ДҮҮРГИЙН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАДААС ШАЛГАРСАН 225 БАГШ, СУРАГЧ НИЙСЛЭЛИЙН ОЛИМПИАДАД ОРОЛЦОЖ БАЙНА.

 

“Оюунлаг хүүхэд” дэд хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 02 дугаар сарын 15-наас 03 дугаар сарын 27-ны хооронд сурагчдын суралцахуйн чадамж, сургалтын чанарыг дээшлүүлэх, шинжлэх ухааныг сонирхон судлах сурагчдын тоог нэмэгдүүлэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, багшийн хөгжлийг дэмжих, нийслэл, улсын төрөлжсөн олимпиадад оролцох багш, сурагчдыг шалгаруулах, дараа шатны олимпиадад амжилттай бэлтгэх зорилгоор зохион байгуулагдлаа.

2018-2019 оны хичээлийн жилийн дүүргийн төрөлжсөн олимпиад 13 хичээлийн 63 ангилалд 976 сурагч, 11 хичээлийн 13 ангилалд 152 багш, нийт 1128 багш, сурагч 190 багц медалийн төлөө оюун, ур чадвараа сорилоо. Шагнал гардуулах үйл ажиллагаанд дүүргийн төр захиргааны байгууллын удирдлагууд оролцлоо.

Шавь нараа амжилттай бэлтгэсэн Боловсрол цогцолбор сургуулийн МХБУЗ-ын багш Я.Идэрмөнх, Гүн галуутай цогцолбор сургуулийн ТНУ-ы багш С.Ариунцэцэг, газарзүйн багш О.Содончимэг нарыг ивээн тэтгэгч байгууллага Багануур дулааны станц ТӨХК-ий нэрэмжит шагнал Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

Дүүргийн төрөлжсөн олимпиадаас шалгарсан 225 багш, сурагч нийслэлийн олимпиадад оролцож байна. 2019 оны 03 дугаар сарын 25-наас эхэлсэн нийслэлийн төрөлжсөн олимпиадын 8 хичээлийн ангилалд 32 багш, сурагч 1,2,3, тусгай байр эзэлснээс 15 багш, сурагч Улсын олимпиадад оролцох эрх аваад байна.

Н.Ганбаатар даргатай “Багануур дулааны станц” ТӨХК-ий хамт олон байгууллагынхаа 40 жилийн ойг угтан дүүргийн төрөлжсөн олимпиадыг ивээн тэтгэж, санхүүгийн дэмжлэг үзүүлж, багш, сурагчдын амжилтыг урамшууллаа.

Н.Ганбаатар даргатай Багануур дулааны станц ТӨХК-ий хамт олонд нийт багш, сурагчдынхаа өмнөөс баярлаж, талархсанаа илэрхийлье.