Бид Баганууртаа ажиллана

XXАлс хол гэр орноосоо хол хань ижил үр хүүхдээ санагалзан солонгосыг зорьдог байсан үеийг түүх болгон санах үе ойрхон байна. Сардаа сая төгрөгний цалинг мэргэжилтэй ажилтан монголдоо авч чадаж байгаа. Тэгвэл Баганууртаа ингэж хөдөлмөрөө үнэлүүлэх цаг ирээд байна. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 36-р тогтоол, Хөдөлмөрийн яамны сайдын А/24 тоот тушаалаар Багануур дүүргийн хөдөмөрийн хэлтэс энэ оны нэгдүгээр сарын 01-нд байгуулагдан гурван алба, 18 хүний бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Юуны түрүүнд ажилгүй иргэдийг тогтвор суурьшилтай ажлын байраар хангах үүднээс байгууллага аж ахуйн нэгжийн захиалгаар ажилгүй иргэдийг сургалтанд хамруулж дөрвөн талын гэрээгээр ажилд зуучлан оруулж байна. Ойрын ганцхан жишээ хэлье. Хөдөлмөрийн хэлтэс байгуулагдсаныхаа дараа дүүргийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээний судалгааг хийж, аль чиглэлд мэргэжилтэй ажилтан түлхүү бэлтгэх шаардлагатай байгааг тодорхойлсон аж. Энэ судалгаагаар барилга, уул уурхайн салбар тэргүүлэх чиглэлийг эзэлж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор дүүрэгт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа “Тулга проспект” компанийн захиалгаар барилгын өрлөгчний сургалтанд 25 иргэн хамруулсан байна. Эдгээр иргэдийг сургахдаа “Төгс ариун ирээдүй” мэргэжлийн сургалтын байгууллага, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, “Тулга” компани, суралцагт хамтран дөрвөлсөн гэрээ байгуулж сургалтанд хамрагдаж төгссөнийхөө дараа байнгын тогтвортой ажлын байраар шууд хангагдан сардаа 300,000 дээш төгрөгийн цалинтай боллоо. Хэрвээ тухайн ажилтан мэргэжлийн хувьд ур чадвара харуулан тогтвортой ажиллавал 600,000 төгрөгийн цалин авах боломж ойрхон байгаа гэдгийг “Тулга” компанийн гүйцэтгэх захирал н.Гансүх хэлж байсан юм.

Аливаа нэг зүйл иргэдийн өөрсдийнх нь хэрэгцээнд тулгуурласан байж гэмээнэ амжилт ололт авчирдаг. Тэр ч үүднээсээ ажилгүй иргэдийг зүгээр л сургалтанд хамруулаад орхих биш тухайн иргэнд ямар хэрэгцээ байна, нөгөө талаасаа ажил олгочид ямар боловсон хүчин хэрэгтэй байна гэдгийн судлан тэднийг холбох гүүр болон ажиллаж байгаагаараа шинээр байгуулагдсан Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагаа онцлогтой юм. Иргэдийн өөрсдийнх нь хэрэгцээнд тулгуурлан ур чадвар эзэмшүүлэн хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор“Уламжлалт уран үйл” сургалтын байгуллагатай гурвалсан гэрээний дагуу 25 иргэнийг оёдол эсгүүрийн сургалтанд хамруулан сургаж эхлээд байна.

Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааны чиглэлд хөдөлмөрт бэлтгэхээс эхлээд сургалтанд хамруулах, ажил олгогчийг дэмжих хөтөлбөрүүд багтаж байгаагаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 40-өөс дээш болон ахмад насны иргэд гээд ажлын байр ховор олддог иргэд рүү чиглэсэн хөтөлбөр үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар дүүргийн хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэн 400 гаруй байгаа бөгөөд энэ он гарсаар 56 иргэнийг тогтвортой ажлын байранд зуучлаад байна. Үүний зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийн албанаас иргэдэд мэдээллийг түргэн шуурхай, олон эх сурвалжаас хүргэх үүднээс Монгол орны 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд ямар ажлын байр сул чөлөөтэй байгааг мэдэж болох электрон самбарыг ашиглалтанд оруулаад байгаа юм. Иргэд та бүхэн Хөдөлмөрийн хэлтсийн байранд барлах энэхүү самбараас ажлын байрны чиглэл, нас, хүйс гээд тодорхой мэдээллийг дагуу хайлт хийн хүссэн ажлын байраа олох боломжтой юм. Тэр ч бүү хэл утас, хаяг нь хормын төдий хэвлэгдэнэ. Технологийн дэвшлийг ашиглан иргэдэд мэдээлэл хүргэж, үүнтэй холбоотойгоор зөвлөгөө сургалтаар ч бас хангах цогцо үйлчилгээг үзүүлж байна.

Comments are closed.