрийн байдлаар 150 өрх хамрагдаж байгаагаас 80 өрх нь өрхдөө хэрэгцээт тоног төхөөрөмжөө хүлээн авч үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд 1 өрхөд 1,300,000 төгрөгийн тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн юм.

“Гамшигт тэсвэртэй хот” төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 3-р хорооны “Иргэний танхим”-ыг Багануур Орон нутгийн хөтөлбөрийн зүгээс 6,500,000 төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэлээ.

“Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр” жил бүр жижиг төсөл хүлээн авдаг бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд энэ жил 7 жижиг төсөл дэмжигдэж нийт 51,000,000 төгрөгийн эд хөрөнгийн буцалтгүй тусламжийг мөн өдөрлөгийн үеэр гардуулан өглөө.

Leave a Reply