Төрийн албыг арын хаалгагүй, авилгагүй, хүнд сурталгүй болгоно

Darga1Дүүрэг маань шинэ Засаг даргатай болоод 100 хонож байна. Энэ хугацаанд шинэ бүтэц бүрэлдэхүүн ямар ажлыг хийж амжуулсан бол гэдэг иргэн бүхэнд хамааралтай асуудал. Тийм ч учраас бид дугаарынхаа зочноор дүүргийн Засаг дарга М.Гончигжавыг урьж цөөн хором ярилцлаа. Дүүргийн хөгжил дэвшил гэдэг удирдлагаас хамааралтай. Тиймдээ ч Засаг дарга, Засаг даргын тамгын газрын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлаа жилдээ нэг удаа тайлагнах бус 100 хоногоор иргэддээ тайлагнах, үүнтэй холбоотойгоор санаа бодлыг нь сонсох ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Ингээд олон зүйлийг гуршилгүйгээр ярилцлагаа та бүхэндээ хүргэе.

–          Ажлаа хүлээж аваад 100 хонож байна. Энэ хугацаанд та юу хийж амжуулав?

–          Юуны өмнө Багануур дүүргийнхээ нийт ард иргэдэд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Дүүргийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авснаас хойш өнөөдөр 100 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд өөрийн санаж сэдсэн, хийсэн зүйл нэлээд байна. Иргэдийн ирүүлж байгаа санал хүсэлт бол миний хийх ёстой ажил гэж үздэг. Дүүргийн өнгө төрх өөдрөг, иргэд нь ажилтай орлоготой, амьдрах нөхцөл нь ая тухтай байх нь ганц төрийн байгууллага, Засаг даргын асуудал биш. Үүнд иргэн нэг бүрийн санал санаачлага чухал. Тиймдээ ч иргэдийнхээ санал бодлыг сонсох, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах төвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд багагүй анхаарч саналын хайрцгаас эхлээд цахим хэлбэрээр санал хүсэлт, хөгжлийн тухай иргэний саналыг хүлээн авсаар байна. Түүгээр ч зогсохгүй иргэдийнхээ ирүүлсэн санал, гомдол нэг бүртэй биечлэн танилцаж, тухайн иргэний санал хэрхэн шийдвэрлэгдсэн талаар хариу захиаг илгээж байгаа. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн талаар мэдээллийг ил тод хүргэхээс гадна дүүргийн албан ёсны цахим хуудсын үйл ажиллагааг сайжруулж, иргэдээс сэтгэгдэл авдаг болгосон. Иргэн хүн төрдөө ямар их үнэтэй баялаг байдгийг, түүний санал санаачлага яг амьдрал дээрээс урган гарсан учраас заавал анхаарал хандуулан авч үзэх ёстой чухал асуудал гэдгийг ойлгох учиртай гэж би боддог. Дүүргийнхээ хөгжлийн төлөө сэтгэлээ чилээж санаа бодлоо харамгүй ирүүлж байгаа, өөрт тулгамдаж байгаа бэрхшээлээ яана даа гээд зүгээр суухгүй ажил хэрэг болгохын төлөө төр захиргаандаа хандаж байгаа иргэддээ талархаж байгаагаа энэ дашрамд хэлье. Мөн иргэдийн өмнө тулгамдаж байгаа ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр ажлын шинэ бүтэц шинэ менежментийг нэвтрүүлээд байна. Иргэдийн ажил орлоготой болгохын тулд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийг хувиараа үйлдвэрлэл эрхлэх боломжийг бүрдүүлэх үүднээс Хөдөлмөрийн хэлтэс, ЖДҮДТөвийг байгуулсан. Эдгээр байгууллагууд маань өнөөдөр суурь судалгаа, төлөвлөгөө, хөтөлбөрөө гаргачихсан ажилдаа ханцуй шамлан орсон. Иргэд ажилгүй, орлогогүй байна гэдэг тухайн орон нутгийн удирдлагын менежментээс шууд хамаарах асуудал гэж ойлгодог.

–          Тэгвэл энэ хугацаанд хэдэн хүн ажлын байртай болсон бэ?

–          Иргэдийг ажилтай орлоготой болгоно гэдгийг шууд л шинэ ажлын байр бий болгоод оруулаад байна гэж ойлгох нь учир дутагдалтай. Ирэх жилүүдэд Багануур дүүрэг жижиг дунд үйлдвэрлэлийн загвар хот болно гэж бодож байгаа. Монголоос Солонгосыг зорьж байгаа ажиллах хүч тэнд очоод томоохон үйлдвэрүүдэд бүгдээрээ ажлаад байна уу гэвэл үгүй. Монголчууд Солонгосын жижиг дунд үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Тэгвэл бид иргэдээ Солонгос руу ажиллуулахаар явуулах биш, дүүрэгтээ жижиг дунд үйлдвэрлэлээ эрхлээд, багахан ч орлогын эх үүсвэртэй бизнестэй болоход нь дэмжих чиглэлд анхаарч байгаа. Ялангуяа баялгийг бүтээж байгаа үйлдвэрлэгчдийг дэмжинэ. Дүүргийн нийт хөдөлмөрийн насны хүмүүсийн талаас илүү хувийг нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэдэг болгоно. Үүний хүрээнд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжийг төлбөрийн дарамтгүй болгохоор ажиллаж байна. Мөн “Багануур” ХК-тай хамтран ажиллаж ЖДҮ эрхлэгчдийнхээ үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг тус компанид нийлүүлэхэд анхааран ажиллана. Ажлын хувцас, бээлийнээс эхлээд гаднаас худалдаж авдаг олон зүйлийг дүүргээсээ нийлүүлдэг болно. Өнгөрөгч гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 01-ны хооронд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй иргэдийн бага хүүтэй зээлд хамруулахаар төслийг нь хүлээж авсан. Төслийг сонгон шалгаруулаад санхүүжилтийг нь олгоод эхлэхэд л олон хүний амьдрал босоод л ирнэ. Иргэд маань хөдөлмөр эрхлэх гэсэн ямар их чин эрмэлзлэлтэй байна вэ? 100 хоногийн хугацаанд уулзсан хүн бүрийн амнаас шинэ санаа цухалзаж байна. Мэдээж хөдөлмөрийн хэлтсээр дамжуулаад ажилд зуучлуулж ажилд орж байгаа иргэн байгаа. Энэ хугацаанд 56 иргэн баталгаатай, байнгын ажлын байранд зуучлуулсан гэсэн тоо баримт байна. 1-3-р сар гэдэг бүтээн байгуулалт хийдэг улирал биш л дээ. Бэлтгэлээ хангаж, төлөвлөгөө судалгаагаа гаргачихдаг үе. Одоо бэлтгэл хангагдсан. Торох тээглэх юмгүй ажлаа эхлэхэд олон асуудлын эх суурь тавигдаж, цаашдынх нь хөгжлийн хандлага харагдчихна гэж бодож байгаа.

–          Цаашдын хөгжил гэснээс Багануур дүүргийн хэт ирээдүйг та хэрхэн харж байна вэ? Уурхайн хот уу, оюуны хот уу?

–          Багануур дүүрэг 30 гаруй жилийнхээ түүхэнд хөгжлийн хөтөлбөр, чиг хандлагаа тодорхойлоогүй. Уурхайн хот гэх боловч уурхай маань өнөөдөр дүүргээ чирээд хөгжүүлж чадахгүй л байна шүү дээ. 2010 оноос хойш их сургуулиудын хотхон баригдана, оюуны хот болно гэж ярьж байгаа хэдий ч энэ бол нэлээд урт хугацаа шаардсан ажил учраас тэр болтол бид зүгээр суугаад байж болохгүй. Тийм ч учраас Багануур дүүргийг хөгжүүлэх хөтөлбөр, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох тэргүүлэх чиглэлээр тодорхой болгох хэрэгтэй байгаа юм. Энэ хүрээнд миний бие ССАЖЯаманд хандсан. Багануур дүүрэгт аялал жуулчлалыг хөгжүүлэх ямар боломж байна. Дүүргийн төр захиргааны байгууллагаас хамааралтай асуудал байгаа бол бид шийдвэрлээд хамтран ажиллая гэсэн хүсэлт гаргасан. Энэ саналыг маань ССАЖЯамнаас маш уриалгахан хүлээн авч, сайд Ц.Оюунгэрэл хамтран ажиллахаар болж бидэнтэй уулзсан. Багануур дүүрэгт аялал жуулчлалыг хөгжүүлэх хэд хэдэн боломж байна. АНУ-ын хөрөнгө оруулалтаар кино зураг авалтын цогцолбор байгуулах, дүүрэгт амьдарч байгаа ховор шувуу, өвс ургамлыг шинжлэх ухаан, танин мэдэхүйн үүднээс судлуулах чиглэлээр аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байна. Би ССАЖЯ-ны сайдтай уулзсаныхаа дараа энэ чиглэлээр нэлээд судалгааг хийж үзсэн. Гадаадын жуулчдын ихээр сонирхдог цэн тогоруу манай Багануурт байна. Бидэнд асар их боломж байсан. Одоо ч байгаа. Энэ боломжийг ашиглаж чадаагүйд нь харамсаад барахгүй байгаа ч энэ цаг үеэс эхлэн хэрэгжүүлж дүүргээ хөгжүүлнэ гэсэн итгэл байна. Эдгээрийг хэзээнээс хэрхэн яаж хийх нь цаг хугацааны асуудал. Бид ойрын хугацаанд хийнэ.

–          Таны хувьд бодож санаж байгаа, хийж хэрэгжүүлж байгаа ажлууд багагүй байна. Энэ бүхнээ ажил хэрэг болгоход баримталж байгаа зарчим тань?

–          Өөрийн ажил хэрэгтээ хэд хэдэн зарчмыг баримталж байна. Юуны түрүүнд төрийн албыг арын хаалгагүй, авлигагүй, хүнд сурталгүй болгоно. Энэ чиглэлийн ажлуудаа хийж эхлээд байна. Авлигад хамгийн ихээр өртдөг газрын харилцааны чиглэлээр дүүргийн Засаг даргаас болон Өмч газрын харицааны албанаас гарч байгаа шийдвэр бүрийг иргэдэд ил тод болгох, мөн өмнөх жилүүдэд газартай холбоотой гарсан шийдвэрийн талаарх мэдээллийг ил тод болгох чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Үүний хүрээнд Засаг даргын зөвлөх Б.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. “Газар бидний баялаг” аяныг гурван сарын хугацаатайгаар зарлаж, бичиг баримтын зөрчлийг арилгуулахаар болсон. Газар бол хэдэн дарга нарын ханцуйдаа наймаалцдаг зүйл биш иргэдийн маань баялаг шүү дээ. Мөн “Авилгыг би өгөхгүй, авахгүй” гэсэн чимээгүй мэдээллийг ЗДТГ, дэргэдэх хэлтэс албадын ажилтан албан хаагчдын өрөөний үүдэнд байрлуулсан. Төрийн алба гэдэг мөнгө олох, хэн нэгэнд даргархаж томрох орон зай биш. Тийм учраас төрийн албыг арын хаалгагүй, авлигагүй, хүнд сурталгүй болгоно гэсэн зорилтыг тавьж байна. Хоёрдугаарт Багануур дүүргийн “Шууд ардчилал иргэдийн оролцоо”-ны загвар хот болгоно. Энэ хүрээнд иргэдээс төрөл бүрийн аргаар санал хүсэлтийг нь авах, буцааж хариу захидал илгээх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл хийх хуваарь, “Иргэний танхим”-д хэлэлцүүлэг хийх хуваариудыг гаргасан.

–          Сүхбаатар аймагт болсон гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх чиглэлээр зохион байгуулагдсан чуулга уулзалт, семинарт оролцоод ирснийхээ дараа та “Бидэнд боломж байсан. Шинээр сэдэж чаддаггүй юм гэхэд хуулбарлах хэрэгтэй байлаа” гэж хэлж байсан.

–          Сүхбаатар аймагт очоод манай дүүрэгт энэ ажлыг хийх ямар олон боломж байсан юм бэ гэж бодоод харамсах сэтгэл төрж байсан. Үүний үэрэгцээ ямар их боломж байгааг ч олж харсан. Намайг хүмүүс хот хүрээ их явж байна гэсэн шүүмжлэл нэг хэсэг гарсан. Даргын ширээний ард лаглайж суугаад ажлыг хийнэ гэвэл худлаа. Туршлагыг нүдээр харж, түүнийг дүүрэг орон нутгийнхаа хөрсөн дээр яаж буулгах вэ гэдгийг бодож боловсруулах учиртай. Тиймдээ ч би Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГазарт хандан гэр хорооллыг дахин төлөвлөх чиглэлд манай дүүрэгт таван тэрбум төгрөгийг энэ онд олгож өгөхийг хүссэн юм. Нийслэлийн дүүргүүдээс хамгийн түрүүн энэ саналыг гаргаж хөөцөлдөж чадсан. Тиймдээ ч манай дүүрэгт тав биш арван тэрбум төгрөгийг гаргаж өгөхөөр болсон гэсэн сайхан хариу аваад байгаа. Хүн санаж сэдээд, зорьсон ажилдаа зорьж байхад саад бэрхшээл тохиолдох хэдий ч бүтдэг юм байна.  Багануур дүүргийнхээ иргэдийг утаа униаргүй, тав тухтай орчинд амьдруулахаар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. Эдгээр ажлуудыг маань иргэд ч их дэмжиж байгаад баяртай байна. Бид гэр хорооллыг дахин төлөвлөх, гэр хороололд дэд бүтцийг аваачих чиглэлд энэ жил арван тэрбум төгрөгийг зарцуулна. Энэ бага мөнгө биш. Гэхдээ бүх асуудлыг шийдвэрлэчих хэмжээнийх ч бас биш. Гэхдээ боломжийг алдахгүйгээр ажлаа эхлүүлчихнэ гэж бодож байгаа.

–          Гэр хорооллыг дахин төлөвлөх, инженерийн шугам сүлжээг аваачина гэдэг нэг өдөр хийгдчих ажил биш байх л даа. Гэхдээ л утааг бууруулах чиглэлээр төслийн зуухыг эхний ээлжинд иргэдэд хүргэж болохгүй юм уу? Түлшний хэмнэлттэй төслийн зуухыг иргэд маань авах сонирхол ихтэй байдаг?

–          Багануур дүүрэг агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд багтаагүй гэдэг шалтгаанаар манай дүүргийн иргэд түлшний хэмнэлттэй төслийн зуухыг авч чадахгүй байсан. Багануур болон Налайх дүүргийн агаарын бохирдлын хэмжээг судлаад үзэхээр Багануур бохирдол ихтэй гарсан байдаг. Тэгсэн хэрнээ Налайх агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд хамаарчихсан. Иргэд нь зуухаа хямд үнээр авчих боломж бүрдчихсэн байх жишээтэй. Налайх дүүргийн удирдлагууд овсгоо самбаатай, иргэдийнхээ төлөө санаа тавиад 2,3 жилийн өмнөөс хөөцөлдчихсөн байхад манай дүүрэг өнгөрсөн жил саналаа гаргаагүй байсан юм билээ. Харин ажлаа хүлээж авснаасаа хойш энэ асуудлыг хөөцөлдөж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн агаарын чанарын алба, “Цэвэр агаар” санд хандсанаар манай дүүрэг хязгаарлалтын бүст багтаж, одоо эхний ээлжийн 1200 зуух эзэндээ очиход бэлэн болоод байна. Ямар нэгэн мөнгө төгрөг шаардахгүй, сэтгэл зүтгэл гаргачихад бүтчихдэг ажлууд байна. Аль эрт энэ зуухнууд эзэндээ хүрэх байсан ч сэтгэл дутаснаас энэ ажил хойш тавигдсан байжээ. Харин одоо бол боломж бүрдсэн.

–          Та ярианыхаа эхэнд “Иргэдийн оролцоог бүх түвшинд гаргахын тулд санал, гомдлыг нь боломжтой бүх сувгаар авч байгаа” гэж. Иргэдийн саналын дагуу ажил зохион байгуулаад тодорхой үр дүнд хүрсэн жишээ байна уу?

–          Иргэдээс гарч байгаа санал санаачлага бүхэн ажил хэрэг болдог. Хөрснөөсөө ургаж гарч ирсэн асуудал бүхэн үр дүн авчирдаг. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс хийсэн ажлуудын маань нэг нь хэлэлцүүлэг. “Архигүй оюунлаг Багануур” хэлэлцүүлгийг “Иргэний танхим”-д хийсэн. Иргэд маань архитай холбоотой асуудлыг бууруулах ямар ямар гарц байгааг өөр өөрийнхөө бодол санаагаар хэлсэн. Архитай холбоотой олон олон таагүй баримт байдаг ч тэр бүр хүмүүс мэддэггүй. Нэг жишээ хэлье л дээ. Дүүрэгт бүртгэгдсэн тоогоор архидан согтуурахтай холбоотойгоор бэлгийн хүчирхийлэлд өртсөн найман охин байна. Бүртгэгдээгүй хэд нуугдаж байгааг бид мэдэхгүй. Цагдаа эрүүлжүүлээд, эмнэлгийн сэтгэцийн эмч зөвлөгөө өгөөд явж байгаа ч дүүргийн хэмжээнд нэгдсэн бодлого байдаггүй. Бид иргэдээсээ асууж, иргэдийнхээ гаргасан зүйлийг ажил хэрэг болгочиход л асуудал шийдэгдээд явчих боломж байгааг энэ хэлэлцүүлгээс харж болохоор байлаа. Хэлэлцүүлгээс иргэд маань архигүйгээр  чөлөөт цагийг өнгөрөөдөг газар байгуулах, архины эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ууд үйл ажиллагаагаа нэгтгэх, тэдний үйл ажиллагааг дүүргээс дэмждэг байх, архинд орчихсон хойно нь биш урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах гээд олон олон санаачлагыг гаргаж, хэлэлцүүлт оролцсон иргэд маань Багануураа архигүй дүүрэг болгох уриалга гаргаад байна. Дүүргийн хөгжил иргэн бүрээс хамааралтай гэж би дээр хэлсэн. Тийм ч учраас “Танд хүргэх билний үг” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, хүүхдүүдээс гарсан санал, хүсэлтүүдийг шийдвэрлэх тал дээр анхааран ажиллаж байгаа. Хүүхдүүд маань биднээс шударга байхыг шаардаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн олимдиад хүртэл хуудуутай явагддаг болсныг хэлэлцүүлэгт оролцсон хүүхдүүд хэлж байсан. Ямар нэгэн уулзалт хэлэцүүлэг боллоо гэхэд тодорхой үр дүн гарах ёстой. Зүгээр сонсоод өнгөрдөг хэлэлцүүлгийг зохион байгуулаад ч байх шаардлагагүй. Хүүхдүүдийн саналын мөрөөр ажлууд хийгдэж байгаа. Саналаа ирүүлсэн хүүхдүүдэд хаягаар нь утасдаж, эсвэл захидал бичиж хариуг нь мэдэгдсэн асуудлууд байгаа.

–          Ер нь иргэдэд хэрэгтэй, “чихэнд чимэгтэй” шийдвэрүүд гардаг ч тэр нь цаасан дээрээ зэврээд үлддэг үзэгдэл өнөөгийн нийгэмд байгаа шүү дээ…

–          Багануурын засаглалыг хүчтэй болгоно. Хүчтэй засаглал гэдэг бол гаргасан шийдвэр бүрийнхээ араас хяналт тавьж, хаа нэг газар гацчихвал асуулыг тодруулж заавал ажил хэрэг болгохыг хэлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг даргын шуурхай хуралдааныг шинэ менеэментээр хийж, Засаг даргын гаргасан тогтоол шийдвэр, захирамжийн биелэлтийг нээлттэйгээр танилцуулдаг болсон. Засаг даргын бүхий л захирамж тушаал шийдвэр дүүргийн албан ёсны цахим хуудсанд байршиж байгаа учраас иргэд маань тэндээс хараад ам ажил хоёр хэр зөрүүтэй байгааг харж болно. Бид ажлаа хүлээн авсан цагаас эхлэн ханцуй шамлан зүтгэж байна. Нэг их том биш ч иргэдийн сэтгэлд нийцсэн ажлыг тодорхой хэмжээнд хийж чадсан. Мөн тэдний санал бодлыг сонсож, шийдвэр гаргах түвшинд ажилласан. Гэхдээ жинхэнэ үнэн зөв үнэлэлтийг иргэд л өгдөг шүү дээ. Цаашид илүү их зорилго тавина.

–          Бидэнтэй цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

–          Ярианыхаа төгсгөлд Багануурчууд та бүхнээсээ нэг зүйлийг хүсэх байна. Дүүргийнхээ хөгжлийн төлөө санал санаачлагаа бидэнд ирүүлээрэй. Өргөдөл гомдол хүлээж авна гэхээр “Ажилд оруулж өгөөч”, “Гэр өгөөч” гэсэн хүсэлтүүд их байх юм. Харин одооноос эхлээд бүгдээрээ дүүрэг орон нутгаа ингэж хөгжүүлье, миний энэ санаа, төслийг дэмжиж өгөөч гэсэн хөгжлийн өргөдөл, хөгжлийн санааг бид хүлээн авна. Эрхэм Багануурчууд та бүхэн минь өөрийн амьдарч байгаа дүүргээ хэрхэн хөгжүүлэх талаарх хөгжлийн санаагаа бидэнд ирүүлж хамтран ажиллаарай. Та бүхний минь ажил үйлс нь өөдрөг байхын ерөөлийг дэвшүүлье.

Comments are closed.